Хотын 20 стандартыг НИТХ-аар хэлэлцэнэ

0

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хот стандарттай байхаар тусгасан. Энэ дагуу өнгөрсөн онд есөн бүлгийн 38 хотын стандартыг НИТХ-аар батлуулж, өнгөрсөн аравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн юм.

Харин хоёрдугаар ээлжийн долоон бүлгийн 20 стандартын төсөлд иргэдээс цахимаар, нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудаас албан бичгээр санал авч, тусгажээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 21 агентлаг, 260 харьяа байгууллага, мэргэжлийн байгууллагаас санал ирүүлсэн байна. Иргэдээс давхардсан тоогоор 15,325 санал ирснээс 11,551 хүн дэмжиж, ерөнхий 4732, техникийн 430 санал өгчээ. Нийт санал өгсөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын 37.6 хувийг төрийн байгууллага, 62 хувийг иргэд, үлдсэн 0.4 хувийг нь хувийн хэвшлийн байгууллагын ажилчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид эзэлж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Улаанбаатар хот стандартуудаа баталж, мөрдлөг болгоод явж байгаа нь сайшаалтай. Хот, нийтийн аж ахуйн чиглэлд эхний стандартууд гарч, үйл ажиллагаанд нэвтрүүлж, стандартад нийцүүлэх ажлуудыг хийж байна. Хотын стандартад тавих хяналтыг иргэд хийнэ. Тиймээс иргэдэд стандартын ойлголтыг сайн өгөх хэрэгтэй” гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Стандартаа иргэдэд хүргэхэд анхаарах хэрэгтэй байна. Хурал, зөвлөгөөн хийгээд өнгөрдөггүй байх хэрэгтэй. Хотын стандарт гэж юу болох, хэрхэн дагаж мөрдөх талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Стандартыг ойлгохгүйгээр мөрдөх боломжгүй” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Хотын стандарт батлагдсанаар бүтээн байгуулалтын ажлууд чанартай, үр ашигтай болж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Өмнөх стандартуудын хувьд сонгож хэрэглэдэг, хэн хяналт тавих нь тодорхойгүй байсан. Харин хотын стандарт заавал мөрдөх, хэрэгжилтэд Хотын стандарт, хяналтын газар хяналт тавих боломжтой болсон. Стандартууд мөн үнэгүй, ил байгаа” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Хотын стандарт ойлгомжтой бөгөөд тухайн бүтээн байгуулалтыг чанартай байхад чухал үүрэгтэй. Тэрнээс иргэд, аж ахуйн нэгжид  дарамт болж болохгүй. Өмнөх стандартуудын тухайд алийг нь хэрэгжүүлэх, хэрхэн хэрэгжүүлэх зэрэг нь тодорхойгүй байсан. Харин шинэ стандартууд ойлгомжтой болсон” гэдгийг онцоллоо.

Хотын долоон бүлгийн 20 стандартыг зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжиж, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *