Хиймэл оюуны тусламжтайгаар цөлд археологийн нээлт хийнэ
АБУ-ДАБИ, 2024 оны есдүгээр сарын 26 /CNN/. Арабын хойгт 650 мянган хав.дөр.км талбайг эзлэн орших Руб-эль-Хали цөлийг “Empty Quarter” гэж нэрлэдэг. Ихэнх хүний хувьд энэ нь шаргалтан харагдах элсэн манхан бүхий эзгүй хоосон газар мэт санагддаг. Гэхдээ хиймэл оюун ухааныг ашиглаж буй эрдэмтдийн хувьд тийм биш ээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хот дахь “Халифа” их сургуулийн судлаачид асар том талбайг эзлэн орших үржил шимгүй энэ газар нутгаас археологийн дурсгалт газруудыг хайж олохын тулд өндөр технологийн шийдлийг боловсруулсан байна.
Уламжлал ёсоор археологичид ийм газруудыг илрүүлэхийн тулд газрын судалгааны аргыг ашигладаг боловч энэ нь элсэн цөл гэх мэт хатуу ширүүн нөхцөлтэй газар оронд цаг хугацаа их шаарддаг тул хүндрэлтэй байдаг. Сүүлийн жилүүдэд “Google Earth” зэрэг программын тусламжтайгаар хиймэл дагуулын зургуудыг ашиглан зайнаас тандан судалснаар өргөн уудам газар нутгаас ер бусын олдворуудыг хайж илрүүлэх нь түгээмэл болсон. Гэхдээ цөлд байнга дэгддэг элсэн болон шороон шуурганы улмаас зургууд бүдэг гардгаас гадна элсэн манхны долгионт хээ нь археологийн нээлт хийхэд саад учруулдаг байна.
Агаар мандал судлаач, төслийн ахлах судлаачдын нэг Диана Фрэнсис хэлэхдээ, судалгаандаа төвлөрөхөд туслах ямар нэгэн зүйл бидэнд хэрэгтэй байсан гэлээ. Иймээс объект, ландшафт зэргийн хоёр хэмжээст зураг, гурван хэмжээст загварыг гаргахад ашигладаг “synthetic aperture radar” (SAR) радарын цуглуулсан зургуудад дүн шинжилгээ хийж чадах машин сургалтын алгоритмыг бүтээсэн бөгөөд энэ нь ургамал, элс, хөрс, мөс зэрэг гадаргуугийн дор нуугдаж буй объектуудыг илрүүлэхийн тулд радио долгион ашигладаг хиймэл дагуулын зургийн техник юм.
Эдгээр технологи нь шинэ зүйл биш бөгөөд SAR дүрслэлийг 1980-аад оноос хойш ашиглаж ирсэн бол машин сургалтын арга нь өдгөө археологийн салбарт улам түгээмэл болж байна. Гэхдээ энэ хоёрыг хамтад нь ашиглах явдал бол шинэ зүйл гэдгийг Д.Фрэнсис хэлээд, энэ бол археологийн салбарт анхдагч гэдгийг онцоллоо. Уг алгоритмыг археологичдын хэдийнээ судалж тогтоосон мэдээлэл, өгөгдлийг ашиглан сургасан байна. Ийн сургасны дараа уг алгоритм өдийг хүртэл малтлага хийгдээгүй бусад боломжит газрыг тодорхойлж өгчээ. Энэхүү технологи нь 50 см-ийн нарийвчлалтай бөгөөд газар доор байх магадлалтай олдворын 3D загварыг гаргадаг тул археологичдод тэнд байгаа зүйлийн талаар илүү тодорхой мэдээллийг өгөх юм.
Д.Фрэнсис болон түүний багийнхан тус цөлийг хариуцдаг Дубайн Соёлын байгууллагатай хамтран газрын судалгаа хийсэн байна. Одоо тус байгууллага шинээр тодорхойлсон газруудад малтлага хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү шинэ арга нь цаашдаа илүү олон археологийн дурсгалт газрыг илрүүлнэ гэдэгт археологичид итгэлтэй байна.