Эрчим хүчний РЕФОРМ ба амьд үлдэх СТРАТЕГИ!

0

Дипломат бодлого бол дотоод бодлогын үргэлжлэл гэх үг бий. Энгийнээр ойлговол, аливаа улсын дотоод, гадаад бодлого нь хоорондоо зөрчилтэй байж болохгүй гэсэн утгатай. Дотоод, гадаад бодлого нь хоорондоо уялдаа холбоогүйгээр улс орны аюулгүй байдал хангагдах боломжгүй юм.

 “Nature Energy” сэтгүүлийн тайланд Орос, Украины дайнаас хойш айл өрхийн эрчим хүчний нийт зардал шууд ба шууд бусаар дор хаяж 63-113 хувиар өсчээ. Тиймээс дэлхийн гэр бүлүүдэд өмнөх амьжиргааны түвшингээ хадгалахын тулд гэнэтийн нэмэлт орлого олох шаардлага тулгарсан байна. Өрхийн зардлын өсөлтийн томоохон хэсэг нь шууд бус эрчим хүчний хэрэглээтэй холбоотой аж. Шууд бус эрчим хүч гэдэг нь бараа таваар, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулдаг цахилгаан юм. Амьжиргааны өртгийн өсөлтөөс болж , 78-141 сая хүн нэн ядууралд нэрвэгдэх магадлалтай гэж Дэлхийн банк тодорхойлсон. Нефть, нүүрс, байгалийн хийн үнэ дайны дараа огцом өсч, одоо ч тогтворгүй хэвээр байна. 2021 оны арванхоёрдугаар сард оросууд Украин руу довтлох магадлалтай гэсэн мэдээлэл цацагдсан даруйд эрчим хүчний түүхий эдийн үнийн хэлбэлзэл нэмэгдсэн. Халдлагын дараа 14 хоногийн дотор газрын тос, нүүрс, байгалийн хийн үнэ 40-180 хувиар өссөн байдаг.

1.

Орос-Украины дайн улс орнуудыг эрчим хүчний хямрал руу түлхэж байна. Дайн эхэлсэн 2022 оны хоёрдугаар сараас эрчим хүч улс орнуудын геополитик, кибер хадлагын гол бай болсон юм. Иймээс дэлхий нийт эрчим хүчний аюулгүй байдлаа хангах нь улс орны аюулгүй байдлаа хамгаалах  арга тактик болохыг бодитоор мэдэрч байна.

Монгол Улс газрын доорх түүхий эдийн хувьд эрчим хүчний эрх чөлөөнд хүрэх хангалттай нөөц боломж бий. Гэсэн хэдий ч хоёр хөршийн оролцоотойгоор Монгол эрчим хүчний хомсдол орсон, энэ салбарт реформ хийхгүйгээр улс даяар цахилгааны хэрэглээгээ хэр хугацаанд “аргалах”-ыг хэлж мэдэхгүй. Гэвчиг эрчим хүчний хэрэглээг Б.Чойжилсүрэнгийн арга чаргаар шийдчихдэг, амар хялбархан асуудал бас биш юм.

Л.Оюун-Эрдэнийн “Шинэ сэргэлт”-ийн зургаан бодлогын нэг нь эрчим хүчний реформ агаад хамтарсан засаг ирэх дөрвөн жил энэ салбарт анхаарч ажиллахаа зарласан.

Монгол Улс хүрэн нүүрс, сэргээгдэх эрчим хүчнээс цахилгаан үйлдвэрлэдэг. Гэсэн хэдий ч сүүлийн арван жилд эрчим хүчний эх үүсвэрийн тоо шинээр нэмэгдээгүй. Тавантолгойн ЦС-ыг барина гэснээс хойш ес орчим, Тавдугаар цахилгаан станцыг барихаар зарласнаас 13 жил өнгөрсөн. Тавдугаар цахилгаан станц цаас болж үлдэх нь, Багануурын нүүрсний, Эгийн голын усан цахилгаан станц энэ засгийн үед, ирэх дөрвөн жилд баригдахгүй нэн тодорхой болсон.

Өнгөрөгч есдүгээр сард Оросын ерөнхийлөгч В.Путин Улаанбаатарт 24 цагийн хугацаатай айлчлах үеэр Эгийн голын цахилгаан станцын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хамтран гаргана гэсэн санамж бичиг байгуулсан юм. Энэ нь Эгийн голын усан цахилгаан станц явахгүй шүү гэсэн нэг ёсны дипломат “анхааруулга” ч биз.

Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд эдийн засагт реформ хийхээр төлөвлөж, энэ хүрээнд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр амалсны дунд эрчим хүчний төслүүд цөөнгүй бий. Энэ нь “нэг сумаар хоёр туулай буудах” буюу дотооддоо эдийн засгаа эрчимжүүлэх, гадаад талдаа үндэсний аюулгүй байдлаа хамгаалах зорилготой.

Монгол Засгийн газрын эрчим хүчний шинэ төслүүдээ урагшуулах стратеги нь энэ салбарт хоёр хөршийн ашиг сонирхлыг татаж, манай зүгээс оролцоог нь эн тэнцүү хангах талаар анхаарч ажиллаж буй нь илт. Мөн хоёр хөршөө давсан гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татахыг ч бас хичээж буй билээ. Эндээс дүгнэхэд Монголын эрчим хүчний салбарт ашиг сонирхлоо хадгалж үлдэх нь Бээжин, Москвагийн бодлого хэвээр байна.

ДЦС-3 нь хүчин чадлаараа ДЦС-4-ийн ард бичигддэг, нийслэл Улаанбаатарын дулааны 45 хувийг, цахилгааны 30 хувийг хангадаг агаад дулааныг нь 395MBт, цахилгааныг нь 300МВт-ээр нэмэгдүүлэхээр Монголын Засгийн газар төлөвлөж буй. Төслийн өргөтгөл ажлын зураг төслийг Оросын “Интер РАО экспорт” компани 1.3 тэрбум еврогоор хийх саналаа Монголын Засгийн газарт тавьсан, хоёр улс Кремлийн эзний айлчлалаар үүнийгээ албан ёсоор баталгаажуулсан юм.

Урд хөрш Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хариуцаж буй агаад гүйцэтгэгчээр “Power Construction Corporation of China” болон “Power China Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарсан билээ. Гурвалсан түншлэлийн зүгээс 271.4 сая ам.доллар буюу хамгийн бага үнээр барьж байгуулахаар болсноо өнгөрсөн онд зарлаж байв.

Тэгвэл эрчим хүчний салбарт үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой эн дүйцэхүйц нэг төсөл нь Монголын Засгийн газар, Францын төрийн өмчит “Орона Майнинг” компанийн хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцээний ширээний ард жил шахам сууж буй Зөөвч-Овоогийн ураны ордыг эргэлтэд оруулах асуудал. Хэрэвзээ хоёр хөршийн болон дотоодын “эх орончид”-ын улстөржилтийг даахгүй уначихгүй бол энэ сард талууд Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхээр төлөвлөж байгаа юм.

Төлөвлөсөн ёсоор, товлосон хугацаандаа Францын “Орона”-тай гэрээ байгуулж чадвал “Оюутолгой”-н төслөөс хойшхи 15 жилийн хугацаанд Монголд орж ирж буй гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан хоёр дахь том төсөл болно. Оюутолгой,  “Орона” гэх мэт гуравдагч орны хэрэгжүүлж буй мега төслүүд Монголын үндэсний аюулгүй байдлыг эдийн засаг, эрчим хүч талаас нь хамгаалах бамбай болох юм.

2.

“Монгол Улс 1981 онд IV цахилгаан станцыг барьснаас хойш ийм том цахилгаан станцыг барьж чадаагүй. Тиймээс эрчим хүчний салбарт шинэ сэргэлт авчирсан түүхэн өдөр тохиож байна”. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нээлт дээр хэлсэн үг. Тус цахилгаан станц барих гэрээ анх Ч.Сайханбилэгийн үед үзэглэгдэж, Л.Оюун-Эрдэнийн үед ашиглалтад орох хүртэл 10 гаруй жил зарцуулсан байна. Товчхондоо, Монголд цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх сураг сонсогдох бүрт гадны захилгаар эх орноо хорлогчид олширдог. Тэдний улстөржилтийг давж чадалгүй олон төсөл нурсан. Гадаадын эрх ашигт үйлчилж, дотоодын эрх ашгаа хохироосон төрийн ордон дахь гадны “төсөл”-үүдийн нэг нь Ц.Даваасүрэн. Ц.Даваасүрэнгийн их, бага оролцоотойгоор Багануурын болон Тавантолгойн цахилгаан станц өнөөг хүртэл баригдаагүй нь гашуун хийгээд бодит үнэн юм.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хүчин чадал 600 МВт. Эхний 150МВт хүчин чадал бүхий блокыг энэ сарын 5-ны өдөр нээсэн нь Монголын эрчим хүчний түүхэнд үлдэх үйл явдал яах аргагүй мөн. Нэгд, төр-хувийн хэвшлийн хамтарсан, монголчуудын барьсан анхны цахилгаан станцын төсөл. Хоёрт, эрчим хүчний реформын эхний шанг татсан, тавьсан төсөл. 2025 онд 150 МВт, 2027 мөн 150 МВт, 2028 онд хамгийн сүүлийн 150 МВт-ын блокоо барьж, ашиглалтад оруулснаар цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллах юм. Станц бүрэн чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангах аж.

Ийнхүү арваад жилийн дараа эхний утаагаа гаргасан Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Монгол Улсын цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн нийт 80-аас илүү хувийг эзэлдэг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний ачааллаас багагүй хөнгөлөх аж. Хамгийн чухал нь цахилгаан станцыг дагасан шинэ суурьшлын бүс үүснэ, нийслэлийн түгжрэл, эдийн засагт ч шууд ба шууд бусаар эерэг нөлөө үзүүлэх юм.

Эрчим хүч нь эдийн засгийн тулах цэг, аюулгүй байдлын баталгаа гэвэл цахилгаан станцыг хэн барих нь чухал биш, барьж ашиглалтад оруулах нь Монголын нэгд эрэмбэлэх эрх ашиг юм.

Ирэх дөрвөн жил Эрдэнэбүрэн, Тавантолгойн цахилгаан станцаа ашиглалтад оруулж, атомын цахилгаан станцын бэлтгэл ажлыг эхлүүлж чадваас эрчим хүчний эл шинэ сэргэлт нь Л.Оюун-Эрдэнийн улс төрд үлдээх легаси байх нь гарцаагүй.

Хамгийн гол нь Монгол Улсын хувьд эрчим хүчний реформ нь амьд үлдэх стратеги юм!

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *