Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын 33 хүнийг бүртгэхээс татгалзжээ
Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд улс төрийн намаас нэр дэвшигчдийн материал хүлээн авч, бүртгэж дуусав. Хуулийн дагуу өнөөдөр буюу есдүгээр сарын 13-нд нэр дэвшигчдийг бүртгэснээ намуудад мэдэгдлээ.
УБЕГ-т есдүгээр сарын 11-ний өдөр нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Ингээд нийт 282 иргэнийг нэг бүрчлэн танилцуулж, бүртгэх эсэх тогтоол гаргасан. Ингээд нийт нэр дэвшигчдээс 33 хүнийг бүртгэхээс татгалзах тогтоол гаргасан.
Тухайлбал,
- МАН-45 хүн бүртгүүлэхээр хүсэлт өгснөөс 4 хүнийг татгалзаж 41 хүн бүртгэсэн
- АН-аас 44 хүн бүртгүүлэхээр хүсэлт өгснөөс 2 хүнийг татгалзаж 42 хүн бүртгэсэн
- Үндэсний эвслээс 27 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгснөөс 3 хүнийг татгалзаж 24 хүн бүртгэсэн
- ИЗНН-аас 45 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгснөөс 9 хүнийг татгалзаж 36 хүн бүртгэсэн
- Эрх чөлөө хэрэгжүүлэгч намаас 3 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгснөөс 2 хүнийг татгалзаж 1 хүн бүртгэсэн
- Иргэний хөдөлгөөн намаас 6 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгснөөс 6 хүн бүртгэсэн
- ХҮН намаас 45 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгснөөс 6 хүнийг татгалзаж 39 хүн бүртгэсэн
- Үнэн ба зөв намаас 14 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгснөөс 14 хүн бүртгэсэн
- Ард түмний олонхийн засаглал нам 18 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгснөөс 3 хүнийг татгалзаж 15 хүн бүртгэсэн
- Иргэдийн Оролцооны нэгдэл намаас 26 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгснөөс 2 хүнийг татгалзаж 24 хүн бүртгэсэн
- Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намаас 8 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгснөөс 1 хүнийг татгалзаж 7 хүн бүртгэсэн.
Нэг бие даагч нэр дэвших хүсэлт ирүүлсэн боловч шаардлага хангаагүй учраас татгалзсан. Нийт 33 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж 249 нэр дэвшигчийг бүртгэсэн. Нэр дэвшигчээр бүртгэхээр татгалзсан нэр дэвшигчдийн хувьд есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл зөрчилөө арилгах боломж нэр дэвшигчдэд бий. Энэ бол эцсийн шийдвэр биш гэв.
Ардчилсан Намаас НИТХ-д нэр дэвшүүлсэн Д.Мөнх-Эрдэнэ өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан учир орон нутгийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болжээ.
Хуулийн дагуу нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхэлнэ.