Сурагчдад шим тэжээлийн боловсрол олгох замаар монголчуудын дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилготой төсөл хэрэгжихэд бэлэн болжээ

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хөдөө аж ахуй эрхлэхэд хүндрэлтэй манай улсын иргэдийн хувьд шинэ, шим тэжээлтэй ногоог намрын цагт л ханатлаа хэрэглэдэг гэхэд болно. Бусад үед бол өөрсдөө хөлдөөж хадгалсан эсвэл импортоор орж ирсэн ногоог л иднэ.
Тэгвэл хөдөө аж ахуйд шинэ технологи нэвтрүүлж, жилийн туршид хүнсний ногоог сургуулийн дотоод орчинд тарьж ургуулах төслийг салбар салбартаа мэргэшсэн ТАНА лабораторийн монгол эрдэмтэн судлаачид болон Япон улсын Васедагийн их сургуулийн япон судлаачдын хамтарсан баг хэрэгжүүлэх байгааг дуулгая.
“Сургуулийн дэргэдэх мини ургамлын үйлдвэр” хэмээх энэхүү төсөл нь Монгол, Японы нийгмийн асуудлыг шинэ технологиор шийдвэрлэх төслүүдийг дэмжих зорилго бүхий “MICS 2024” хөтөлбөрийн шилдэг 10-т шалгарч байв. Тухайн үед төслийн багийнхантай товчхон ярилцаж, дахин уулзах хугацаагаа тохирсны дагуу бид саяхан лабораторид нь зочилж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломж гарлаа.
КТМС-ийн байрны нэгдүгээр давхарт ТАНА лаборатори байрладаг. Анх үдийн хоолны шим тэжээлийг сайжруулах зорилготой төсөл гэж төсөөлж очсон бол тэд зөвхөн сурагчдад аягалж өгөх хоолоор хязгаарлагдахгүй, түүгээр нь дамжуулж шим тэжээл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хоршоолол гээд хамрах цар хүрээ нь маш өргөн төслийг хэрэгжүүлэх гэж байгаа ойлгов. Тэдний завгүй ажлынх нь хажуугаар төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авснаа хүргэе.
Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн 2022 оны тайланд сурагчдын хоолны хөтөлбөрт зарцуулсан НЭГ АМ.ДОЛЛАР нь ирээдүйд ЕСӨН АМ.ДОЛЛАРын үр шимийг авчирдаг хэмээн тооцсон байдаг нь ямар хэмжээний ач холбогдолтой үйл ажиллагаа гэдгийг тод илэрхийлж байгаа юм. Харин манай улсын хувьд нэг хүүхдэд оногдох үдийн хоолны түүхий эдийн зардлыг энэ оноос 2,500 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Үүгээр бага ангид суралцаж буй 400 орчим мянган хүүхэд өдөр бүр сургууль дээрээ халуун хоол иддэг. Үдийн хоол бол
-Хоол тэжээл нь хүүхдийн өсөлт, танин мэдэхүй суралцах чадвар ирээдүйн бүтээмж хөдөлмөрийн чадварт гол нөлөө үзүүлдэг.
-Өрхийн хүнсний баталгаат байдлыг хангахад бодит дэмжлэг үзүүлнэ.
-Хичээлийн дараа сонгон суралцах бусад үйл ажиллагаанд оролцох боломж олгоно.
-Сургуулийн хоол нь хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрэх арга зам юм.
Иймдээ ч ТАНА лабораторийн судлаач эрдэмтэд ирээдүй хойчийнхоо эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө энэхүү төслөө амжилттай хэрэгжүүлэхийн төлөө байна. Одоогоор анхны (pilot) төслөө Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургуульд хэрэгжүүлэхээр болоод буй. Мөн хотод улсын, хувийн хэвшлийн тус бүр нэг, хөдөөд сумын нэг сургуулийн сонгож мини ухаалаг хүлэмжээ байгуулна.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Механик инженерийн ухааны доктор, профессор Ч.Баасандаш “Хөдөө аж ахуй бол хүмүүсийг хоолтой, хувцастай байлгах үндэс нь юм. Бидний идэж буй хоол хүнснээс эрүүл энх байх эсэх маань хамаардаг. Монгол хүний дундаж наслалт 2022 оны байдлаар 68 байсан. Үүгээрээ дэлхийд 132 дугаарт жагсаж байна. Хэдийгээр дундаж наслалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь сайн үзүүлэлт боловч бусад улстай харьцуулахад бага. Одоо байгаа 68 гэдэг тоог ахиулахын тулд юу хийх ёстой вэ, бид юу хийж чадах вэ гэдгээ бодсон.
Дундаж наслалтад хамгийн гол нөлөөлж буй зүйл нь хоол хүнс. Хүнсний ногооноос шим тэжээл авч чадахгүй байгаагаас даралт ихсэх, чихрийн шижинтэй болох зэрэг нийтлэг байгаа халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлийг бий болгодог. Эрт дээр үеэсээ монголчууд мах, гурилаа идээд болж л байсан гэж ярьдаг. Гэхдээ тэр үед дундаж наслалт хэд байсан гэдгийг бодох л ёстой” гэж байв.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Эрс тэс уур амьсгалтай Монгол оронд хөдөө аж ахуйг одоо байгаа хэвээр нь үргэлжлүүлсээр байвал импортоор хүнсээ авахаас өөр аргагүй. Иймээс л инновацыг нэвтрүүлэх шаардлагатай болж байгаа юм.
Профессор Ч.Баасандаш “Сургуулийн дэргэдэх ургамлын мини үйлдвэр төслийг хэрэгжүүлэхдээ “Үйлдвэрлэе, хэрэглэе, түгээе” гэсэн гурван тактик баримталж байгаа.
Үйлдвэрлэе гэдэг нь өрөөндөө хүнсний ногоо тариалах шийдлээр цаг агаарын нөлөөг бууруулж чадна. Ерөнхий боловсролын сургуулиуд есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-н хүртэл буюу хүйтэн, сэрүүний цагт тогтмол хүнтэй, дулаан орчинтой. Энд гидропоник технологиор хүнсний ногоо тарих боломжтой. Орчин нь тохиромжтойгоос гадна тогтмол хүнтэй учраас арчилгаа, хяналтаа тавих боломжтой.
Хоёрдугаарт хэрэглэх. Хүүхэд байхаас нь ногоо тарих аргачлалыг заагаад өгвөл өөрсдөө ногоогоо тарьж арчлаад, түүгээрээ хоолоо бэлтгээд идчихнэ. Бидний үеийг бодвол хүүхэд залуус маань тавган дээрх хоолныхоо илчлэг, шим тэжээлийг тооцож мэддэг болсон байна. Энэ мэдлэгийг нь улам сайжруулъя гэж байгаа юм. Ерөнхийдөө хүүхдээр нь дамжуулж, тухайн гэр бүлийн шим тэжээлийн боловсролыг сайжруулах зорилготой.
Түгээх нь гар утасны аппликэйшнээр дамжуулж хамгийн амттай, тэжээллэг хоолны жорыг заах өгөх тухай юм” хэмээн төслийн ерөнхий мэдээллийг өгөв.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Дэлхий дахинд хөдөө аж ахуйн салбар улам сайжирч, эрчим хүч, усыг хэмнэх аргууд нэвтэрсээр байна. Тус төслийн хүрээнд Монголд нэвтрүүлэх хүлэмжийг Японы “Янмар” компанийн бүтээсэн бөгөөд ус болон эрчим хүчийг 30-40 хувь хэмнэх боломжтой.
Сургуулийн дотоод орчинд гурван метрийн урт, 50 сантиметрийн өргөнтэй дээш зургаан тавиур бүхий хүлэмж байгуулна. Ингэхдээ эхний ээлжид гал тогоо, мөн корридорын сул орон зайг ашиглах боломжтой гэж багийнхан үзжээ.
16 суманд хийсэн суурь судалгаандаа үндэслэн сурагчдад хамгийн их дутагдаж буй шим тэжээлийг өгөхийн тулд сургуулийн дотоод орчинд бууцай, гүзээлзгэнэ, салатны навч тарихаар төлөвлөсөн байна. Энэ гурван төрлийн тарьцыг шинэ технологиороо ургуулбал дунджаар 40-45 хоногт нэг ургац өгнө. Өөрөөр хэлбэл сурагчид жилд 10 удаа ургацаа хураана.
Эхний удаад сургуулийн сурагчид, багш, нийгмийн ажилтан гээд хүлэмжин дэх тарьц ногоогоо арчилж явахад нь зүгшрүүлэхийн тулд 2-3 жил төслийн багийнхан тогтмол сургаж, зөвлөн туслах юм.
Ц.Сонинхишиг: Бид төслөө амжилттай хэрэгжүүлбэл энэ туршлагыг маань Дэлхийн Хүнсний Хөтөлбөр олон улсад сурталчлахаа илэрхийлсэн
Хөдөө аж ахуйн ухааны доктор, дэд профессор Ц.Сонинхишиг “Үдийн хоол өгснөөр хүүхдүүдийн өсөлт хөгжилт, сэтгэн бодох чадвар, бие бялдар болон оюуны хөгжилд сайнаар нөлөөлдөг. Монгол Улсад 2005 оноос “Үдийн цай” гэж эхлээд сүүлийн жилүүдэд “Үдийн хоол” болсон. Энэ хөтөлбөрт тулгамддаг асуудал их. Жишээлбэл хүнсний хангамжийн асуудал. Манай улс цаг агаарын нөхцөлөөс шалтгаалаад жилд нэг удаа тариалалт хийдэг. Хүнсний ногоог жилийн турш шинээр нь хэрэглэх боломж тааруу. Харин дэвшилтэт технологиуд гарснаар жилийн турш шинэ ногоо ургуулах боломж гарсан.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих нь чухал гэж онцолж байгаа вэ гэхээр монголчуудад бичил шим тэжээлийн дутагдал асар их байна. Бичил шим тэжээл гэхээр хүний биед маш бага хэмжээгээр хэрэгтэй ч зайлшгүй хоол хүнсээр авах ёстой шим тэжээлийн бодисууд.
Шим тэжээлийн доройтолтой гэхээр өмнө нь бидний боддог байсан хэвшмэл ойлголт шиг туранхай хүнийг хэлэхээ больсон. Эсрэгээрээ тарган байгаа нь шим тэжээлийн доройтлын илрэл болжээ. Хэт боловсруулсан хүнсний хэрэглээ нэмэгдэж байгаа нь үүнтэй холбоотой.
Хүүхдүүдийн бие бялдрын үзүүлэлтийг харахад хүүхдүүдийн дунд таргалалтын түвшин сүүлийн 10 жилд маш ихээр нэмэгдлээ. Бид Азийн бүсдээ хүүхдүүдийн таргалалтаараа нэгдүгээрт орж байна” хэмээв.
Хүн амын хоол тэжээлийн үндэсний тав болон зургаадугаар судалгааны дүнг харвал сургуулийн насны хүүхдүүдийн дунд таргалалт бараг 20 хувь байгааг тэрбээр тодотгосон. Энэ нь Азидаа бүсдээ нэгдүгээрт орох дүн юм байна.
Таргалалт буурахгүй байгаа тул сурагчдын үдийн хоолоор дамжуулж олон талын шим тэжээлийг олгох нь чухлыг доктор Ц.Сонинхишиг хэлж байв. Тэрбээр “Хүнсний ногоог тэжээллэг, шинэ байгаагаар нь өгөх нь чухал. Одоогоор дотооддоо тариалсан байцай, лууван зэрэг ногоо бий. Түүнийг хавар хэрэглэнэ гэвэл удаан хугацаанд хадгалагдсан, шим тэжээл нь алдагдсан гээд олон зүйл яригдах байх.
Бидний энэ төслийн зорилго бол үдийн хоолонд хүнсний ногоог тасралтгүй хангах шинэ технологийг нутагшуулах юм” гэж байв.
Төслийн хүрээнд хүүхдүүдэд идээгүй үлдээсэн хоолны хаягдлын талаар ч ойлголт өгч байгаа аж. Энэ талаар “Төслийн бэлтгэл болгож Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургуульд хүүхдүүдийн клуб ажиллаж байгаа. Клубийн хүүхдүүд маань эхний ээлжид өөрсдөө багахан талбайд ногоо тарьж эхэлсэн. Мөн идэхгүй орхисон хоол хүнснийхээ хаягдлыг өөрсдөө хэмждэг.
Энэ нь ямар ойлголт суулгах вэ гэхээр
бид хүний хөдөлмөрийн үр шимээр бүтсэн хоол хүнсийг ямар их хаядаг вэ гэдгээ ойлгох,
энэ хоолоор дамжуулан авах ямар их шим тэжээлийг хаяж байгаагаа мэдэх,
хоолондоо хүндэтгэлтэй хандаж сурна.
Хөтөлбөрөөр дамжуулж хүүхдүүдэд шим тэжээлийн боловсрол олгох ёстой. Энэ бол амандаа хийх хоол төдийгөөр ойлгож болохгүй. Хоолоо сонгох, зохицуулж хэрэглэх, байгальд орчинд ээлтэй байдлыг ойлгох тухай юм. Ургуулах явцад байгаль орчинд нөлөөлж байгааг ч ойлгох ач холбогдолтой. Энэ төслийг үдийн хоолонд ашиглах ногоо тарьж байгаа гэж ойлгох нь маш өрөөсгөл болно” гэсэн юм.
Төслийн хүлээгдэж буй үр дүнгийн талаар тэрбээр “Ухаалаг хүлэмжийн технологи нутагшуулах, шим тэжээлийн боловсрол олгох, үдийн хоолонд ногоо хэрэглэж дадуулах зэргээ бодвол төслийн бойжуулалтын үе 2027 он хүртэл үргэлжилнэ. Бидэнд хөрөнгө оруулагч маш их хэрэгтэй байна. Ирээдүйд гарах ашиг тус маш их учраас өнөөгийн өртгөөр бол хэмжигдэшгүй.
Шууд гарах ашиг тус нь л гэхэд үдийн хоолны ашиг шим сайжирна, хүүхдүүдийн шим тэжээлийн боловсрол сайжирна, дадал сайжирна. Бидний нэвтрүүлэх гэж буй хүлэмж бол ямар ч нөхцөлд ногоо жимс ургуулах боломжтой. Нүүдэлчин ахуйд хүнсний ногоо хэрэглэх боломжийг бүрдүүлнэ. Ухаалаг систем учраас ус, цахилгааны эрчим хүчийг маш бага ашиглана. 2030 он гэхэд нийт сургуулийн 50 хувийг хүлэмжтэй болгоно гэж тооцоолж байна” гэв.
Түүнчлэн доктор Ц.Сонинхишиг “Нондин жил Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн хүмүүстэй ярилцаж байхад Африкийн улс орнуудад манайхтай ижил асуудал тулгардаг юм байна. Яаж хүнсний ногооны хэрэглээг дэмжих вэ талаар шийдэл хайж байгаа гэсэн. Манай төслийн талаар сонсоод үр дүнгийнх нь талаар эргэж заавал мэдэгдээрэй, олон улсын хэмжээнд ийм туршлага байна гэж сурталчлах боломжтой гэж байсан.
Бид ухаалаг хүлэмж сургууль дээр суурилуулж, хүүхдүүдийн шим тэжээлийг сайжрууллаа гэдгээ дэлхий дахинд сурталчлах боломжтой гэж харж байгаа. Одоогоор бид хөрөнгө оруулалт татах шатандаа л байна. Бидний хэтийн зорилго бол тийм байна” гэлээ.
Сурагчдын үдийн хоолны өнөөгийн нөхцөл байдал нь ямар байна вэ?
2024 онд шим тэжээлийн багийн Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хөдөө аж ахуйн байгууллага(FAO)-ын санхүүжилтээр үдийн хоолны судалгааг хийж гүйцэтгэжээ.
Тухайн үед сурагчдын үдийн хоолонд нэг хүүхэд оногдох зардалд төрөөс 1,500 төгрөг өгдөг байв. Энэ бол түүхий эдийнх нь мөнгө байсан. Харин үдийн хоол үйлдвэрлэгдээд бэлэн болох бодит өртөг нь 2,500 төгрөг байжээ. Уг судалгааны дүнд үндэслэн Боловсролын Яамнаас 2025 онд сурагчдын үдийн хоолны зардлыг 2,500 төгрөг болгон нэмсэн юм.
Судалгаагаар мөн насны ангиллаар хүүхдүүдэд хоол өгөх хэрэгтэй байгааг онцолсон байна.
Судалгааны багийн ахлагч доктор Ц.Сонинхишиг “Зургаан настай нэгдүгээр ангийн хүүхэд, 11 настай тавдугаар ангийн хүүхдийн идэх хэмжээ өөр. Бид судалгааныхаа хүрээнд хэдэн настай хүүхдэд ямар хэмжээний илчлэг хэрэгтэй вэ, түүнийх нь хэдэн хувийг үдийн хоолоор өгч байна вэ гэдгийг тодорхойлсон.
1-2 дугаар хүүхэд үдийн хоолоор 560 ккал илчлэг авах ёстой бол үдийн хоолоор өгч байгаа 350 орчим. 200 ккал-ын зөрүү бий. 4-5 дугаар ангийнханд 350 ккал-ын ялгаа гарч байгаа. Үүнийг нөхөхийн тулд 100 ккал-ын үнэ 450 төгрөг орчим байгаа тул дутаж буй 200-350 ккал илчлэг өгөхийн тулд 950 төгрөгөөр үдийн хоолны өртгийг нэмэгдүүлэх ёстой гэж судалгаагаар тогтоогдсон.
Яам 1,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь бодит судалгаанд суурилсан шийдвэр байсан. Харамсалтай нь он гараад хүнсний бүтээгдэхүүний үнэ ихээр нэмэгдчихсэн. Ийм байдлаар үнийн өөрчлөлтийг зохицуулахын тулд яах нь зүйтэй талаар бид зөвлөмж гаргасан. Мах, сүүний үнийг нэг үнийн бодлого баримтлах шаардлагатай байгаа. Зах зээлийн үнийн савлагаанаас үл хамааран тухайн жилдээ тогтсон үнээрээ авдаг байх нь зүйтэй. Үнийг тогтвортой барих тал дээр хоршооны баг маань ажиллаж, тодорхой шийдэл санал болгож байгаа” гэв.
Энэхүү шийдлийн талаар ТАНА лабораторийн захирал Д.Одончимэд “Махан дээр жишээлбэл нийлүүлэлтийн сүлжээ ямар байгааг судалж үзэхэд
малчин махаа бэлтгээд бөөний худалдаанд өгөх дундын зуучлагч(ченж)-д худалдах
махны үйлдвэрүүд төлөөлөгчөө томилж мах бэлтгүүлж экспортод гаргах, бөөний болон жижиглэнгийн худалдаагаар худалдаалах зэрэг байна.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Үүнээс 66 хувь нь дундын зуучлагчаар дамжиж таван шатлал дамжин эцсийн хэрэглэгчдээ хүрэх буюу сурагчдын үдийн хоол болж байгаа. Эдгээр таван үе шат бүрд өртөг нэмэгддэг.
Энэ асуудлыг шийдэхийн тулд хоршоонд суурилсан хүнсний нийлүүлэлтийн сүлжээг бий болгох хэрэгтэй. Малаа эрүүл өсгөх, ашиг шимийг нэмэгдүүлэх, нядлах, хадгалах, боловсруулах зэргээр хэрэглэгчид хүргэх бүх үе шатаа дундын хоршоондоо нэгтгээд орон нутагтаа бол шууд сургуулийн хоолондоо хүргэж болно. Мөн орон нутгийн өөрсдөө оролцооны баталгаажуулалтын систем буюу бүгд хянан баталгаажуулж, хүнсний аюулгүй байдлаа хангана. Ингэснээр үйл ажиллагааны зардлыг эрс бууруулах боломжтой.
Түүнчлэн дундын хоршоонуудын ложистикийн төв байгуулж, Улаанбаатар хотын сургуулиудад нийлүүлбэл өртгийг 30 хувиар багасгах боломж байна. Төмс гэхэд намартаа кг тутмыг нь 500-600 төгрөгөөр аваад хэрэглэгчдэдээ 2,500-2,600 төгрөгөөр очоод байна. Хэрэв дундын хоршоонд суурилсан нийлүүлэлтийн сүлжээг ашиглавал 50 хувиар хямд нийлүүлнэ” гэсэн юм.
Ийнхүү салбартаа мэргэшсэн эрдэмтэн судлаачид ирээдүйд ихээхэн ашиг тустай байх төслийг хэрэгжүүлэхээр эхлэлээ тавиад байна.
Эх Сурвалж:ikon.mn