Н.Энхбаяр: Төсвийн тэлэлтээс болж эдийн засаг 2012, 2016 он шиг хямралтай нүүр тулж болзошгүй

0

Ирэх 2025 оны төсөв болон төсвийг тойрсон эдийн засгийн хүндрэлийн асуудлуудаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.-Ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг Засгийн газраас 8 хувь гэж төсөөлж байна. Энэ нь хэр бодитой тооцоолол вэ?-Ковидоос хойш сүүлийн гурван жил Монгол Улсын эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой буюу 5-7 хувийн өндөр өсөлттэй явж ирлээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 5.6 хувийн өсөлттэй гарч байна. Ирэх онд эдийн засгийн өсөлт одоогийн хандлагыг хэвээр хадгалах болов уу. Магадгүй үүнээс өндөр ч байх болов уу гэсэн янз бүрийн таамаглалууд бий. Олон улсын гаргаж байгаа таамаглалаар жишээ нь саяхан Азийн хөгжлийн банкны бүсийн таамаглалаар бол Монгол Улсын ирэх оны эдийн засгийн өсөлтийг 6 хувь гэж үзэж байна. Дэлхийн банк, валютын сан бас энэ орчим төсөөлсөн байна. Монголбанк хэлбэлзэлтэйгээр авч үздэг. Ингэхдээ 5-7 хувь гэж үзсэн. Харин Засгийн газраас УИХ-д өргөн барьсан ирэх оны төсвийн төсөл дээр төсөөллөө нэлээд өндрөөр буюу 8 хувь гэж тооцож байгаа. Энэ бол зэрэгцүүлэх үнээр тооцсон бодит өсөлт. ДНБ зэрэгцүүлэх болон оны үнээр гээд хоёр өөр байдаг. Тэгэхээр 8 хувийн зэрэгцүүлэх үнийн өсөлтийг оны үнээр болгон тооцвол 8 хувиасаа маш өндөр өсөлт болж хувирна. Энэ дээр бол бидний байр суурь арай өөр байгаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл бол хуулиараа 2025 оны хавар гуравдугаар сард ирэх гурван жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг тооцох суурь макро эдийн засгийн төсөөлөл хийж байгаа. Бидний хийсэн тооцооллоор бол 8 хувь бол хэт өөдрөг байна. Магадгүй 6-6.5 гэсэн  төсөөлөл байгаа. Засгийн газар төсвийн төслийг 8 хувь гэж үзэж байгаагаа уул уурхайн салбарын өсөлт дотроо Оюу толгойн өсөлт, гүний агууламж өссөн гэж тайлбарлаж байна. Гэвч үүнд эрсдэл нэлээд бий. Яагаад гэвэл Монгол Улсын экспортын 92 хувь нь түүхий эд байна. Энэ түүхий эдийг худалдаж байгаа 2 зах зээл байна. Үүний бараг 88 хувь нь Хятад улс, молибдений баяжмал дээр л Өмнөд Солонгос байгаа. Бидний гаргаж байгаа 15-16 орчим тэрбум долларын экспортын 14 тэрбум доллар нь түүхий эд болж таарч байна. Болгоомжлох ёстой зүйл нь Хятад улс 33 мужтай. Гэтэл манай энэ нийлүүлж байгаа түүхий эд чинь нэг улс биш нарийн тооцох юм бол нэг мужид нийлүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид 14 тэрбум долларын экспортын ашгийг нэг мужаас авч байна. Иймд тэр мужид янз бүрийн эрсдэл гарч болно. Хэдийгээр бид өндөр түвшинд айлчлал хийгээд, түүхий эд экспортыг хэвээр хадгалъя, хилийн холболтоо хийе гэж байгаа боловч бодит байдал дээр анхан шатанд очиход асуудал өөр болдог. Сүүлийн жилүүдэд Хятад улсын эдийн засгийн сааралтын талаар үл хөдлөх хөрөнгө, залуусын ажилгүйдэл геополитикийн асуудал яригдаж байна. Хятад улсын Коммунист намын гуравдугаар хурал дээр эдийн засгийн хөгжлийн сааралтаас гарах вэ гэдэг асуудлыг ярьсан. Үүн дээр 30 гаруй хуудас тогтоолтой бодлогын баримт бичиг гарсан. Олон улсын валютын сан  ч гэсэн цаашдаа Хятад улсын эдийн засгийг цаашдаа 5-аас доош хувьтай байна гээд төсөөлж байгаа. Тэгэхээр бидний төсөөлөл үүнээс эсрэг, маш өөдрөг байна. Биднээс үл хамаарсан гадаад эдийн засгийн нөхцөл байдал бол түүхий эд экспортын орлого буурах магадлалтайг сануулж байна.-Хамтарсан Засгийн газар 14 мега төслийг ирэх оноос  хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь өөрөө ихэвчлэн улсын төсвөөр бүтэх боломжгүй гадаад зээл, буцалтгүй тусламж зэргээр санхүүжихээр байгаа. Та үүнийг юу гэж харж байна вэ?-Шинэ Засгийн газар байгуулагдсан учраас том бүтээн байгуулалт яриад байна. 2020 онд баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн Монгол Улс хөгжлийн бодлогоо яаж төлөвлөх ёстой вэ гээд бодлогын бичиг, зарчим дарааллаа бодох юм бол цаг хугацааны хувьд биш байна. Ямар төслийг хэзээ хэрэгжүүлэх вэ гэдгийг таван жилийн төлөвлөгөөнд ярьдаг. Дараа нь Засгийн газрын хөтөлбөрт тодорхой хэмжээгээр тусгана. Тэгээд хөгжлийн төлөвлөлтөөрөө бол жилийн төлөвлөгөөнд тусах ёстой. Эхлээд ямар төсөл вэ. Тэгээд хэн хийх вэ гэдгийг шийдсэний дараа ямар эх үүсвэр вэ гэдгийг бодно. Жишээлбэл, ган хайлуулах үйлдвэр ч юм уу дулааны цахилгаан станцыг улсын төсвийн оролцоогүйгээр барьж болно. Тэр хөгжлийн төлөвлөгөөн дээр байгаа. Юун дээр улс оролцох уу. Улс ямар төсөл дээр мөнгө гаргах уу гэдэг төсөв дээр яригдана. Энэ хоёр ялгаатай. Засгийн газрын хөтөлбөр батлагдсаны дараа явж байгаа учраас хоёр ажил холилдож, явагдаад байна. Тухайлбал, 14 төслийг ярьсны дараа тайлбарыг нь сонсохоор бараг макро 10 гаруй төсөл гэж тайлбарлаж байна. Тэгэхээр төсөвтэй хамааралгүй болж таарч байгаа юм. Уг нь бол одоо УИХ-аар батлах гээд байгаа төслийг 2025 оны төлөвлөгөө хавар батлах ёстой байсан. Тэр төлөвлөгөөнд яригдах ёстой. Ингээд төсвөөсөө жаахан гажсан юм ярьж байна. Цаашдаа энэ төслүүдийг нэгэнт хувийн хэвшил хэрэгжүүлж байгаа бол төрийн оролцоо ямар байх вэ гэдгийг маш сайн бодох ёстой. Хэрвээ бид төрийн өмчийн агентлагаас гардаг хөрөнгийн балансыг харах юм бол төрийн өмчийн нийт хөрөнгө манай ДНБ-ий 80 гаруй хувьтай тэнцэж байна. Зөвхөн төрийн өмчийн үйлдвэрийн газар биш улсын төсвийн эмнэлэг, сургууль, зам гээд бүхнийг оролцуулаад тооцоход асар их хөрөнгө. Гэтэл үүн дээр ахиад нэмээд улсын төсвийн хөрөнгө оруулалт өшөө идэвхтэй хийнэ гэж яриад байна. Хөгжлийнхөө бодлогын хувьд бол төдийлөн нийцтэй биш. Бид Засгийн газрын хөтөлбөр, намуудын амлалтыг харсан ч гэсэн төрийн өмчийг оролцуулна гэж байгаа. Үндсэн хуульд ч гэсэн олон хэвшилд тулгуурласан эдийн засагтай байна гэж бий. Тэгэхээр энэ нь өнөөдөр юугаараа чухал вэ гэвэл газрын тос боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц юм уу, томоохон автозамын төслүүд дээр төр оролцохгүйгээр хувийн хэвшил хийнэ гээд зарлавал хувийн хэвшлүүд өрсөлдөнө. Тэгээд хөрөнгийн эх үүсвэрээ хайна. Хөрөнгийн эх үүсвэр нь дотоод, гадаад байж болно. Гадаадын хөрөнгийн эх үүсвэр хайхаар түүн дээр гадаадын банкнуудын, Хөгжлийн банкны оролцоо хэрэг болно. Энэ нь явсаар байгаад Монгол Улсад санхүүгийн зах зээл хөгжүүлэх орчныг бий болгоно. Хувийн хэвшлээ хөгжүүлнэ. Ингэж бодож бид төслөө сонгох ёстой. Түүнээс биш мөнгө л байгаа юм чинь төр хийчихье, төр хийгээд чадаад байгаа юм чинь гэж хандаж болохгүй. Бид арай жаахан алсыг харж, төлөвлөх ёстой.-2024 оны төсвийн тодотголд бараг 3 их наядын зардал нэмчихсэг. Хэт их тэлсэн зардалтай тодотгол болж батлагдсан. Төсвийн тэлэлт нь эдийн засгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх вэ?-Манайх түүхий эдэд тулгуурласан эдийн засагтай тул энэ тал дээр болгоомжтой хандах ёстой. Хэрвээ бидний эдийн засаг хувьд Зүүн Өмнөд Азийн орнууд шиг аж үйлдвэржсэн эсвэл үйлчилгээний салбар зонхилсон эдийн засагтай бол эн тал дээр санаа зовох зүйл харьцангуй бага. Гэтэл манай эдийн засгийн 20 гаруй хувь нь уул уурхайгаас хамааралтай. Тэр нь төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг. Бид энэ мөчлөгөөсөө гарч чадаагүй. Бидний санаа зовж байгаа зүйл бол гадаад эдийн засгийн орчин, нөхцөл бүх зүйлээс хамаараад сүүлийн гурван жил өссөн тааламжтай өсөлт, түүхий эд экспорт оргилдоо хүрээд байна гэж бид үзэж байгаа. Засгийн газар бол арай өөр буюу дараа жил дахиад өснө гэж байна. Тэгэхээр энэ өөрөө нэг удаа унах юм бол 2012, 2016 онд орсон шигээ хямрал руугаа тулна. Тэрэнд бид бэлэн байгаач ээ, тэлэлт чинь өөрөө эдийн засгийн хаалтыг бий болгоно, хувийн хэвшлийг ажиллах орон зайгүй болгоно гээд маш олон сөрөг үр дагавартай. Тиймээс эдийн засгийн эрх чөлөөтэй төсөөллийг маш зөв төсөөлөх нь чухал юм. Зөвхөн өөдрөг байна гэж хэлээд суугаад байж болохгүй.-Төсвийн тогтвортой байдлын хуулийг хэд хэдэн удаа өөрчиллөө. Энэ нь ямар давуу болон сул талтай байна вэ?-Төсвийн тогтвортой байдлын хууль болон жил болгон төсөвтэй хамт Засгийн газрын өргөн барьдаг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл гэж хоёр зүйл байгаа. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл дээр есөн үзүүлэлт тавиад, үүнээс илүү хэтрүүлж болохгүй гээд хязгаарыг заасан байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын хуульд 2023 онд болон 2024 онд өөрчлөлт ороод, төсвийн тогтвортой байдлыг Засгийн газраас хараат бус УИХ-ын дэргэдэх институт байхаар баталгаажуулсан. Энэ бол сайн хэрэг. Хоёр дахь асуудал нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл буюу ирэх гурван жилийн хязгааруудыг баталж гаргадаг. Үүнийг ойр ойрхон солиод байна. Хавар батлахдаа ирэх 2025 оны Монгол Улсын төсвийн зарлагын хязгаарыг ДНБ-ий 34-35 хувиас хэтрэхгүй байна гэж баталсан. Гэтэл одоо төсөвтэй хамт оруулж ирж байгаа нь ДНБ-ий 37-38 хувь байлгаж болно. Төсвийн нийт зарлагыг 36 их наяд байна гэсэн байдлаар оруулж ирж байна. Тэгэхээр ердөө гуравхан сарын дараа байр сууриа өөрчилж байна. Мөн хууль эрх зүйн хувьд хавар баталсан УИХ-ын тогтоолуудыг хүчинтэй гэж байгаа болохоор энэ нь зөрчилтэй гэсэн үг. Хууль, эрх зүйн хүрээнд хандах юм бол батлагдсан хуулийг дагуулан хязгаарт нийцүүлэн төсвийн зарлагыг оруулж ирэх ёстой. Гэтэл одоо батлагдаагүй, өөрчилнө гэж бодсон тэр төсөөлөлдөө нийцүүлэн гаргаж байгаа. Төсвийн нийт зарлагыг 36 их наяд байна гэж батлаагүй. Тэгэхээр хууль тогтоомжийнхоо хувьд болохгүй. Батлагдаагүй хуульд нийцүүлсэн гэж хэлээд байна. УИХ-д өргөн барихад УИХ үүнийг болгоомжтой, анхааралтай үзсэн бол “Уучлаарай энэ 2025 оны төсөв чинь хуулийн шаардлага хангаагүй байна. Хавар УИХ-аас баталсан хязгаарыг зөрчсөн байна гэж хэлэх ёстой. Гэтэл хамт өргөн барьсан юм чинь болно гээд байна. Манай өнгөрсөн жилүүдийн төсвийн хүрээний хязгаараа өөрчилж батлаад, маргааш нь төсвөө баталдаг буруу жишиг байна. Энэ хоёр процесс зэрэг явж болохгүй. Тэгэхээр Төсвийн тогтвортой байдлын хуульд өнгөрсөн жил оруулсан өөрчлөлтөөр 2025 оноос үүнийг больж, хориглож байгаа. Ийм өөрчлөлтийг ойрхон хугацаанд хийж болохгүй. Тиймээс хууль эрх зүйн болон эдийн засгийн хүрээнд ч хийж болохгүй гэсэн үг.-Манай Засгийн газрын төсөв батлахдаа гаргадаг нийтлэг алдаа нь юу байна. Энэ Засгийн газарт тэр нь ажиглагдаж байна уу?-Манай улсад төлөвлөлттэй холбоотой асуудал их байна. Энэ төлөвлөлттэй холбоотой асуудлыг 2020 онд УИХ-аас баталсан Хөгжлийн бодлогын, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар маш тодорхой заасан. Урт хугацааны хөгжлийн бодлого байна. Түүнийг дагаж хүн амын нутаг суурьшлын ерөнхий төлөвлөгөө гээд маш тодорхой хаана ямар үйлдвэр, хот байх уу, аль авто зам чухал уу гэдэг тэр зургаар бүх дээд бүтэц гарч ирнэ. Энэ асуудлууд бүгдээрээ хамтдаа байна. Түүнээс манай салбар, яамд шиг “Би зөвхөн эрчим хүчээ, автозамаа мэднэ” гээд явж болохгүй. Үүнийг 2020 оны  Хөгжлийн бодлогын, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд тусгасан. Энэ хуулийг зөрчсөн алдаа нь Хөшигтийн хөндийн нисэх буудал. Ийм уялдаагүй төлөвлөлтөөс болоод Японы төсөл нисэх буудал, терминалын барилга, хөөрөх, буурах цэг, цахилгаан станцаа барьсан байхад  бид автозам, бусад байгууламжаа барьж чадаагүй хоёр жил хүлээлээ. Иймээс аливаа асуудлын төлөвлөгөөг буруу хийснээс болоод бүтээн байгуулалтын ажлын өртөг нь өсөөд, хугацаа нь өндөржөөд, Дарханы зам шиг асуудал болж хувирч байна. Цаашдаа бид дунд болон урт хугацааны төлөвлөлт гэдгийг маш чанга, хатуу барих ёстой. Тэнд байхгүй сэдвийг чухал гээд тусгачхаж болохгүй. Түүнчлэн, дунд хугацааны төлөвлөгөөнд тусгагдсан жилийн автозам, төмөр замын төлөвлөгөө дараа жил нь алга болоод байгаа алдаа ажиглагдаж байна.-2025 оны төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалтыг хэрхэн харж байна вэ?-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад амбийцтай, том зорилгоо тавьж байна. Ийм байж болно. Гэхдээ тэр зорилтууд өмнө нь батлагдсан хууль, төлөвлөгөөтэйгөө нийцэх ёстой. Одоо 2025 оны төлөвлөгөөг харахад хөрөнгө оруулалтад жагсаалт нь 32 хуудас байгаа. Өнгөрсөн жилүүдийн хөрөнгө оруулалтыг харах юм бол магадгүй дунджаар 10 гаруй хуудас дээд тал нь 20-иод хуудас. Яагаад 32 хуудас болчихов. Зүгээр л мөнгөтэй болохоор их төсөл хэрэгжүүлэх гээд байгаа юм уу. Иймээс хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны зохицуулалт нь сул, болохгүй байна. Бусад улс орнуудын жишгээр бол улсын төсвийн хөрөнгө оруулалтын тусдаа хуультай байдаг. Түүнийгээ түвшнээр нь улс, муж, салбарын яам, аймаг, сум гэж ангилсан байгаа. Ингээд зааг ялгааг нь гаргаад хязгаарлачхаж байгаа болохоор сумын төвд барих хоёрхон км зам, соёлын төвийн асуудлыг улсын төсөв заавал хэлэлцэх ёсгүй. Ийм байдлаар хууль эрх зүйн орчноо зааглаагүйн улмаас манай 2025 оны төсөв дээр тэрбум төгрөгийн өртөгтэй жижиг төсөл болон 100, 200 тэрбумын өртөгтэй том төслүүд, мега, нана, мини гээд төслүүд холилдлоо. Энэ эрэмбийг тогтоох асуудал хуулиар хийгдэхгүй болохоор эмх замбараагүй болоод байгаа. Хоёрдугаарт, олон нийтийн байнга шүүмжилдэг УИХ-ын гишүүдийн тойргийн төсөв үүн дотор нуугдмалаар явж байна. Жижиг, том төслүүд холилдохоор том төслийн ач холбогдол буураад, төслийн санхүүжилтийн эх үүсвэр дутагдаж байгаа. Иймд эрэмбэ тогтоох шаардлагатай байна.-Ярилцсанд баярлалаа. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *