Н.Учрал, Ц.Туваан нар улайрч чадвал “Орано майнинг”-ийн хөрөнгө оруулалтын гэрээ энэ онд зурагдана

0

Бараг 20 гаруй жилийн өмнөөс яригдсан Францын “Орано Майнинг” компанитай уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээг зурахад ойрхон ирлээ.

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 2023 оны тавдугаар сард манайд ирэхдээ уран олборлолт, эрчим хүчний асуудлыг хөндсөн. Өнгөрсөн 2023 оны 10-р сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францад очихдоо хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан. Тус үйл явдал ураны төслийг хөдөлгөхөд том түлхэц болсон билээ.

Өдгөө шинэ ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд идэвхийлэн ажиллаж байгаагаа өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны дараа мэдэгдсэн.

-Төслийг урагшлуулах Н.Учрал тэргүүтэй шинэ ажлын хэсэг-

Өмнөх ажлын хэсгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа ахалж байсан. Өдгөө дараах бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэгджээ.

  • Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал,
  • Дэд ахлагчаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
  • гишүүдээр, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр,
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
  • Сангийн сайд Б.Жавхлан,
  • ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл,
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа,
  • Ерөнхий сайдын ахлах зөвлөх Д.Амгаланбаатар,
  • ЗГХЭГ-ын дэд дарга Б.Батцэцэг,
  • Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн,
  • Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал
  • нарийн бичгийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт
  • Эдийн засгийн хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга,
  • Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга нар гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллах юм байна.

Ажлын хэсэг дотроо дэд ажлын хэсгүүдтэй. ХЗДХ-ийн сайд гэрээний, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд уран олборлох дэд ажлын хэсгийг ахалж байна. Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн, Сангийн, Эдийн засаг хөгжлийн сайдууд тус тус дэд ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа аж.

-Үйл явц: ҮАБЗ-дөө танилцуулж дуусаад, хоёр хуульд нэмэлт өөрчлөлт оруулчихвал хэлэлцээ эхэлнэ

Нэн түрүүнд Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Хуулийн “зөрчил”-ийг арилгасны дараа хөрөнгө оруулалтын гэрээгээ хоёр тал харилцан тохиролцож ЗГ, ҮАБЗ, УИХ-аар оруулах гэхчлэн.

Одоогоор гэрээний гурван хувилбар бий. Өнгөрсөн долоо хоногт ажлын хэсгийн дүгнэлтүүдийг нэгтгэн хүлээн авсан байна. Дүгнэлтээ энэ долоо хоногт ерөнхий ажлын хэсэг ҮАБЗ-д танилцуулахаар төлөвлөсөн гэгдэв. Улмаар улс төрийн шийдвэр гаргана.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар “Энэ оны аравдугаар сард хөрөнгө оруулалтын гэрээ хийж, үйл ажиллагааг эхлүүлнэ” гээд ам шүд алдсан.

Тэдний хэлсэнээр шуурхайлаад энэ ондоо багтаад хөдөлчихвөл сайн хэрэг. Ерөнхийдөө монгол төрийн шат дамжлагаас шалтгаалах нь.

УИХ-ын чуулганаар батлагдвал бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Үйл ажиллагааг нь 2028 оноос эхлүүлэхээр төлөвлөж байна. Төслийн 30 жил хэрэгжүүлж, 20 жилээр сунгаж болохоор тохиролцох аж.

  • 2024-2027 онд бэлтгэл ажлыг хангах
  • 2028-2060 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • 2061-2070 онд нөхөн сэргээх

Орано майнинг: Уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг

Гэрээний гүйцэтгэгч талын тухай мэдээлэл өгье.

Монгол-Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК, компанийн дийлэнх хувьцаа эзэмшигч нь “Орано Майнинг”. “Орано Майнинг” компани Уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг.

Дорноговь аймагт байрлах ордын  Дулаан-Уул MV-018916,  Зөөвч-Овоо MV-018915 болон  Өмнөт MV-018914 дугаар бүхий (“Уурхай”)-д “Бадрах Энержи” ХХК-иар дамжуулан сүүлийн 25 жил Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, ашигт малтмалын хайгуулын ажилд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.

-Эдийн засгийн өгөөж: Манайхаас хөрөнгө гаргахгүй, 51 хувийн ашгаа хүртэнэ-

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь Зөөвч-Овоо орд нөөцөөрөө сүүлийн 10 жилд нээгдсэн том ураны хамгийн том ордын нэгд тооцогдож байна.

Үйлдвэрлэл эхэлмэгц Монгол Улс дэлхийн хэмжээний гол тоглогч болно. “Дэлхийн ураны зах зээлийн 3 орчим хувийг хангана” гэж тэд үзэж байгаа. Энэ бага сонсогдож буй ч, чухал хувь нэмэртэй.

  • 2007 онд Дулаан-Уул орд 7.6 мян.тонн
  • 2010 онд Зөөвч-Овоо орд 93.2 мян.тонн нөөцтэй гэж тогтоогдсон.

Зөөвч-Овоогоос жилд ойролцоогоор 3,000 тонн уран үйлдвэрлэн гаргана. Төслийн ашиглалтын хугацаанд улсад жилд 95.5 сая ам.доллар буюу нийт дүнгээр 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэх тооцоололтой байгаа.

Уран олборлох үйлдвэрийг 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар барих хүлээлттэй байна. Санхүүжилтийг 100 хувь Франц улсын талаас гаргана. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалт хийхгүй.

Харин манай талаас, “Монгол Улсад ногдох өгөөжийг 51 хувь байх” гэдэг шаардлага тавьж, бараг тохиролцжээ.

“Орано майнинг”-ийн зүгээс, “АМНАТ-ын хувь хэмжээг тооцоход инфляци тооцох асуудлыг хөрөнгө оруулагчид гаргаж тавьсан байгаа юм. Түүнчлэн татварын болон бусад хуулиудыг бүхэлд нь тогтворжуулах”-ыг тал санал болгожээ.  

-Манайд үйлдвэрлэлийн цоо шинэ технологи туршиж, ураны төслөө хэрэгжүүлнэ-

Төслөө хэрэгжүүлэхдээ “Орано майнинг” групп үйлдвэрлэлийн цоо шинэ туршилт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Тухайн технологийн онцлог нь уурхайн нүх үүсгэдэггүй, газар доор уурхай байгуулах шаардлагагүй, уран олборлох хүдрээ газрын гадарга дээр ил гаргаж ирэхгүй. Тиймээс хүдрийн хаягдлын менежментийн асуудал үүсдэггүй. Уурхайн олборлолт дуусаад нөхөн сэргээлт хийхэд тухайн газрыг уурхайн өмнөх байгалийн унаган төлөвт буцаагаад аваачих бүрэн боломжтой аж.

Уг технологиос байгальд үлдэх ул мөр хамгийн бага, хамгийн бага эрчим хүч, хамгийн бага хэмжээний ус ашиглагдах юм байна.

Тэд “Үйлдвэрлэлийн туршилт амжилттай явагдаж, бид олборлолтын технологио бүрэн эзэмшсэн” гэж мэдэгдэж байгаа.

Товчхондоо уул уурхай тэр тусмаа ураны төслийг эсэргүүцэгч ТББ-уудын хэлдэг шиг “Энд тэнд газар ухаж сэндийчээд нүх үүсгэж, хорт бодис хаа сайгүй тархаж, хоёр толгойтой ишиг төрөөхгүй” нь.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Уран бол улс орны нийтлэг эрх ашигтай, эдийн засгийн тогтвортой байдалтай амин холбоотой сэдэв. “Орано майнинг”-ийн төсөл хэрэгжвэл нэн түрүүнд экспортоо төрөлжүүлэх боломж. Монгол Улс нь ураны зах зээлийн гол тоглогчдын нэг болно. Олон улсад нүүрсхүчлийн хий (CO2) ялгаруулдаггүй эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *