Дархан цаазат газарт баригдсан орон сууцанд татвар ногдуулна
Дархан цаазат газарт баригдсан орон сууцанд татвар ногдуулдаг байх тогтолцоог бүрдүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж эхэлжээ.
Учир нь, отог байгуулах нэрийн дор Богд уул, Зайсанд өндөр үнэтэй орон сууц, хаус хороолол сүндэрлэн боссон жишээ олон бий.
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орон сууц барихыг хориглодог ч аж ахуй нэгжүүд “Отог байгуулна” гэх хүсэлтийг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд гарган, газар эзэмших хүсэлт авуутаа зориулалтыг нь өөрчилсөн байдаг. Түүнээс болж, өнөөдөр Богд уул, Зайсан, Арцат, Бага тэнгэрийн аманд хууль зөрчсөн барилгууд олноор боссон гэж хэлж болно. Зарим талаараа хүндрэл ч дагуулах болсон. Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Авлига, албан тушаалын сонирхлын үр дүнд Богд уулын арын 10 аманд олон мянган айлын үнэтэй орон сууцны хаус хороолол баригдсан. Энэ болгон нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрээр зөвхөн отог гэдэг зориулалтаар олгосон. Гэтэл өнөөдөр тэнд орон сууцны хороолол боссон. Эдгээр хороолол өнөөдөр Улаанбаатар хотоос нийгэм, соёлын бүх үйлчилгээг шаардаж байна. Дээр нь нэмээд дэд бүтэц, шугам сүлжээг бас шаардаж байгаа. Саяхан Яармагийн байрнаас зэвтэй ус гарч шугам сүлжээг шинэчлэхэд нийслэлийн төсвөөс мөнгө гаргасан. Энэ бол зохимжтой төсвийн зарцуулалт биш.
Дархан цаазат газар дээр хууль бусаар баригдсан орон сууцны хорооллын шугам сүлжээг татвар төлөгчдийн мөнгөөр шинэчлэх үүрэг нийслэлийн нуруун дээр ирж байна.
Энэ бүгдийг засахын тулд зоригтой ажиллана” гэж мэдэгдсэн юм.
Дархан цаазат газарт отог байгуулах нэрээр газар аван, зориулалтыг нь өөрчилж, хууль зөрчсөн асуудал нийслэлээр тогтохгүй аймгуудад ч мөн тохиолддог зовлон болж хувирсан байна. Түүнийг дагаад төлөвлөлт ч алдагддаг. Иймээс энэ асуудлыг цогц байдлаар шийдэх зорилгоор Засгийн газраас ажлын хэсэг гарган ажиллуулж буй аж.
Дэлхийн улс орнууд улсын тусгай хамгаалалттай газар нутагт баригдсан орон сууцанд татвар ногдуулж, төсвийн орлогыг нэмэгдүүлдэг жишээ баримт олон бий. Монгол Улсын хувьд эл асуудлыг олонтаа хөндөж ирсэн ч ажил хэрэг болголгүй өнөөдрийг хүргэсэн. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хууль 2020 онд батлагдсанаар үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлохоор тусгасан. Харин үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0.6-2.0 хувиар тооцохоор тусгасан байдаг. Гэвч үл хөдлөх хөрөнгийн татвар төлөлгүй луу унжиж ирсэн жишээ баримт бий. Тухайлбал, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханы эзэмшдэг хотын А бүсэд харьяалагдах “Хангай” зочид буудал жилд зургаан сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх ёстой ч 2010 оноос хойш нэг ч удаа татвар төлөөгүй тухай хөндөгдсөн. Мөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бага байгааг өсгөх шаардлагатайг ч мэргэжилтнүүд сануулж ирсэн юм.
Иймээс эдгээр асуудал удахгүй цогцоороо төсөл болж боловсруулагдах нь.
Үе, үеийн УИХ, Засгийн газрын шүдний өвчин болсон ч батлагдаж чаддаггүй хуулийн төсөл бол Газрын тухай хууль гэж хэлж болно.
МАН дангаараа Засгийн эрх барьж байхдаа Газрын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, газрыг зарж хөлжсөн мафиудтай тэмцэх тухай хөндсөн ч бүрэн эрх нь дуусч, шинэ УИХ бүрдсэн.
Тэгвэл хамтарсан Засгийн газрын өмнө Газрын тухай хуулийг шинэчлэх даалгавар мөн хүлээгдэж байна.
Учир нь, газар тариалангийн гол бүс нутаг болсон Дархан, Сэлэнгийн нутаг нэг, хоёрхон бизнес эрхлэгчийн эрх мэдэлд шилжсэн асуудал хөндөгдөх болсон бол малын бэлчээр мянгат малчин нь л өвөлждөг, хаварждаг бичигдээгүй хууль хэрэгжих болсон тухай яригдаж эхэлсэн. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн мэдээллээр бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга” төсөл бэлэн болсон. Газрын тухай хуультайгаа нийцүүлэх шаардлага байгаа. Аль болох дээрх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах сонирхолтой байна” гэдгээ өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр мэдэгдсэн. Харин Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Газрын тухай хууль олон харилцааны суурь болдог чухал хууль тул тал, талын байр суурийг авч няхуур хандах шаардлага бий” гэсэн нь нэлээн “ноцолдож” УИХ дээр орж ирж мэдэхээр байгаа юм.