ТӨСӨВ 2025: “Атарын IV” аяныг хэрэгжүүлж, 650 тэрбум төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сард 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Тус төслийн танилцуулгад хүнсний хангамжийг нэмэгдүүлэхтэй холбоотой төслүүдэд хэдэн төгрөгийн төсөв суулгасан талаарх мэдээллийг хүргэе.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт уламжлалт мал аж ахуй болон эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлээр төрөлжиж, дотоодын хэрэгцээгээ монголын хөрсөнд ургасан эрүүл хүнсээр бүрэн хангасан “Эрүүл хүнс үйлдвэрлэгч, экспортлогч бүс” болох зорилтыг тусгасан. Энэ зорилтын хүрээнд өсөн нэмэгдэх хүнсний хэрэгцээг хангах зорилгоор “Атарын IV” аяныг хэрэгжүүлж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо -чинээлэг малчин” зэрэг үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхээр тусгасан байна. Тухайлбал,
1-Монгол Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 1.1 их наяд төгрөгийн олгоод байгаа бөгөөд 2025 онд 200 орчим тэрбум төгрөгийн шинэ зээл олгохоор байгаа тул ирэх оны зээлийн хүүгийн дэмжлэгт 97.9 тэрбум төгрөг
2-Хүн амын өсөн нэмэгдэж буй хүнсний хэрэглээг хангах зорилгоор Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт туссан “Атарын 4” аяны хүрээнд 2025 онд 650 тэрбум төгрөгийн зээл олгохтой холбогдуулан ирэх оны зээлийн хүүгийн дэмжлэгт 58.7 тэрбум төгрөг
3-Монгол Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 онд 300.0 тэрбум төгрөг, 2025 онд 788.0 тэрбум төгрөгийн шинэ зээл олгохоор байгаа тул ирэх оны зээлийн хүүгийн дэмжлэгт 77.1 тэрбум төгрөг тусгалаа.
4-Монгол Улсын Их Хурлын 166 дугаар тогтоолоор баталсан “Шинэ хоршоо Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд 2024 онд нэг их наяд төгрөг, 2025 онд 500.0 тэрбум төгрөгийн шинэ зээл олгохоор байгаа тул ирэх оны зээлийн хүүгийн дэмжлэгт 143.4 тэрбум төгрөг тусгалаа. Мөн шинээр олгох зээлд батлан даалт олгохтой холбогдуулан Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгийг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгалаа.
5-Түүнчлэн, Засгийн газрын 106 дугаар тогтоолоор Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас малчин өрхийг ядууралд өртөхөөс сэргийлэх зорилгоор арилжааны банкин дахь 1.3 их наяд төгрөгийн Малчдын зээлийн үндсэн төлбөрийг 1 жилээр хойшлуулж, тус хугацаанд төлөх зээлийн хүүгийн 6 нэгж хувиас давсан хэсгийг төсвөөс төлсөн. Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан зээлийн хүүгийн зөрүүг 2024, 2025 онуудад хоёр хувааж төлж байгаа бөгөөд ирэх онд 77.3 тэрбум төгрөгийг тус тус тусгажээ.