БОЛОВСРОЛЫН САЙД САЛБАРАА “САМАРЧ”, БАГШ МЭРГЭЖЛИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ БАЙНА

0

БАГШ БЭЛТГЭХ 45 ХОНОГИЙН КУРС ШИЙДЭЛ БИШ, БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ-

Монголын ирээдүйг хүүхэд, залуучуудгүйгээр, хүүхэд, залуусыг боловсролгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хэн ч хаана ч төрж, өсөж, хүмүүжиж болно. Гэхдээ түүний ирээдүйг өөрчлөх гол зүйл, амьдралын баталгаа бол боловсрол, түүгээр дамжуулж олж авсан мэдлэг, чадвар. Тэгвэл тэр боловсролыг хэн олгодог вэ? Багш, бас дахин багш.

Ямар багш байна, тийм л шавь байна. Багш сайн байж гэмээн шавь сайн байна. Тэрнээс муу багшаас сайн шавь төрөхгүй. Тэгвэл энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 4200 гаруй багш дутагдалтай байгаагаас 2400 орчим нь Улаанбаатар хотод шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Мөн өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгийн багш нарын хүрэлцээ 92 хувьтай байсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс багш, боловсон хүчний асар их дутагдалтай байгаа бөгөөд үүнд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байгааг дээрх тоо харуулж буй. Гэтэл Боловсролын сайд П.Наранбаярын үүнийг шийдэх шийдэл нь 45 хоногийн курс. Тодруулбал, Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг баталж, 2.7-гоос дээш голчтой суралцаж байгаа 3, 4 дүгээр дамжааны оюутан, мөн төгссөн мэргэжлийн бус хүмүүсийг 45 хоногийн сургалтад хамруулж, багшлуулахаар шийдвэрлэсэн.

Тэрбээр энэ тухайгаа “Гадаад, дотоодын их, дээд сургуулийг 2.7-гоос дээш голчтой төгссөн хүмүүст гэрээт багшаар ажиллах эрхийг олгож байна. Та багшлах сонирхолтой бол таныг 45 хоногийн курсэд сургана. Одоо байгаа хомсдолыг богино хугацаанд арилгахын тулд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Энэ салбарт чадварлаг боловсон хүчнийг татан оролцуулж, салбарын нэр хүндийг дээшлүүлэхэд эерэг арга хэмжээ болно. Багшлана гэдэг, багшлахуй гэдэг хамгийн эрхэм сайхан ажил. Багшлахуйд таныг урьж байна” хэмээн мэдэгдэв.

Багшлах боловсон хүчний дутагдлыг нэн даруй шийдэх хэрэгтэй нь хэнд ч ойлгомжтой. Харин сайдын маань шийдвэр нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгч боллоо. 2.7 голч бол захын хүүхдийн авдаг дүн. Дээрээс нь 45-хан хоногийн сургалтад суугаад багш болоод, газар доор ортлоо унасан боловсролын салбарыг өөд нь татаад, нэр хүндийг нь өсгөх юм бол дөрвөн жил багш мэргэжлээр сурах хэрэг байна уу? Өөрөөр хэлбэл, цаашид хүмүүс багш мэргэжлээр сурах хүсэлгүй болох гарааг Боловсролын сайд маань өөрөө тавилаа. Сайд салбараа “самарч”, багш мэргэжлийг үнэгүйдүүлж орхилоо. Үүнийгээ тэрбээр “Багшийн ажлыг үнэгүйдүүлж байгаа хэрэг биш. Одоо байгаа хомсдолыг богино хугацаанд шийдэх шийдэл” хэмээсэн. Богино хугацаанд шийдэх гэж байгаад боловсролын салбараа хөмөрчихлөө та, сайд аа.

Багш нар, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд сайдын энэхүү шийдвэрийг эсэргүүцэж “Сайд биднийг мануухай гэж бодсон бололтой. Багшийн ажил тийм амархан хэрэг үү. Дөрвөн жил сураад ирсэн хүүхдийг багш болгох гэж зовж байхад 45 хоногийн сургалтад суусан хүнийг хэрхэн багш болгох вэ. 45 хоногийн сургалтад суугаад багш болчих юм бол дөрвөн жил сурах хэрэг алга” хэмээн халаглаж байна.

Жилд дунджаар 3000-3500 оюутан багш мэргэжлээр төгсдөг гэх судалгаа бий. Мөн энэ тооны багш нар гавьяаныхаа амралтад гардаг байна. Тодруулбал, тэтгэвэрт гарч байгаа багш болон төгсөгчдийн тоо ижил гэсэн үг. Гэтэл яагаад багшлах боловсон хүчний хомсдолд оров гэдэг нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, цалин бага. Хоёрдугаар, ажлын ачаалал, мэргэжлийн нэр хүндтэй холбоотой юм. Иймээс багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх, чанаржуулах хамгийн эхний алхам цалинг нэмэхээс эхэлнэ. Хэн хүссэн нь бус, хамгийн өндөр оноотой нь, хамгийн сайн нь багш болж байж хамгийн өндөр цалинг авдаг байх учиртай.

Өнөөдөр ТҮК-ийн ажилтнууд, автобусны жолооч нар 3.5 сая төгрөгийн цалинтай болсон. Гэтэл багш нарын гар дээрээ авдаг дундаж цалин 1.4 сая төгрөг байна. Анги даалт, зэргийн нэмэгдэл, ажилласан жилийн урамшуулал энэ тэр нэмэгдсэн ч дүндээ дүн, хоёр саяд хүрдэггүй гэнэ. Багш нар 20 жил ажиллаж байж цалингийн 10-15 хувийн нэмэгдэл авдаг. Өөрөөр хэлбэл, ТҮК-ийн ажилтан, автобусны жолооч нарын авдаг цалингийн талыг авдаг гэсэн үг. Тэднийг өндөр цалин авлаа гээд барьцаж байгаа хэрэг биш, тэдний хэмжээнд багшийн хөдөлмөрийг үнэлээч ээ гэсэн санаа. Авдаг цалин нь идэх хоол, бензин шатахуун, цахилгаан, дулааны үнээс нь хэтрэхгүй байхаар хэн багш болно гээд явж байх вэ. Ийм байж боловсролын салбараас ахиц дэвшил, үр дүн хүлээх хэрэггүй.

Багш нар зуны гурван сар БНСУ-д хар ажил хийхийн төлөө уртаас урт дараалал үүсгэж, зарим нь тэндээ харлаад үлдэж байна. Тэдний цалин, хангамж, нийгмийн асуудлыг шийдчих юм бол тэд олон жил хийсэн ажлаа эргээд хийхэд хэзээд бэлэн. Тэдэнд туршлага, мэдлэг, чадвар, юм бүхэн бий. Гагцхүү цалин, орон байр, дэмжлэг л байхгүй. Мөн тэтгэвэртээ гарсан багш нарыг ч эргүүлэн ажиллуулж болно.

Багшийнхаа цалинг үйлчлэгч, харуулын хэмжээнд авч үзэж, үйлчилгээний ажилтны хэмжээнд үнэлж байж тэднээс өөр юу хүсэх вэ. Одоо байгаа хэдийгээ олигтой цалинжуулж, нийгмийн асуудлыг шийдэж чадахгүй хэрнээ өөр салбарын хүмүүсийг багшаар ажиллуулж, хүүхдүүдийн ирээдүйг бүр хөөтэй хутгах нь. Өнөөдөр багш болно гэдэг эцэг, эхчүүдэд адлуулахын нэр болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Сайд, дарга нарын хүүхдүүд өндөр үнэтэй хувийн сургуульд сурч байхад энгийн иргэдийн хүүхдүүд 45 хоногийн курсийн багшаар А үсэг заалгаж, амьдралд хөл тавьдаг баймааргүй байна.

Багшийнхаа цалинг нэм, багшийн орон тоог нэмэгдүүл, нэг багшид ногдох хүүхдийн тоог багасга. Цаана чинь багшийн ажлаа хийх хүсэлтэй олон мянган багш байна, сайд аа. Та багшийн мэргэжлийг үнэгүйдүүлсэн энэ шийдвэрээ эргэж харна уу, эс бөгөөс сайдын албанаасаа огцорно уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *