Ч.Сайханбилэгийг эх оронд нь авчрахаар АТГ, УЕПГ, ЦЕГ хамтран ажллаж байна

0

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын давуу байдал үзүүлсэн, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалд УИХ-ын эрх мэдлийг давуулж, Засгийн газраар шийдсэн зэрэг асуудлаар яллагдагчаар татагдсан. Дээрх үндэслэлээр Ч.Сайханбилэгийг интерполын хөх буланд багагүй хугацаанд эрэн сурвалжилсан бөгөөд “Шувуу” ажиллагааны хүрээнд авчрах хүмүүсийн нэрийг тэргүүлж байсан ч интерполын хайлтаас нэр нь хасагдсан хэвээр байна.

Түүнийг сонгуулийн өмнө ирнэ гэх мэдээлэл хөшигний ард яригдаж байсан. Гэвч уг мэдээллийг албаны эх сурвалжууд болон Ч.Сайханбилэгийн хамаарал бүхий этгээдүүд эрс үгүйсгэсэн юм. Мөн сонгуулийн өмнө ирвэл шууд саатуулагдах эрсдэлтэй гэж үзсэнээр сонгуулийн дараа ирж, улс төрийн бужигнаан багатай цагаар шалгуулна гэх мэдээллийг тодорхой хүрээнд өгсөн гэгдэж байв.

Гэтэл одоо УИХ-ын сонгуулиас хойш нэлээд хугацаа өнгөрсөн ч өнөөх сүр дуулиантайгаар эрэн сурвалжилсан нь намжмал байдалд оржээ.

– ХЗДХ-ийн сайд байхдаа Х.Нямбаатар :Ч.Сайханбилэгийг авчрахаар ажиллаж байна-

ХЗДХ-ийн Сайд асан одоогийн Хотын дарга Х.Нямбаатар энэ оны 6 сард Ч.Сайханбилэгийг авчирна хэмээн хэвлэлүүдээр битүү ярьсан.

Ингэхдээ “Бид АНУ-ын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийн боломж байхгүй. Ч.Сайханбилэгийг санхүүжүүлж байж болзошгүй асуудлыг шалгаж эхэлсэн. Түүний хаана байрлаж, амьдарч байгаа тухай мэдээллийг иргэд хууль сахиулах байгууллагад ирүүлсэн” гэж байсан ч хотын дарга болсныхоо дараа уг асуудлыг чимээгүйэн намжааж байгаа нь тэд хөшигний ард гар барилцсан уу эсвэл түүний амбиц энэ сэдвээс холуур байхыг илүүд үзсэн үү.

Ч.Сайханбилэг өөрөө нэг бус удаа эмчилгээний журмаар Америк болон Монголын хооронд ирж очиж байгаа. Монголд очоод Дубайн гэрээний асуудлаар хуулийн байгууллага дээр асуугдахад айгаад байх зүйлгүй хэмээн байр сууриа илэрхийлж байсан ч гадны иргэншил хүсээд зогсохгүй томоохон хуулийн фирм хөлсөлж буй асуудал дуулдаад эхэлсэн. Үүндээ мөнгөн дэмжлэг авсан байж болзошгүй асуудлаар нэр бүхий НИТХ-ын төлөөлөгч асанг хуулийн байгууллага шалгаж байсан удаатай.

Түүнийг Монголд авчрах явцын талаар ЦЕГ-аас тодруулахад “Тухайн хэрэг дээр АТГ, УЕПГ, ЦЕГ зэрэг олон байгууллага хамтарсан байдлаар ажиллаж буй. Нууцын зэрэглэлтэй хэрэг тул УЕПГ-ын зөвшөөрөлтэйгөөр олон нийтэд мэдээлэх эсэх нь шийдэгдэнэ. Ер нь хайж буй хүнээ тэнд байгаа гээд зарлачихвал зугтах эрсдэлтэй байдаг” хэмээсэн юм.

-С.Сайханбилэгт хамаарах хэргүүдийг эргэн сануулж байна-

АТГ-т өнгөрсөн жилүүдэд тухайлсан хэргүүдээр хэд хэдэн том ажлын хэсэг байгуулагдсаны дотор Оюутолгойн агуулга багтдаг. Энэ хүрээнд АН-аас С.Баярцогт яллагдсан ч гурван шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх цагаатгасан. МАН-аас С.Баяр хорих ял авсан ч магадлангаар суллагдахдаа 5.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хураамж төлж суллагдсан.

Уг багц хэрэгтэй Ч.Сайханбилэгийн асуудал хамт шалгагдсан гэгддэг ч тодорхойгүй шалтгаанаар хэрэг нь бүдгэрсэн юм.

Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголд оруулж ирсэн хувийн хэвшил талд албан тушаалын байдлаа ашиглан, давуу байдал олгосон хэргээр Ч.Сайханбилэгийн хэрэг боогдоод байв. Өнгөрсөн оны сүүлээр өрнөсөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр уг хэргийг бүхэлд нь прокурорт буцаасан. Үүнд Ч.Сайханбилэгт хамаарах хэрэг ч бас багтсан билээ.

Эх сурвалж:Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *