Ирэх онд нүүрсний экспортыг 83.3 сая тоннд хүргэнэ
Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Уг төсөлд нүүрсний экспортыг 83.3 сая тоннд хүргэхээр тооцжээ.
Боомтын үйл ажиллагааг цахимжуулж, хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоог нэмж, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг сайжруулах зэрэг арга хэмжээг авснаар дээрх зорилтод хүрнэ гэж тооцсон байна.
Монгол Улс 2023 онд 66.7 сая тонн нүүрс экспортолсноор түүхэн амжилт тогтоосон. Тэгвэл энэ онд нүүрсний экспортыг 60 сая тоннд хүргэх зорилт тавьсан бөгөөд эхний долоон сарын байдлаар 46.1 сая тонн нүүрсийг хилийн чанадад гаргаад буй.
Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд жин дардаг бас нэг түүхий эд бол зэс. Ирэх онд экспортлох зэсийн баяжмалын хэмжээг 1 сая 780 мянган тоннд хүргэхээр, мөн үнийг тонн тутамд 10 мянган ам.доллар байхаар тооцоод байна.
Түүнчлэн ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор 5 их наяд 644.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ. Үүнээс, Төсвийн тогтворжуулалтын санд нийт 456.1 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд нийт 1 их наяд 849.7 тэрбум төгрөг, үлдэх 3 их наяд 338.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Үндсэндээ нүүрс, зэсийн баяжмалын экспортын нөлөөгөөр ирэх онд уул уурхайн салбар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлогын 31 хувийг бүрдүүлнэ гэдэг өөдрөг төсөөлөл гаргаад байна.