Абу Дабигаас мөнгөн медаль хүртсэн Л.Сосорбарам гэж хэн бэ?

0

АНЭУ-ын Абу даби хотод жүдо бөхийн Их дуулга тэмцээн аравдугаар сарын 11-13-нд болж байна.

Тэмцээнд 29 орны 69 эмэгтэй, 150 эрэгтэй, нийт 219 жүдоч өрсөлдөж байгаа бол манай улсаас Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар хүч үзэж байна.

Өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ. тэрбээр шигшээ барилдаанд АНЭУ-ын нэрийн өмнөөс зодоглож буй Б.Хорлоодойд нэмэлт цагт ялагдсан юм.

Лхагвасүрэнгийн Сособарам залуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монголын хоёр жүдочийн нэг. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 2001 оны гуравдугаар сарын 22-нд мэндэлсэн тэрбээр Лондоны олимпоос Н.Түвшинбаяр, С.Ням-Очир ах нарыгаа медаль авахыг харж бахархан жүдо бөхийн спортыг сонгох үедээ Л.Лувсандэмбэрэл багшид шавь оржээ.

Жүдо бөхөөр тууштай бэлтгэл сургуулилт хийсэн түүний хөдөлмөр зүтгэл 2017 онд үр шимээ өгч аймгийнхаа тэмцээнд босоо түрүүлж, Азийн дэвжээнээс ч алтан медаль авлаа. Дараа жил нь Ази болон Европ тивийн тэмцээнээс хүрэл медаль авсанаар олны анхааралд өртлөө. 2018 оны залуучуудын олимпын наадмаас мөнгөн медаль шүүрсэн нь Монголын жүдод анхдагч амжилт болсон юм. Дараа жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медальтай, бас шилдэг тамирчин ч болов оо.

Гарцаагүй том бөх болно гэдэг итгэлийг энэ үеэс бидэнд төрүүлсэн юм. Тус оны их дуулгад үзүүрлэж, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль авлаа. Л.Сосорбарам 2021 оны их дуулгын мөнгөн медалиа хүртэж, Токиогийн олимпын дэвжээнд эх орноо төлөөлөн барилдсан юм. Мөн Парисын дэвжээнд нутгаа дуурсгасан.

Тэрбээр 2024 онд Ташкент хотноо болсон “Их дуулга”-аас хүрэл, 2018 онд Буэнос-Айрес хотноо болсон залуучуудын олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр 2019 онд Дюссельдорф хотноо болсон “Их дуулга”-аас мөнгө, 2019 онд Оберварт хотноо болсон Европын нээлттэй тэмцээнээс мөнгө, 2019 онд Прага хотноо болсон Европын нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртсэн. Тэрээр 2019 онд Фүжайра хотод болсон Ази Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2024 онд хүрэл медаль хүртсэн. 2019 онд Марракеш хотноо болсон 21 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2022 онд Бакуд болсон “Их дуулга”-аас мөнгө, 2022, 2023 онд Токиод хүрэл медаль хүртсэн амжилттай яваа. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *