“Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон Шон Хинтон гэж хэн бэ…
“Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг тасралтгүй 15 жил удирдсан Элчин сайд Г.Батсүх тэтгэвэртээ гарч, түүний халааг Шон Хинтон хүлээн авч байна. Шинээр томилогдсон ТУЗ-ийн дарга Шон Хинтон нь ирэх сарын 1-нээс үүрэгт ажлаа эхлүүлэх юм.
Шон Хинтон нь Англи, Австрали иргэншилтэй бөгөөд Монголд ажиллаж, амьдарч ирсэн нэгэн аж. Түүний хувьд олон улсын бизнес, нөлөөллийн хөрөнгө оруулалт, менежментийн зөвлөх үйлчилгээ, хүмүүнлэгийн чиглэлээр гуч гаруй жил ажилласан, олон улсын бизнесийн туршлага хуримтлуулжээ.
Тэрээр “McKinsey and Company” фирмд төрөл бүрийн алба хашсанаас гадна хэвлэл мэдээллийн салбарт удирдах шатны олон төрлийн ажил хийж байсан. Түүнчлэн, шинэ тутам хөгжиж буй зах зээлд нөлөөллийн болон хариуцлагатай хөрөнгө оруулалт хийх, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлд ажлын замналынхаа дийлэнх хугацаанд ажиллаж ирсэн байна.
Тэрээр анх “British Council” хөтөлбөрийн хүрээнд 1988 оны 12 дугаар сард Монголд ирж, МУИС-д монгол хэл суралцах болсон. 1990-ээд оны эхээр Монголын баруун хязгаар Ховд аймагт нүүдэлчин малчдын дунд амьдарч, Монголын уртын дууны өвөрмөц уламжлалын талаар эрдэм шинжилгээний ажил хийж байжээ.
1990-ээд онуудад Монголд багагүй хугацааг өнгөрүүлж, Английн “Raleigh International” хүмүүнлэгийн байгууллагын зохион байгуулдаг олон улсын залуучуудын хөтөлбөрийн анхдагч ээлжийн нэгийг зохион байгуулсан бөгөөд энэхүү ажлынхаа хүрээнд алслагдсан орон нутгийн иргэдэд эмнэлгийн болоод бусад шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэсэн байна. Мөн тэрээр Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай анхны бизнесүүдийн нэг болох “Номадс” жуулчны компанийг үүсгэн байгуулсан.
Шон Хинтон Монголоос явсныхаа дараа ч Монголыг дэлхийн бусад улс орнуудтай холбох харилцаа хамтын ажиллагааг байнга дэмжсээр ирсэн бөгөөд үүний нэг жишээ нь 1997 онд Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон явдал юм.
Шон Хинтон 2008 онд Монголд эргэн ирж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр “Goldman Sachs” хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллажээ. Тэрээр мөн Оюу толгой төслийн эхний жилүүдэд Рио Тинто группт зөвлөхөөр ажиллаж, бүс нутгийн эдийн засгийн хөгжил, орон нутгийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Төслийн эерэг нөлөөлөл” хөтөлбөрийг удирдаж, Оюу толгойд өргөн хүрээтэй дэмжлэг үзүүлж ажилласан байна.
Тэрээр 2015-2022 онуудад нөлөөллийн хөрөнгө оруулалт, тогтвортой санхүүжилтэд чиглэсэн хэд хэдэн үүрэгт ажлын зэрэгцээ Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн “Эдийн засгийн хөгжлийг дэмжих Соросын сан”-г удирдаж, олон улсын хүмүүнлэгийн бусад төсөл хөтөлбөрт нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан байгуулахад нь зөвлөж ажилласан байна.