“Ханги” боомтын гаалийн байцаагч бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулсан хэргийг ГЕГ-ын удирдлагууд нууцлахыг үүрэгджээ
Дорноговь аймагт гаалийн байцаагч нар нэгнийхээ биед халдаж, хүнд гэмтэл учруулсан хэргийг Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-ын удирдлагууд нууцлахыг үүрэгдэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулин хээр багт орших Гаалийн ерөнхий газрын харьяа “Ханги” дахь гаалийн газрын улсын ахлах байцаагч нар өнгөрөгч наймдугаар сар /2024.08/-ын сүүлчээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэгнийхээ биед халдаж, хүнд гэмтэл учруулсан байна.
Тодотговол, гаалийн улсын ахлах байцаагч Г нь улсын ахлах байцаагч Б-гийн биед халдаж, улмаар хоёр хавиргыг нь хугалж, хүнд гэмтэл учруулжээ.
Хамгийн ноцтой нь, тухайн хэргийг “Ханги” дахь гаалийн газар болон дээд шатны байгууллага болох Гаалийн ерөнхий газрын удирдлагууд нууцалж, хуулийн байгууллагаар шалгуулахгүй “дарж” байгаа гэдгийг эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Хохирогч Б-гийн бие сайнгүй, хэвтрийн дэглэм сахиж байгаа бөгөөд албан үүргээ гүйцэтгэхгүй байгаа гэх мэдээлэл байна. Харин бусдын биед хүнд гэмтэл учруулсан улсын байцаагч Г нь хохирогчтой тохиролцож, уучлалт гуйж, хуулийн байгууллагад хандахгүй байхыг мөн хүссэн аж.
Гаалийн ерөнхий газрын харьяа “Ханги” дахь гаалийн газарт сүүлийн үед ажлын байрны бэлгийг дарамт, бусдын биед халдах гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа ч эдгээрийг нууцалж, хуулийн байгууллагаар шалгуулахгүй, дарж байгаа гэдгийг ч эх сурвалж мэдээлж буй юм. Сонирхуулахад, ГЕГ-ын даргаар 2022 оны арванхоёрдугаар сар /2022.12/-д Цагдаагийн Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга асан, бригдын генерал Р.Отгонжаргалыг томилсон байдаг.