Н.Тавинбэх: Энэ өвөл оргил ачааллын үед 70-80 мВт-ын дутагдал үүсэх тооцоолол гарсан
Энэ өвөл оргил ачааллын цагаар цахилгаан хязгаарлах эсэх асуудлаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр “17-21 цагийн хооронд ачаалал 20-30 хувиар нэмэгдэж, бусад үед нь тогтворждог. Оргил цагийн ачааллыг хангах асуудал үүсэж байгаа юм. Энэ өвлийн их ачааллаас өмнө эрчим хүчний салбарын суурилагдсан эрчим хүчний чадлыг 200 мВт-аар нэмэгдүүлж байгаа. Гэсэн ч оргил ачааллын цагуудад ачаалал өсөлттэй байна. Энэ жилийн гаргасан тооцооллоор оргил ачааллыг давахад 70-80 мВт-ын чадлын дутагдалд орохоор байна. Хэрэв оргил ачааллын үед ийм хэмжээний дутагдал үүсвэл 70-80 мВт-аар хязгаарлалт хийнэ. Ингэхдээ урьдчилан мэдэгдэж цахилгаан хязгаарлана” гэсэн юм.