“Гэр бүл-Соёлын анхдагч орчин” соёлын боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

0

Гэр бүл-Соёлын анхдагч орчин” соёлын боловсрол олгох хөтөлбөрийн нээлт Үндэсний номын санд өнөөдөр боллоо.  

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, НҮБ-ын Хүүхдийн сантай 2023 оноос эхлэн санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд “Гэр бүл-соёлын анхдагч орчин” хүүхэд, гэр бүлд чиглэсэн соёлын боловсрол олгох хөтөлбөрийг өнөөдрөөс эхлэн хоёр сарын турш Монгол Улсын Үндэсний Номын сан /шинэ байр/, Зайсан хилл соёл, амралтын цогцолборт долоо хоног бүрийн баасан, бямба, ням гарагт зохион байгуулах юм.

Хөтөлбөрийн нээлтэд НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан мэндчилгээ дэвшүүлэв.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Хүүхэд залуучуудын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Алтанцэцэг,  “Алсын хараа-2050 бодлогын баримт бичигт гэр бүл бол хүний соёлын анхдагч орчин хэмээн заасан. Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа мэргэжлийн урлагийн байгууллагуудын соёл, урлагийн боловсрол олгох хөтөлбөрийг олон нийтэд хүргэхээр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгт оролцсоноор аав, ээжүүд хүүхдийнхээ авьяас чадварыг мэдэж, хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой” гэв. 

Хөтөлбөрийн хүрээнд музейн боловсрол олгох, гар урлал, оньсон тоглоом, хүүхдийн номын зохиолчидтой хийх уулзалт зохион байгуулна. Хөтөлбөрт Монгол Улсын Үндэсний Номын сан, Монголын Үндэсний музей, Чингис хаан Үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерей, Улсын Хүүхэд залуучуудын театр, Улсын Хүүхэлдэйн театр,  Хүүхдийн төв номын сан боловсролын олон талт хөтөлбөрүүд хэрэгжүүлэх юм.

Нийгмийн соён гэгээрлийг дэмжиж, хүүхэд иргэдэд хүргэх соёлын орон зайг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд Оюуны Ундраа группийн “Зайсан хилл” соёл, амралтын цогцолбор хамтран зохион байгуулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *