А.Тлейхан: ТЭЦ-4 станц жилд 4 сая тонн нүүрс түлдэг бол энэ станцад 1.8 сая тонныг түлнэ

0

Төв аймгийн Баян сумын нутагт барьж буй 660МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын талаар тус төслийн зөвлөх, Эрчим хүчний сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер А.Тлейханаас тодрууллаа.

Та Монгол Улсын эрчим хүчний салбарт олон жил ажилласан зөвлөх инженерийн хувьд энэ төсөлд ямар дүгнэлт өгөх вэ?
-Эрчим хүчний салбарын хувьд түүхэн өдөр болж байна. Монгол Улсад 1984 оноос хойш том чадлын ДЦС баригдаагүй 40 жил болжээ. Бидний хүсэн хүлээсэн станцын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаад баяртай байна. 330 МВт-ын нэгж агрегатын хүчин чадалтай хоёр блок, нийт 660 МВт-ын цахилгаан станц баригдана. Төслийн ажил 2024 оны гуравдугаар сарын 1-нд эхэсэн. 2027 оны баяр наадмын  өмнө анхны блокийг ашиглалтад өгөхөөр зорин ажиллаж байна.

Би эрчим хүчний эх үүсвэрээ дотоодоосоо хангах хүсэл мөрөөдөлтэй. Олон жилийн ажлын үр дүндээ түшиглэж энэ төслийг бичиж, батлуулж, хөрөнгийг босгож, одоо хэрэгжүүлэх шатанд нь төслийн зөвлөхөөр ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун, Диспетчерийн төвийн захирал Г.Балжинням нарын дэмжлэгээр энэ төсөл бүтсэнийг хэлэхэд таатай байна.

Бид дөрөвхөн сарын хугацаанд бүх төрлийн тусгай зөвшөөрлүүдээ авч, гэрээ хэлэлцээрүүдээ хийж, газраа сонгож, 2024 оны долоодугаар сарын 9-нд энд төслийн ажил эхэлсэн.

-Өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулаад байна вэ?
-Бүтээн байгуулалтын ажил хэдийнэ эхэлсэн. Станцын ажилчдын байр барьж байна. Турбин зуухны суурийг ирэх арваннэгдүгээр сард тавьж дуусгана. Ирэх жил бүтээн байгуулалтад 1500 хүн ажиллана. Хоёр жилд гол бүтээн байгуулалтыг гүйцэтгэж, 2027 онд ашиглалтад оруулна. Үндсэндээ дөрвөн жилийн ажлыг хоёр жилд багтаан гүйцэтгэх маш том зорилт тавьсан. Хувийн хэвшил, хувийн хөрөнгө оруулалт маш хүчтэй, ажил шуурхай явдгийг энэ төслөөс харж болно. 

-Суперкритикал технологи нь ямар давуу талтай вэ?
-Энэ нь нүүрсэн тэжээлт дулааны цахилгаан станцууд дотроо хүрээлэн буй орчинд хамгийн бага нөлөөлөлтэй технологи бөгөөд Монгол Улсад суперкритикал технологитой анхны дулааны цахилгаан станц баригдах гэж байна.

Үр ашиг өндөртэй технологи. Монголын хамгийн том ТЭЦ-4 ДЦС-ын нэгж агрегатын хүчин чадал 123МВт бол өнөөдөр /2024.10.05/ нээлтээ хийсэн Бөөрөлжүүт 300МВт, энэ бол 330МВт-ын хүчин чадалтай станц юм.

ТЭЦ-4 станц жилд дөрвөн сая тонн нүүрс түлж байгаа бол энэ станцад 1.8 сая тонн нүүрс түлнэ. Тэгэхээр өртөг хоёр дахин буурна. Манай улсад дутагдаж буй эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах төсөл юм.

-Төслийг 100 хувь гадаадын хөрөнгө оруулагч санхүүжүүлэх юм байна. Энэ талаар та дэлгэрүүлж мэдээлэл өгөөч?
-Энэ бол хувь хүний хөрөнгө. Хонгконгийн биржид бүртгэлтэй Касэн группийн 1.2 тэрбум долларын санхүүжилтээр төсөл хэрэгжинэ. Монгол Улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр бид цахилгаан станцтай болох гэж байгаа нь маш бахархууштай.

Төвийн эрчим хүчний системд 25 жил цахилгаан нийлүүлж, цахилгаан худалдсан мөнгөөрөө хөрөнгө оруулалтаа нөхнө. 25 жилийн дараа үнэ хоёр дахин буурах юм.

Хэрэв бид тууштай ажиллавал гадаадын хөрөнгө оруулалт байдаг юм байна. Үүнд төр засаг, хууль эрх зүйн тогтвортой орчин их чухал гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *