Улсын дээд шүүхэд Европын холбооны зөвлөхүүд ажиллалаа
2023.03.30 16:39
Европын холбооны техникийн туслалцаа, мэдээлэл солилцох хөтөлбөр (TAIEX)-ийн зөвлөх Мариа Жулианна Сивинини, Гернот Пош, Маргит Лаури нар Монгол Улсын дээд шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 29, 30-ны өдөр ажиллаж, шүүхийн цахимжуулалт, цахим бүртгэлийн систем, шүүх хуралдаанд зайнаас оролцох болон шүүхийн шийдвэрийн цахим сангийн хөгжүүлэлт, шүүгч захиргааны ажилтнуудын сургалтын талаар өөрсдийн улсын туршлагыг танилцуулж, ярилцлаа.
Хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагаанд цахимжуулалтыг нэвтрүүлсэн Европын холбооны улсуудын туршлагыг зөвлөхүүд эрүү, иргэн, захиргааны хэргээр нарийвчлан танилцуулж, цахим системийн хөгжүүлэлт, хууль эрх зүйн орчин, дагаж мөрддөг дүрэм журмын талаар мэдээлсэн юм. Мөн Европын холбооны улсуудын шүүхүүдэд ашигладаг систем, дагаж мөрддөг стандарт, дүрэм журмыг Монгол Улсынхтай харьцуулж харилцан туршлага солилцсон.
2021 оны Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж, шийдвэрүүд нь ижил төрлийн хэрэг, маргаанд жишиг болох зохицуулалтыг тусгасан. Энэ хүрээнд Европын холбооны улсуудын шүүхүүд шүүхийн шийдвэрийн судалгааны цахим сангаа хэрхэн бүрдүүлж, шүүхийн ижил төстэй шийдвэрүүдэд ашигладаг болон олон нийтэд тэдгээр шийдвэрүүдийг ил тод нээлттэй байршуулдаг талаар зөвлөхүүд нарийвчлан мэдээлж, Улсын дээд шүүхийн шүүгч, судлаач туслах, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачид сонирхсон асуултаа асууж, харилцан ярилцлаа. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн сангаа хөгжүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний ажилд ашигладаг талаар судлаачид тодруулж, сангаас мэдээлэл хайх боломжийн талаар туршлага судалсан. Мөн Итали, Австри, Эстони улсуудын шүүгч, захиргааны ажилтнуудын сургалтын туршлагаас мэдээлж, харилцан ярилцсан юм.
Улсын дээд шүүхийн шүүгчид Европын холбоотой цаашид хамтран ажиллах чиглэлээр Итали улсын Ливерно хотын шүүхийн Эрүүгийн танхимын дарга асан, Писа дахь Шүүхийн Ассамблейн Ерөнхийлөгч бөгөөд Шүүхийн үр нөлөөт байдлын төлөөх Европын комиссын зөвлөл (CEPEJ)-ийн кибер шүүх ажлын хэсгийн ерөнхийлөгч Мария Жулиана Сивинини, Австри улсын Вена хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Цахим шүүх ба суурь эрхийн олон улсын байгууллагын Гүйцэтгэх захирал Гернот Пош, Эстони улсын Хууль зүйн яамны зөвлөх Маргит Лаури нартай санал солилцсон юм. Зөвлөхүүд Улсын дээд шүүхэд ажиллаж туршлага солилцсон үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар Европын холбоонд уламжлахаа илэрхийллээ.