Эргэцүүлэх: Н.Өнөрцэцэгийн ялын тал хэсэгт нь үндэслэгдсэн ганц хэрэг юу байв?

0

Сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс дөрвөн жил, есөн сарын хорих ял оноосон. Өмгөөлөгч нар нь давж заалдах шатны шүүхэд хандсан ч хуралдаан өнөөг хэр товлогдоогүй байна. Түүнчлэн, Н.Өнөрцэцэг яг ямар хэрэгт холбогдсон талаар дэлгэрэнгүй бөгөөд тодорхой мэдээлэл өгсөнгүй өдийг хүрлээ.

Н.Өнөрцэцэгийг дөрвөн зүйл ангиар буруутгасан гэдэг л ил.

Тэгвэл, тэдний нэг нь Эрүүгийн хуулийн 13.11-т заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэдэг үндэслэл юм. Н.Өнөрцэцэг хэний, ямар нууцыг задруулав?

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр нэгэн кейс дурдсан нь анхаарал татсан. Тэрбээр “Хүчирхийлэгчийн мэдээллийг ил болгоод, ял авдаг шударга ёс хаана байна вэ. Энэ бол хүүхэдтэй хүн бүрийн мэдэх эрхийн асуудал. Гадаадын оронд байшин авахдаа хүртэл, эргэн тойронд нь хүчирхийлэгч бий эсэхийг шалгаж мэддэг” гэж дуугарсан юм.

Энэ Н.Өнөрцэцэгийг хэлсэн явдал байв.

Дорноговь аймагт 12 настай охин амиа алдсан эмгэнэлт хэргийн үеэр алуурчны талаарх мэдээллийг Н.Өнөрцэцэг дэлгэж, асуудал хөндсөн.

Тодруулбал, 12 настай охиныг хичээлээс тарахад нь машиндаа суулгаж, машиныхаа өнгийг будаж өөрчлөх замаар цагдаа нарыг төөрүүлж, улмаар амийг нь хөнөөж газарт булсан Г.Гантулга гэгч нь 1995 оноос бүртгэлтэй хүн байв.

  • 1995 онд 19 настайдаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж, зургаан сарын ял сонссон.
  • Дахиад 1998 онд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 12 жилийн хорих ял авсан.
  • 1999 онд ял эдэлж байх хугацаандаа оргож, дахин хулгай хийсэн тул 2.3 жил нэмүүлсэн.
  • 2009 онд дахин оргосон. Зургаан жил нэмүүлсэн.
  • 2014 онд танхайрч, олон тооны гар утас хулгайлсан хэргээр мөн зургаан жилийн ял сонссон.
  • Ингэж 2016 онд магадлангаар суллагдсан (хугацаанаасаа долоон жилийн өмнө).

Ийм этгээд 12 настай охиныг хөнөөжээ гэдгийг Н.Өнөрцэцэг мэдээлэв. Энэ мэдээлэл угтаа нууц биш. Цагдаагийн бүртгэл төдийгүй шүүхийн шийдвэрийн мэдээллийн санд тогтоолтойгоо бий. Сэтгүүлч баримтыг олж, мэдээлсэн л явдал.

Хоёрт, олон улсын жишгээр ч ийм хэмжээний гэмт хэрэгтний адал түүхийг хувийн нууцад хамааруулж авч үздэггүй. Эсрэгээрээ зарлан мэдээлж, сэрэмжлүүлж байдаг.

Атал Г.Гантулга гэгчийн төрсөн аав нь “Хувийн нууц задрууллаа” хэмээн гомдол гаргажээ.

Улмаар Н.Өнөрцэцэг дээрх дөрвөн зүйл ангийн нэг нь энэ болов. Болоод зогсохгүй, зөвхөн энэ үндэслэлд нь шүүх хоёр жилийн ял оноожээ.

Өөрөөр хэлбэл дөрвөн жил, есөн сарын тал нь Г.Гантулгын өмнөх гэмт хэргийг илчлэн мэдээлсний төлөөд аж.

Илчлэн мэдээлээд зогсохгүй, түүнийг магадлангаар сулласан явдал хэр шударга байв, ийм гэмт хэрэгтэн нутаг оронд нь явааг яагаад хэн ч сануулж сэрэмжлүүлсэнгүй вэ гэдэг бусад асуудлыг ч үүгээр хөндөж чадсан юм.

Энэ бол сэтгүүл зүйн өдөр тутмын үйл ажиллагаанд хийгдэж л байдаг ажил. Харин Н.Өнөрцэцэг шиг ял авсан нь үгүй.

Тийм ч учраас буруутгагдсан бусад зүйл анги нь ч эргэлзээ бүхий байх вий гэсэн хар төрдөг билээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд, энэ удаа өмгөөлөгч нарыг нь оролцуулахаас гадна дээрх кейсийг ч дэнсэлж үзэх нь зүй болоод байна.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *