Р.Раш: Манай улс хос төмөр замтай л болмоор байгаа юм

0

Улаанбаатар төмөр замын дарга, Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн асан Р.Раштай ярилцлаа.


-Төмөр замын царигийн асуудлаар бид олон жил маргаж ирлээ. Та бол нарийн царигийн төмөр зам барих асуудлаар тод дуугарч ирсэн хүн. Одоо ер нь Улаанбаатар хотыг дайруулаад нарийн цариг барих боломжтой юу?

-2010 онд “төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого” баримт бичгийг УИХ-аар баталсан. Энэ бодлогын төслийг Зам тээврийн яамнаас боловсруулсан. Тэр үед би ажлын хэсгийн ахлагчаар томилогдож, уг төслийг нэлээн өөрчилж, УИХ-д оруулсан. Ажлын хэсэгт Зам тээвэр, аялал жуулчлалын сайд байсан Г.Батхүү агсан, Хөдөлмөрийн баатар Бадамцэрэн зэрэг хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл, төмөр замын мэргэжлийн хүмүүс нийлж тус ажлын хөтөлбөрийг гаргасан.

Таван толгойгоос урагш хил хүртэл 200 гаруй км газарт нарийн царигийн төмөр зам барьчихвал яасан юм бэ. Худалч хүнд чулуу шидээд хүрчих газар шүү дээ. Ингэвэл зардал бага, хурдан, хөнгөн шуурхай учраас энэ саналыг боловсруулсан. Унтаж байхдаа нойрон дундаа хүртэл босоод ийм байвал зүйтэй гэсэн тэмдэглэл бичиж байлаа. Ийм маягаар төсөл боловсруулагдаж УИХ-ын нэгдсэн чуулганаар орох боллоо. Гэтэл тэр санал маань ажлын хэсэг дээр дэмжлэг аваагүй. Оросын Элчин сайд тухайн үед над руу ярьж байсан. Орос их баян, алттай гээд л нөгөө геополитикийн асуудал мөн яригдаж байна. Би түүнд “Надад Орос улсыг доош нь хийсэн зүйл огт байхгүй. Өндөр хөгжилтэй аж үйлдвэрийн орон. Манайх бол нүүрсээр амьдардаг улс. Таван толгойн нүүрсээ зардал багатайгаар олон улсын зах зээлд нийлүүлэх гэсэн юм. Түүнээс би өөр юм бодоогүй” гэсэн байр суурийг хэлсэн. Оросын Элчинд манай талаас энэ нөхөртэй уулзахгүй бол болохгүй байна гэж шивнэсэн зүйл байсан байх. Түүний дараа дахиж уулзсан. Надад жаахан тайлбар өгсөн аястай өнгөрсөн. Ингээд нэгдсэн чуулганаар орсон чинь тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд Сү.Батболд нар намайг дэмжсэн. Гэвч болдоггүй. Хоёр гишүүн намыг төлөөлж надад хэлж байна. Ч.Хүрэлбаатар, Д.Дондог нар “Раш гишүүн ээ, хатуу байр сууриасаа ухрахгүй бол юу ч үгүй үлдэх нь. Нэг хэсэг нь үүнийг зөвшөөрөхгүй” гэсэн.

Ингээд би ч байр сууриа зөөлрүүлж Өмнөговь хил хоёрын хоорон дах цариг ямар байхыг Засгийн газар хэлэлцээд УИХ шийдвэрлэнэ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Эрээн-Замын-Үүд хоёрын хооронд нарийн цариг яваад удаж байна. Үүнийг л жоохон уртасгаад хил гаргах боломжтой. Энэ нь их ашигтай. Нэг вагоноос нөгөө рүү зөөж шилжүүлж ачина гэдэг маш ажиллагаатай.

2008 оны найм, есдүгээр сард Эрхүү хотод Байгалийн эдийн засгийн форум болсон юм. Тэр форумд надаас гадна тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэй хүмүүс явсан. Оросын төмөр замын сайд бидэнтэй ирж уулзсан. Тээврийн сайд нь мөн адил ирсэн. Тээврийн сайд надад “Таны бодож байгаа зөв шүү” гээд өөр олон зөвлөгөө өгсөн. Гэтэл Төмөр замын сайд нь манай Өмнөговийн нүүрсний замыг аль болох холоор тойруулах хар зураг бидэнд зурж үзүүлсэн. Тэгэхээр нь би “Төмөр зам бол аль болох дөт замаар хурдан шуурхай, ачаагаа хэрэглэгчид аваачиж өгөх ёстой биз дээ. Гэтэл манай Таван толгой нь нүүрсийг толгой нь эргэсэн юм шиг далайгаар тээвэрлэх гээд байгааг ойлгохгүй байна. Цаашдаа ч ойлгохгүй байх” гэж хэлсэн. Тухайн үед тэр хүн надад их дургүй байсан байх.

-Улаанбаатар хотоор дайруулаад нарийн цариг тавьбал хэдий хугацаа шаардагдах бол?

-Урдаас Улаанбаатар руу нарийн цариг орж ирэх боломжгүй байх. Одоохондоо ийм зүйл бүтэхгүй. Богд уулын цаагуур төмөр зам тавина гэж яриад байгаа шүү дээ. Энэ төмөр зам бол байх ёстой төмөр зам. 1979 онд

Тухайн үеийн Улс төрийн товчооны гишүүн Д.Лувсанравдан гэдэг хүн. Хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэж байхдаа энэ замын талаарх санаагаа олсон гэдэг. Тэр үед би өртөөний жижүүр хийдэг байсан. Тухайн үед төмөр зам бөгс эргэх зайгүй байлаа. Олон улсын хурцадмал байдал цаашдаа тэлбэл энэ төмөр замыг Богд уулынхаа араар тавьчихвал яасан юм бэ гэсэн санааг Д.Лувсанравдан гуай гаргасан. Түүнээс хойш бид их ярьсан. Үнэхээр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хотын төвд буухгүй ачааг тэр замаар тээвэрлэх хэрэгтэй. Энэ нь эдийн засаг, аюулгүй байдал талаасаа ч тэр, магадгүй улс төр талаасаа ч ашигтай. Уг нь бид энэ ажлыг эхэлсэн ч Оросын тал таатай хүлээж аваагүй.

Өргөн царигийн 1520 мм дотор гурав дахь зам тавих хэрэгтэй. Энэ замын талаар сайтар судлах хэрэгтэй. Учир нь өргөн, нарийн замыг аль алийг нь хэрэглэх үед нэг талын зам нь элэгдэх эрсдэлтэй байдаг.

Хоёр их гүрний дунд байгаа улс шүү дээ, бид. Налайхын төмөр зам нарийн байсан ч 1958 онд түүнийг хуулж авсан. Дараа нь өргөн төмөр зам тавьсан.

Тиймээс Улаанбаатар хотыг дайруулж нарийн цариг тавихгүй байх. Тавьбал Богд уулыг тойруулах боломжтой. Бид нөхцөл байдлаа сайн харах хэрэгтэй. Бидний боломж бололцоо муу. Зай багтаамжийн хувьд ч тэр төмөр замыг бараг даваад ороод ирэх хэмжээнд байшин барилга баригдчихсан байхад ахиж нарийн болгох нь боломжгүй. Үүний оронд хоёр дахь төмөр замтай л болмоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, хос төмөр зам гэсэн үг. Одоо байгаа галт тэрэгнүүд үнэндээ багтахгүй байна. Замын-Үүдийг хөгжүүлэхийн төлөө хөрөнгө их зарцуулж байна. Монгол-Хятадын дунд байгаа стратегийн том газар шүү дээ.

-Хос төмөр зам баривал хөрөнгө их шаардагдах байх. Ер нь төмөр замд гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж бий юу?

-Би “Ган зам” сонинд ярилцлага өгөхдөө “Төмөр замд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Түүгээрээ хоёр дахь төмөр замынхаа ажлыг эхлүүлэх шаардлагатай. Бусад шаардлагатай зүйлсээ шинэчлэх хэрэгтэй” гэж ярьсан. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Элчин сайд намайг урьж, уулзсан. Богд уулын цаагуур тавих болоод хоёр дахь төмөр замын талаар ярьсан ч яах талаар мэдэхгүй байна гэж ОХУ-ын Элчин сайд надад хэлсэн.

Бид өмнө нь Япон улсаас дэмжлэг авч байсан. Түүнийхээ ачаар олон шинэ зүйлтэй болсон. Одоогийн байгаа төмөр замын хөрөнгө оруулалт дунд зэрэг л байна.

В.Путины саяны айлчлалын үеэр зам тээврийн асуудал мөн яригдсан. Гэхдээ тэр үеэр яригдсан зүйлүүд бүгд манай дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд.

Замын-Үүдээс Улаанбаатарын хооронд хос төмөр зам барих ажил эхэлчихсэн шүү дээ. Шаргын-Овоо гэж зөрлөг бий. Тэнд 14.7 км газар хос төмөр зам тавьсан. Энэ замаар өнөөдөр хөдөлгөөн хийгдэж байна. Хойд хэсгийн төмөр замаа хос болгочихвол бидний ачаалал ч багасна. Үүнийг хийхэд мэдээж гадаадын том хөрөнгө оруулалт хэрэгтэй. Өнөөгийн төр засгийн хэрэгжүүлж байгаа гурав дахь хөршийн бодлого маш зөв.

Бид өөрсдийн бодит байдлаа харуулж байх хэрэгтэй. Монголчуудад суудлын галт тэрэг хэрэггүй. Бүгдийг нь ачааных болгож байж сая үр ашгийн тухай яригдана гэцгээдэг. Гэтэл Улаанбаатар төмөр замын ганц өнгө зүс нүүр царайг суудлын галт тэрэг тахалж байгаа шүү дээ.

Төмөр зам бол нийгмийн ачааллыг өөр дээрээ авч явдаг. Хоёр хөршөө маш сайн судлах хэрэгтэй байна. Энэ л бидэнд дутагдаад байна. Элчин сайд нар байгаа ч яаж ажилладгийг бид сайн мэдэхгүй. Хоёр хөршийн төмөр зам, галт тэрэг бидний төсөөллөөс давчихсан. Хөгжлийн түвшин биднээс хэт илүү байгаа. Үүнийг л бид сайн судлах хэрэгтэй.

Цагтаа ОХУ-ын төмөр замын сайд бидний галт тэргийг Берлиний галт тэрэгнээс ялгарах юмгүй байна гэж магтаж байлаа шүү дээ. Тэр үед би их баярлаж байсан. Гэтэл одоогийн бидний байдал хоцрогдчихлоо шүү дээ.

-Одоогийн баримталж байгаа төмөр замын бодлогын хаана ямар алдаа байна гэж та харж байна вэ?

-Хөгжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг л байна шүү дээ. Замчдынхаа цалин, амьдралын чанарыг нь дээшлүүлэх чиглэлд нэлээд сайн байгаа. Цаг өөр болж байна. Урам хайрлах, шагнал урамшууллын асуудлыг их аятайхан болгосон санагддаг. Хүн чинь урмын амьтан. Бурам бол бодит юм. Урам бол хийсвэр зүйл. Энийг л би шүтэж явдаг даа.

-Зүүн босоо чиглэлд барих төмөр замд Багануур багтах болов уу?

-Энэ чиглэлд би Багануур багтахгүй гэж бодож байгаа. Дайраад өнгөрөхгүй Сүхбаатар аймгаар тойрох байх.

-Баянхонгорын цаахна талд байдаг хилтэй ойрхон цүдгэр газарт төмөр зам тавьчихвал “Стан”-ы орнууд руу гарах гарц нээгдчих юм биш үү?

-Энэ талаар ярих зүйл одоохондоо надад алга даа. Дээхнэ үед бодож л байсан. Урагшаа явах нарийн царигийн төмөр зам ингээд орчихвол манай бүтээгдэхүүн цаашаа Иран зэрэг орнууд руу худалдаалагдах бүрэн боломжтой гэж би бодож байсан. Одоо би өөрийн туршлагаа төмөр замын залуусдаа хуваалцаад л явж байна.

-Манай төмөр замын 50 хувийг Улаанбаатар төмөр зам, үлдсэн 50 хувийг Орос улс эзэмшдэг. Үүнийг 51 хувийг манай тал авах боломж, гарц одоо бидэнд бий юу?

-Миний үед энэ асуудлаар 11 удаа уулзалт хийж байсан.

Энэ асуудлаар мэргэжлийн хүмүүс, Улсын гааль, Гадаад харилцааны яам зэрэг холбогдох газрын мэргэжилтнүүд нийлсэн надаар ахлуулсан баг байгуулагдсан. Гэтэл ОХУ-ын талтай энэ асуудлыг ярих гээд очихоор Оросын төмөр замын орлогч сайд л уулздаг. Бусад нь хаалттай болчихоод болдоггүй. Арга ядаад Засгийн газрын хурал дээр “Та бүхний дэмжлэг, туслалцааг аваад Москвад очоод уулзахаар орлогч сайдтай л уулзаж байна. Оросын төмөр замын орлогч сайд Оросын талаас энэ асуудлыг толгойлж байгаа юм билээ. Оросын Сангийн яам, Хууль зүйн яам оролцдоггүй” гэдгийг нэг бус удаа хэлж байсан. Дараа нь би Засгийн газарт богино хугацаанд ажиллахдаа энэ хэлэлцээрийн асуудлаар тогтоол гаргуулсан.

Тухайн үед Оросын Сангийн сайд, сүүлдээ Орос улсын ерөнхий сайд болсон Касьянов дуудаж, хүлээж авч уулзаж их өрийн тухай Улаанбаатарын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар ярьж байсан. 50 хувийг ямар нэгэн байдлаар 51 хувь болгох асуудал дэндүү хэцүү хязгаарлагдмал.

Хууль зүй, дотоод хэргийн яам юм уу, эсвэл Гадаад харилцааны яамны аль нэгээр нь ахлуулаад бидний боловсруулж байсан материалыг сайтар шалгаж үзээсэй. Тэр бол манай мэргэжилтнүүд нийлж хийсэн маш сайн төлөвлөгөө юм шүү дээ. Түүнийг барьж аваад улам идэвхтэй л оролцох хэрэгтэй.

В.Путин ч юм уу өөр хэн байдаг юм бэ Оросын нөлөө бүхий сайдыг Монголд айлчлах үеэр, эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлал хийх үеэр хэлэлцэх асуудлын дунд 50 хувийн энэ асуудлыг оруулбал гарын үсэг зурах боломжтой. Энэ асуудлаар ийм л гаргалгаа байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *