Б.Жавхлан: Бүтээн байгуулалтаа хойш тавьж, төсвийг алдагдалгүй баталж болох сонголт байгаа
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөв.
Тэрбээр “Сарын өмнө төсөв өргөн барьсан. Төсвийн талаар АН-ын бүлэгт мөн мэдээлэл өгнө. Жил жилийн төсөв дээр татварын бодлогыг ААН, үндэсний баялаг бүтээгчид хүлээж байдаг. Бүс, бүсээр татварын ялгаатай бодлого баримталж явна. Энэ хүрээнд Засгийн газрын бүтцэд байгаа салбаруудыг тодорхойлж, тухайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч нар ажиллана. Салбар харгалзахгүйгээр технологийн төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө. Зарчмын хувьд ААН, байгууллагууд урлаг спорт зэрэг нийгмийн чиглэлийн хандив, тусламж үзүүлсэн бол нийт орлогынх нь нэг хувиар хязгаарлаж, татвараас чөлөөлөх хуулийн зохицуулалт орж ирж буй.
Төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний 2 хувь. Алдагдалгүй төсөв батлах боломж байгаа. Энэ бол бүтээн байгуулалтуудыг хойшлуулах. Том зорилго хойш тавигдах нь. Төрийн урсгал зардал гардгаараа гарна. Гурилын импортын татварыг хугацаагүй тэглэсэн. Эцсийн хэрэглэгчдэд хямд гурил очиж байх ёстой. Цементийн татварыг төсөвтэй уялдуулж тайлбарлах шаардлагагүй. Гурилтай яг ижилхэн. Гурван баланс буюу дотоодын үйлдвэрлэгчдийн хүчин чадал эрэлт хэрэгцээгээ хангаж чадаж байна уу, өрсөлдөөнийг дэмжихэд юу анхаарах вэ гээд салбар яамнаас энэ талаар санал ирүүлээгүй байна. Мөн 14 мега төсөлд урьдчилсан байдлаар 43 их наяд төгрөг төсөвлөсөн” гэв.