Тамхины татварыг нэмэх шаардлагатай гэж дүгнэжээ
Олон улсын эрүүл хотуудын холбооны Монголын сүлжээнээс Монгол Улсын Тамхины үйлдвэр, худалдааны байгууллагуудын засаглалын ил тод байдлын судалгааг хоёр дахь удаагаа гаргалаа.
Манай улсын Тамхины үйлдвэрийн хөндлөнгийн үзүүлэлт (ТҮХҮ) индексийн оноо 2021 онд 38 байсан бол 2023 онд ямар нэгэн өөрчлөлтгүй, мөн 38 оноо байна. Энэ нь тус салбарт төрийн зохистой бодлого шаардлагатайг харуулж байгаа юм.
Судалгаагаар, Монгол Улс нь Тамхины хяналтын тухай суурь конвенцын 5 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэхэд ахиц дэвшилгүй, тамхины хяналтын хууль эрх зүйн орчин хязгаарлагдмал, электрон тамхи, бусад шинэ бүтээгдэхүүнийг зохицуулах журам байдаггүй. Мөн тамхины үйлдвэрийг тухайн салбарын бодлого боловсруулахад шууд оролцуулдаггүй ч, Засгийн газар, үйлдвэр, худалдааны салбарын хоорондын харилцааны ил тод байдал хангалтгүй гэж дүгнэжээ.
Цаашид тамхины үйлдвэрлэл, худалдааны оролцооны индекс (TII)-ийн оноог сайжруулахын тулд ил тод байдлыг дээшлүүлэх, хууль эрх зүйн орчин болон шинээр гарч ирж буй бүтээгдэхүүний зохицуулалтыг бэхжүүлэх, тамхины татварыг нэмэх, салбарын нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг хориглох, зөрчлийн эсрэг бодлого боловсруулах шаардлагатай байна. Тодруулбал, Засгийн газрын болон тамхины салбарын төлөөлөгчдийн уулзалт, хэлэлцүүлгийн хөтөлбөр, үр дүнг ил болгох нь хариуцлагыг сайжруулж, салбарын нөлөөг бууруулна. Мөн тамхины салбар улс төрийн намуудад, сонгуулийн сурталчилгаанд, Засгийн газрын төсөлд хандив өгөхийг хориглох хэрэгтэй. Бүх төрлийн тамхины бүтээгдэхүүнд ногдуулах онцгой албан татварыг олон улсын жишигт (жижиглэн худалдааны үнийн 70%) нийцүүлэн нэмэх нь хэрэглээг, салбарын нөлөөг багасгана. Тамхины салбарын эерэг имижийг бүрдүүлэх зорилготой нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг болон Засгийн газрын хуучин албан тушаалтнуудыг тамхины салбарт ажиллахыг хориглох хэрэгтэй. Электрон, халаадаг тамхи, усан яндан зэрэг бүтээгдэхүүнийг Тамхины хяналтын тухай хуульд багтааж, маркетинг, борлуулалт, татварын зохицуулалт хийх шаардлагатай. Ингэснээр Монгол Улс тамхины хяналтын бодлогоо сайжруулах боломжтойг Олон улсын эрүүл хотуудын холбооны Монголын сүлжээ мэдээллээ.
Тамхины хяналтын тухай суурь конвенцид нэгдсэн улс орнууд хөндлөнгийн буюу ТББ, олон нийтийн оролцоотой улс орнуудад 2 жил тутам хийдэг тус үнэлгээг манай улс 2021 онд анх хийжээ.