Б.Дэлгэрсайхан: Компаниуд мөнгөгүй дампуурчихлаа

0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.03.31/ Монгол Улсын эрдэнэсийн сантай холбоотой тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Төв банк зөв бодлого хэрэгжүүлэхгүйгээс хувийн хэвшлүүд мөнгөгүй болж, дампуурч байна” гэж мэдэгдлээ.

Тэрбээр  “Монголбанкны мөнгөний бодлого яаж яваад байна вэ. Хувийн аж ахуй нэгжүүд дампуурлын ирмэг дээр байна. Мөнгө байхгүйгээс дампуурчихсан л даа. Яагаад та нар зээлээ хумиад байгаа юм бэ.  Монгол Улсын эдийн засгийн цусны эргэлт экспортыг эс тооцвол үндсэндээ зогсчихлоо.

Хавар болоод том бүтээн байгуулалт эхлэх гэхээр аж ахуйн нэгжүүд мөнгө байхгүй, нам суучихсан байна. БНХАУ гурван жил хилээ хааж байгаад нээхдээ, бүх аж ахуйн нэгждээ хямд эх үүсвэртэй зээл өгсөн. Экспорт хангалттай байхад та нар энэ хэмжээгээр зээл олгохгүй юм уу. Банкууд бүх мөнгөө өөр дээрээ хумьчихаад сууж байх юм уу. Мөнгөний хатуу бодлогоос болоод нийтээрээ ажил төрөл байхгүй, аж ахуйн нэгж нь дампуурлын байдалтай байна.

Мөнгөний бодлогоо та нар буруу удирдаж байна. Экспорт нэмэгдээд нэмэргүй. Та нар чанаргүй зээл гэсэн үгээр ам таглаад зээлээ хумьсаар ирлээ. 1.6 их наядын найдваргүй зээл байгаа гэдгийг сонсож л байсан. Тэглээ гээд машинаа зогсоочихож болохгүй шүү дээ” гэв.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Дэлхий дахин сүүлийн гурван жилд цар тахалтай байлаа. Дээр нь урд, хойд хөршийн асуудал нэмэгдэж, дараалсан гурван цохилт авсан нь эдийн засгийн хүндрэл дагуулсан. Энэ хүндрэл эдийн засагт инфляц,  ханшийн дарамт өгсөн. Тиймээс төв банк инфляцыг зорилтод түвшинд хүргэн бууруулах чиглэлээр ажиллаж байна. Үүнээс шалтгаалж зээл буурсан. Ханшийн дарамтаас болж, аж ахуйн нэгжүүд хүндэрч байгааг төв банк ойлгож байгаа. Гэхдээ  бидний өмнө инфляцаа тавих юм уу, эсвэл зээлээ олгох уу гэдэг сонголт байгаа. Инфляцаа барихгүй бол өрхүүд хүнд цохилт аваад байна” гэсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *