СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бразилаас Хонконг руу мансууруулах бодис зөөвөрлөхөд монгол иргэдийг татан оролцуулсан тохиолдлууд гарчээ
Гадаад Харилцааны Яамны Консулын газраас монгол иргэд мансууруулах бодис зөөвөрлөхөд оролцож, гэмт хэрэгт холбогдож буй асуудлаар сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ.
Тодруулбал сүүлийн үед Өмнөд Америкийн улс орнуудын гэмт хэргийн бүлэглэлээс хуурамч нэр, утас, хаяг ашиглан онлайнаар болон өөрсдийн төлөөний этгээд (монгол иргэн)-ээр дамжуулан манай улсын иргэдтэй холбогдож, Бразил улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконг руу мансууруулах бодис зөөвөрлөх ажилд татан оролцуулсны улмаас манай иргэд тус улсад саатуулагдаж, гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд гарч байгаа аж.
Гэмт этгээдүүд “өндөр цалинтай ажилд авна, үнэгүй аялуулна” хэмээн иргэдийг хуурч төөрөгдүүлэн Бразилд ирүүлж улмаар дарамтлах, айлган сүрдүүлэх, өрөнд оруулах, шан харамж амлах зэргээр өөрсдийн саналыг хүлээн зөвшөөрүүлж, гэмт хэргийн хохирогч болгож байна.
Иймд иргэд Та бүхнийг хилийн чанадад энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж, цахим орчинд үл таних этгээдтэй харилцах, хувийн мэдээллээ хуваалцах, үнэгүй аялал, нисэх онгоцны тасалбар, зочид буудлын захиалга хүлээн авахаас татгалзах, Өмнөд Америкийн улс орнуудад өндөр цалинтай ажилд оруулна гэсэн аливаа саналыг сайтар нягтлан судалж үзэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яамны Консулын газар