Найруулагч Б.Минжүүрдорж: Хандив гуйж хавдартай тэмцдэг амьдрал надаар дуусаасай
Түүнтэй уулзаж ярилцана гэхээс бэргэж байв. Саяхан л хамт ажиллаж, инээж наадаж явсан гэгээн цагаан, цовоо цолгиун дүү минь хорт хавдар гэх “хорлонтой” өвчнөөр өвдөөд жил зургаан сар болж байгаа юм. Цусны цагаан эсийн цочмог хорт хавдар.
Анх энэ өвчинтэй нүүр тулснаа дуулгаж яриад, “Азаар дүү нь монголдоо эмчлүүлэх боломжтой юм байна” хэмээн хүнгэнэтэл инээж билээ. Гэвч хавдрын эс хими эмчилгээндээ дарагдахгүй болж, эмч нар нь “Яаж ийгээд гадагшаа явсан нь дээр болчихлоо” гэж зөвлөжээ. Энэ мэдээг тэр ч, бид ч долоо хоногийн өмнө сонссон юм.
“Баларсаан, дүү нь Монголд эмчилгээгүй болчихлоо. Автобусанд явж байна, буугаад тухтай ярья”.
Энэ дуудлагаас хойш гурав хоногийн дараа бид нүүр тулж уулзаж, ярилцлаа.
-Эргээд дурсахад хөндүүр ч онош сонссон өдрөөс яриагаа эхлэх үү?
-2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байсан. Хан-Уул дүүргийн эмнэлэгт цусны шинжилгээ өгсөн. Хоёрдугаар сарын 14-нд эмч яриад “Чи яаралтай хүрээд ир” гэхээр нь очлоо. Эмч “Шинжилгээний хариу муу гарсан, ээж чинь эмч хүн гэсэн. Ярих шаардлагатай байна” гээд л.
Ингээд ээж Шандаас ирж, I эмнэлэгт шинжилгээ өгөөд, дахиад гурав хоногийн дараа яснаас шинжилгээ авна гэж хэлсэн. Гэхдээ л эмч 98 хувийн магадлалтай шүү гэсэн. Тэр өглөө нар өнгөгүй ч юмшиг, яасан муухай өдөр вэ гээд бодож байтал тийм хариу сонсоод орой нь баталгаажсан.
-Итгэмээргүй байсан уу?
-Сандарч байсан ч биш байгаасай гэж бодоогүй. Миний туулах ёстой зам байх л гэж бодсон. Валентины өдөр байсан. Найз охин, ах эгч, ээж гээд олуулаа бужигнаад л. Хүн яг тийм үед мэдрэмжээ ил сул гаргаж чаддаггүй юм билээ. Яг үнэндээ одоо л надад маш хэцүү байгаа. Хоёр жилд монголдоо эмчлэгдээд болчихно гээд өөрийнхөө хийж чадах бүхнийг хийгээд дуусчихсан болохоор эвгүй байгаад байна. /уйлав/
Хавдар батлагдаад монголдоо эмчлэгдэх боломжтой гэсэн хариу өгөнгүүт надад гадаад явах мөнгө байхгүй, монголдоо эмчлүүлэх боломжтой нь азтай юмаа гээд олзуурхаад гүйж явлаа. Жил гаруйн хугацаанд таван хими эмчилгээ хийлгэсэн. Сая зургаа дахь эмчилгээндээ орох гээд хэвтээд тогтворжуулах эмчилгээ хийх үеэр эмч нар зөвлөлдөөд одоо бид нарт ганцхан схем эмчилгээ байна. Хийе гэхэд маш хүнд. Тэгэхээр яаж ийгээд гадагшаа яв гэж зөвлөсөн. Долоо хоногт чадах чинээгээрээ хүмүүстэй уулзлаа.
-Эмч нар нь Монголдоо эмчлэх боломжтой гэснээр жил гаруй хугацаа өнгөрсөн. Яваандаа боломжгүй болж магадгүй гэх эрсдлийг хэлж байгаагүй юу?
-Өнөөдөр миний энд ингээд та нартай ярилцаад бүүдгэр ч гэсэн ирээдүйгээ яриад сууж байгаа нь УНТЭ-ийн Цусны тасгийн эмч нарын маань ач тус. Эмч нар надад анхнаасаа үүдэл эс суулгаснаар илүү үр дүнтэй эмчилгээ болно гэдгийг анхнаасаа хэлсэн. Хоёр хими эмчилгээний дараа төрсөн ах, дүү хоёроо шинжилгээнд оруулахад 20, 50 хувьтай гараад боломжгүй болсон.
Манай монголын эмч нар үнэхээр чадвартай. Хэрвээ ах, дүү хоёрын нэг нь өндөр хувьтай таарсан бол эмч нарын хэлснээр үр дүнтэй үргэлжлэх байсан. Миний энэ тасагт цусны хорт хавдартай нас, насны хүмүүс бий. Эндээ хими эмчилгээндээ тогтворжсон хүмүүс олон байгаа. Цусны хавдарт үүдэл өвчин гэж байдаггүй гэж сонссон.
-Бид нар ээжтэй нь ярихад хугацаа алдчихсан гэж харамсаж байсан…?
-Хавдартай тэмцээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд бие муудах, байдал бүр дордох гээд зөндөө асуудал байсан. Тэр болгонд хүн өөртөө бишг ард үлдэж байгаа хүмүүстээ хамгийн их санаа зовдог юм билээ. Ээж яах бол, ах яах бол, найз охин яах бол гээд боддог. Би эрүүл болно гэсэн итгэлээр тэсрэхгүй маш удаан явсан.
Сая Сайншандад очоод 10 жилийн багштайгаа уулзаад, багшдаа харцнаас миний төлөө ямар их зовж шаналж байгааг мэдэрсэн. Тийм ч учраас ээжтэй уулзахаас яг энэ мэдрэмжүүдээ мэдрүүлэхгүй гээд зугатаадаг. /Уйлав/ Ээж намайг өвдсөнөөс хойш мартамхай, сандруу их өөр болсон. Ийм дээрээ миний сэтгэлзүйн байдлыг мэдэрвэл … Үнэхээр ярьж чадахгүй нь уучлаарай.
-Том болох тусам бүх юмс хэцүү болчихсон-
Минжүүр тайвширч эмээ уув. Сэтгэлзүйгээ өөрөө маш сайн удирдахгүй бол зүрх салгалаад намддаггүй гэв. Тэр ээжийн хайртай хүү. Энэ өвчний хажуугаар ээжийгээ өрөвдөж, хайрлаж, сэтгэлийг нь өвтгөхгүй гэсэндээ нээлттэй ярилцалгүй жил гаруй болжээ. Дээрх асуулт дахь ээжийн харууслыг энд тайлбарлая. Тэрбээр 2022 оны аравдугаар сард цэрэг татлагад орж, шинжилгээ өгөхөд эмч нь “Цусны архаг дутагдал байна. Дахин шинжилгээ өг” гэжээ. Биед нь ямар нэг зовиур байгаагүй учраас тэгсгээд орхичхож. Харин ээж нь байн байн шинжилгээ өгөөч гэж утсаар яриад байхаар нь нэгэн хувийн лабораторид өгсөн ч хариу нь хэвийн үзүүлэлттэй гарч, ээж нь тайвширсан гэдэг. Харин үүнээс хойш гурван сарын дараа хавдар оношлогдсон байдаг.
Тэр өдрийг хүртэл Б.Минжүүрдорж Оскарын шагнал хүртсэн Монголын анхны найруулагч болно гэх том мөрөөдөлтэй, юм бүхэнд өөрийгөө сорьсон адтай, авхаалжтай залуу дүүлж явсан юм. Түүний дүрэлзсэн их мөрөөдөл одоо БНХАУ-д очиж үүдэл эс шилжүүлэн суулгаж, хорт хавдраасаа ангижрах асуудлаар солигдчихсон.
-Хандив цуглуулах санаанууд хэрхэн төрж, төсөөлж байна вэ?
-Би КУДС-ийг төгсөөд TV-5 телевизэд найруулагчаар жил гаруй, дараа нь www.eguur.mn сайтдаа ажиллаж байсан. Хамгийн түрүүн энэ хоёр хамт олон руугаа л ирсэн. ТV-5 шууд эфирээр хандивын тоглолт зохион байгуулж өгнө гэсэн. Эгүүрийн хамт олон маань намайг өвдсөн бүх хугацаанд нэг ч удаа орхиогүй. Одоо бас ингээд туслаад л гүйцгээж байна. Дорноговь аймаг руу сая явсан шалтгаан нь нутгийнхаа хүмүүстэй сургуулийн захирал, багш нартайгаа уулзаад ирсэн.
Монголчууд энгийн үед нэгнээ нэг их анзаарахгүй байгаа юмшиг хирнээ өвдөж, зовохоор бүх сэтгэлээ дэлгэдэг хүмүүс гэдгийг мэдэрч байна. Уулзсан, гуйсан хүн болгон сэтгэлээрээ тусалж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна. Гадаад харилцааг нь ах нь явья, эгчдээ хариугаа явуулчих Солонгос руу явуулаад үзье гээд л. Өмнө нь би телевизэд ажиллаж байхдаа хандивын тоглолт дээр найруулагчаар суудаг байсан. Одоо аймаар сонин байр нь солигдоод би өөрөө хандив хэрэгтэй хүн болчихсон.
-Тэр үед хандивын тоглолтын найруулагчаар сууж байхад юу мэдэрдэг байсан бэ?
-Нэг жаахан охины хандивын тоглолтын найруулагчаар сууж байхдаа “Энэ хүүхэд ямар нэгэн буруу зүйл хийгээгүй байхад яагаад цаанаас нь ийм зүйл дайрч байгаа юм бол” гэдэг бодол эргэлдэж байсан. Дараа нь өөр дээр ирэхэд ч бас яагаад гэж асуусан, гэхдээ хэн ч хариулах боломжгүй юм билээ. Анхныхаа хими эмчилгээнд орох үед үсээ хусуулсан нь дээр гэхэд шууд л хусуулсан. Яг тэр үед яагаад, яагаад, яагаад заавал би гэсэн бодол огт салахгүй байсан. Тэгээд халзан толгойгоо хараад үнэнтэйгээ шууд эвлэрч, эмчийнхээ үгэнд л сайн ороод явья гэж шийдсэн дээ.
-Залуу хүмүүс бусдад хандахдаа санаа зовомтгой байдаг юмшиг санагддаг. Гэвч үнэнтэй эвлэрч, өөрийнхөө төлөө тэмцэлдэхээс өөр аргагүй л болчихлоо?
-Өвчинтэйгөө эвлэрээд ирэх үед огт өөр. Ёстой нөгөө надад юу ч наалдахаа байсан гэдэг шиг л болно. Арван жилд байхад хандивын аян гэхээр ээж дандаа оролцуулдаг байсан. Хандивын хайрцагт бас 500, 1000 төгрөг хийнэ. Тоглолтыг нь үзүүлнэ. Дараа нь том болоод хандивын тоглолтын найруулагчаар нь суугаад, таньдаг ах хандивын постер хийлгэнэ. Яагаад ингэдэг юмбол л гэж бодоод өнгөрдөг байсан.
Яг өөрт тулаад ирэнгүүт хандив гуйхаас өөр арга байдаггүй юм байна. Аав эмээг хараад хөдөө байдаг. Саяхнаас аймаг руу орж ирж харуулын ажилд орсон. Ээж өрхийн эмч, сая гаруйхан цалинтай. Надад биеэ арай дээрдэхэд хэсэг ажил хийж цуглуулсан 700 мянган төгрөг бий. Гэтэл эмчилгээний зардал аав, ээж, бид гурав нийлээд 10, 20 жил ажиллаад ч олж чадахгүй мөнгө болчхоор хандив гэсэн сонголт л үлдсэн. Би эрүүл байхдаа ажлынхаа хажуугаар халтуур хийгээд, өнөөдөр нэг шинэ юм сурчихья гээд л үнэхээр идэвхтэй нөхөр байж, одоо бодоход. Бүр Оскарын шагнал хүртсэн найруулагч болно гэж мөрөөддөг байсан.
-Байсан…?
-Тийм ээ байсан. Том болох тусам юм бүхэн л хэцүү болоод байна. Гэхдээ тэр мөрөөдөл минь ходоодны мухарт байж байгаа. Хэзээ ч арилахгүй байх. Одоо жаахан бодитой л байхгүй бол амьдрал байнгын дараастай. Ер нь мөрөөдөл зорилго өвдөхөөс өмнөх, өвдсөний дараах гэж хоёр төрөл байдаг байх. Миний мөрөөдөл одоо бол эдгэх, эрүүл хүмүүстэй адилхан харагдаж амьдрахыг хүсдэг. Бусдын л адил ипотекийн байр, лизингийн машин авч тэрийгээ төлөөд маш удаан амьдрахыг мөрөөддөг болсон. Найз охинтойгоо.
-Та хоёр удаан үерхэж байгаа юу?
-Таван жил үерхэж байгаа. Гэхдээ аав, ээжээс нь албан ёсоор гуйж ёсолж аваагүй. Намайг сургуулиа төгсөх үер ковид гарчихсан. Тэгээд найз охин эм зүйчээр сураад хоёулаа байр түрээслээд 2-3 жил болсон. Найз охиныг сургуулиа төгсөхөөр хоёулаа ингэж тэгж амьдарна гэж мөрөөдөж байтал би өвдчихсөн.
Харин одоо орчин нөхцлөө ажаад бүх зүйл болохгүй байгааг мэдэрч байгаа. Болохгүй л байгаад байна. Нэг нь ажилгүй, байнгын эмнэлэгт хэвтэнэ. Өглөө 8 цагаас ажилтай хүн тэрнээс өмнө надад хоол хүргэж ирнэ. Тэр хүнд маш хэцүү байгаа учраас би нэг шийдвэр гаргасан. Юу вэ гэхээр өдөр тутмын амьдралд нь асуудал болохгүй өвчнөө зөвхөн өөрийнхөө асуудал байлгахаар хичээж яваа.
-Ээждээ найз охиндоо хандаад юуг хэлмээр байна?
-Хүний мэдрэмжүүд гэдэг асуудлаас хэцүү зүйл байдаг гэдгийг монголд эмчилгээгүй гэсэн үгийг сонсоод мэдсэн. Үнэн мөнийг мэдрээд байгаа хэрнээ хайртай хүмүүсээ миний мэдэрч байгаа зүйлийг мэдрэхвий гэхээс айж дөлөөд хөндүүр сэдвээс дандаа хазайж яваа.
Ээжийг ярилцха гэхээр нь надад ажил байна гээд алгасаад явчихдаг. Ээж, найз охин, аав, ах, эгч, дүүдээ хэлэхэд надад гадагшаа эмчилгээнд явж тэр бүхнийг даван туулж чаднаа гэж хэлмээр байна. Би юунаас ч айхгүй байгаа. Нэгдүгээр эмнэлгийн хамт олны чадвараар би өдий хүртэл явж байна.
Тэр үедээ эмчилгээгүй гадаад яв гэсэн бол амьдарч хаашаа яаж эргэх байсныг хэлж мэдэхгүй байна. Тэд чадах чинээгээр эмчилдэг учраас би ингээд сууж байгаа. Одоо шинжилгээгээ хараад мэддэг болчихсон. Захын судаст хавдар гараад ирлээ, химидээ дахиад орох нь дээ гээд л. Би энэ эмч нартаа гэр бүлийнхнийхээ өмнөөс цусны хавдартай бусад хүмүүсийнхээ өмнөөс бас баярлалаа гэж хэлмээр байна.
-Өмнө үсээ хусуулчихсан хүн зөв хоолло, зөв амьдар гээд зөвлөхөөр сайн хүлээж авна гэж ярьж байсан. Хүмүүст хандаад юуг хэлмээр байна?
-Монголчууд бид нар амьддаа бие биенээ хайрлаарай гэдэг. Хайрлах нь зөв ч энэ дундаас өөрийгөө хайрлах нь хамгийн чухал юмаа. Утаанаас, нийгмийн стрессээс, хүнсний аюултай байдлаас өөрийгөө хамгаалж хайрлаарай. Юунаас болсон нь мэдэгдэхгүй өвчин тусчхаар хэцүү шүү.
Оюутан болж хотод ирээд ээжээс холдоод гуанзны хоол, бэлэн гоймон идэж удаан явсан. Эргээд бодоход ингээгүй бол тэгээгүй бол яах байсан гэх харамсал тээдэг. Тэгэхээр яг энэ мөчөөс эхлээд зөв амьдраарай, өөрийгөө хайрлаарай.
Бас нэг юмыг нэмж хэлэхэд, монголчууд хэдий болтол ингэж хандив гуйж хавдараа эмчлүүлэх юм бол. Гадаадад очиж хийлгэх гээд байгаа эдгээр эмчилгээнүүд Монголд байдаг бол хэчнээн хүн энэ замыг туулахгүй амьдрах бол. Энэ бүхнийг мэддэг хүмүүс яагаад ажиллахгүй байгаа юм бол гэх мэтээр маш их бодож байгаа.
Манай улс хөгжөөд удахгүй хавдрын супер том эмнэлгүүд бариасай. Хандив гуйж хавдартай тэмцдэг амьдрал надаар дуусаасай.
Эх сурвалж: Eguur.mn