ШУУРХАЙ: “Усан парк барина гээд орон сууц барьсан” компанийг шалгаж олон нийтэд танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгджээ

0

Энхтайваны гүүрний зүүн талд Дунд гол урсдаг хэсэг газарт “Эм энд Жи” констракшн гэх компани 11.8 га газрын зөвшөөрөл авч эцэстээ 25 давхар орон сууцны хороолол барьж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Улмаар эл асуудлаар “Онч шийдэл” ТББ-аас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ч шүүх хэргийг хүлээж авахаас татгалзсан байдаг. 

Тэгвэл УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод хийсэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонсох үеэр Усан паркын асуудал хөндөгдөв. Тодруулбал УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Дунд голын хязгаарлалтын бүсэд буй усан парк гэх барилгыг газрыг олгохдоо хууль зөрчсөн гэж ойлгосон. БОАЖЯ үүнд ямар арга хэмжээ авсан бэ. Ямар нэг үйлдэл хийж зогсоохгүй бол Дунд голыг өгсөөд шинэ гүүр хүртэл, тэгээд тэрнээс цааш барилга бариад явах нь” гэдгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс тодруулсан байна.

Харин түүнийг энэхүү асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Нийслэлийн удирдлагууд хууль зөрчөөгүй гэж мэдэгдсэн. Харин яам хууль бус гэдгийн дахин, дахин хэлж байгаа. Энэ газарт “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын бүс хүртэл орсон байхад энэ байгууллага яагаад чимээгүй байдгийг ойлгохгүй юм. Удирдлагуудад нь бид хэлсэн. Асуудал ийм байхад бид нийслэлтэй шүүхдэх боломжгүй. АТГ-т уг асуудлаар өмгөөлөгчид хандсан байгаа. Үүний хариу гараагүй байна. Энэ бол зөвхөн яамны биш “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ч асуудал. Энэ хорооллыг “авлига хороолол” гэж хүмүүс нэрлэсэн. Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Барилга хот байгуулалтын сайдад чиглэл өгсөн. Дунд голын сав газруудаар яагаад барилга баригдаж, яагаад зөвшөөрөл өгөөд байгаа вэ, газар олгосон этгээдүүдээс эхлүүлээд холбогдох мэдээллийг олон нийтэд гаргаж танилцуул гэсэн чиглэл өгсөн” гэдгийг тодотгов.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *