Иргэдээс 45.3 тэрбумыг залилсан “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох шүүх хурал ӨНӨӨДӨР болно
“Бэлтэс мөрөн” ХХК нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 15-100 хувийн хүүтэй иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.
“Бэлтэс мөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Хөвсгөл аймгийн шүүхийн байранд 10:00 цагт эхэлнэ.
Тус шүүх хурал нь өнгөрсөн есдүгээр сарын 5-нд болсон боловч шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нараас шүүхийн тогтоолд заасан ажиллагаа хийгдэж дуусаагүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж ийнхүү өнөөдөр болгож хойшилсон юм. Энэ шүүх хуралдаанд нэр бүхий 56 хохирогч, 2 улсын яллагч, яллагдагч, хохирогч нарын өмгөөлөгч 12 зэрэг нийт 70 гаруй оролцогч оролцсон юм.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар “Бэлтэс мөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулагчид болох С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдэлгэр, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт яллах дүгнэлт үйлдсэн байдаг.