“Учка” хочит н.Мөнх-Учрал нь 2002-2022 онд 10 орчим ял шийтгэгдэж байжээ
Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан “Учка” хочит Н.Мөнх-Учрал, “Хуруугүй” хочит Х.Оюунболд, “Гураа” хочит З.Гурвансайхан, “Зана” хочит Занабазар нар нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нэр бүхий иргэнд зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан айлган сүрдүүлжээ. Улмаар хүч хэрэглэн хохирогчийн “Lexus 570” маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар авсан байна. Энэ гэмт үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Шалгалтаар тухайн этгээдүүдийн гэр болон тээврийн хэрэгслээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй 20см урттай хийн гар буу, хутга зэргийг хураан авчээ.
“Учка” хочит н.Мөнх-Учрал нь 2002-2022 онд:
- ЭХ-ийн 123.3 /Хулгайлах/,
- 126.1 /Хүчиндэх/,
- 147.2, 148.1 /Залилан мэхлэх/,
- 149.1 /Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх/,
- 181.2 /Танхайрах/,
- 261.1 /Оргон зайлах/,
- 98.1 /Хүнд гэмтэл учруулах/,
- 20.16 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/,
- 2.1, 20.7 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/ зэрэг ял шийтгэгдэж байжээ. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авах, тээвэрлэх, хадгалах үндэслэлээр удаа дараа цагдаагийн байгууллагад шалгагдаж, ял эдэлж байсан бөгөөд тогтмол биедээ зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл авч явдаг этгээд хэмээн цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.