Өнөөдрийн байдлаар 47 байршилд 72.5км авто замыг шинэчлээд байна

0

Эрдэнэтолгойн уулзвараас Газарчин дээд сургуулийн уулзвар хүртэлх 1.7 км авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Үргэлжлүүлэн явган хүний замыг нөхөн сэргээхээр ажиллаж байна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон НЗХГ-ын дарга Б.Одбаяр нар тухайн байршилд ажиллалаа.

Тодруулбал, тус авто зам дагуу гурван байршилд усны ундарга шинээр үүсэж, ус тогтож, авто замд эвдрэл үүсээд байсан юм. Өнгөрсөн 8 дугаар сард ГУББГ-аас 188 метр урт борооны ус зайлуулах шугам, 17 байршилд ус хүлээж авах шүүрт худаг угсарсан. Ингэснээр авто замыг шинэчлэх боломжтой болсон юм. Өнөөдрийн байдлаар 47 байршилд 72,5 км авто замыг шинэчлээд байна.

Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Шинэчилж байгаа бүх замуудад борооны ус зайлуулах шугам угсарч байгаа. Ус зайлуулах шугам хоолойгоо угсарч байж, авто замаа засна. Энэ онд 87 байршилд авто зам шинэчлэхээр төлөвлөсөн. Гэвч цаг агаарын нөхцөл байдал болон борооны ус зайлуулах шугамын ажилтай холбоотойгоор 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 70 байршилд хийж дуусгахаар төлөвлөж байна. Үлдсэн 17 байршлын авто замыг ирэх онд шинэчилнэ” гэлээ.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын өргөн чөлөө,  Чингисийн өргөн чөлөө, Их, Бага тойруу, Их монголын гудамжны явган хүний замыг иж бүрнээр нь шинэчлэхээр тендер зарласан. Гэвч уг тендерт ААН-үүд оролцохгүй байна. Үүнээс шалтгаалж явган хүний замын шинэчлэлийн ажил цаг хугацааны хувьд хойшилж байна. Мөн 2025 оны 6 дугаар сард багтааж Улаанбаатар хотын нэг түвшний бүх замыг шинэчилж дуусгана. Харин хоёрдугаар түвшний авто замын ажлыг эхлүүлнэ. Одоогоор Туулын хурдны замыг барихаар ажлын зураг төслийг шинэчилж байгаа бөгөөд 2025 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэдгийг хэлж байв. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *