Нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна
Энэ сарын 12-нд ихэнх нутгаар дулаарах боловч, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2024 оны 10-р сарын 13-наас 2024 оны 10-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд Хангайн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар, 16-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-14-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 13-наас нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.