ШХАБ-ын хуралд Хятад, Оросын ерөнхий сайд нар оролцоно

0

Пакистан улсын нийслэл Исламабад хотноо 2024 оны аравдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 23 дахь өргөтгөсөн хуралдаан болох гэж байна. Пакистаны Гадаад хэргийн яамны мэдээлснээр, хуралдааныг тус улсын ерөнхий сайд Шахбаз Шариф даргалах юм байна.

Хятадын ерөнхий сайд Ли Цян, Оросын ерөнхий сайд Михайл Мишустин, Беларусийн ерөнхий сайд Роман Головченко, Казахстаны ерөнхий сайд Олжас Бектенов, Киргизийн ерөнхий сайд Акылбек Жапаров, Узбекистаны ерөнхий сайд Абдулла Нигматович Арипов болон Ираны тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммед Мохбер, Энэтхэгийн гадаад хэргийн сайд С.Жайшакар нар гишүүн орнуудыг төлөөлөн оролцоно.

Түүнчлэн, Туркменистаны гадаад хэргийн сайд болон засгийн газрын дэд дарга нар тусгай зочноор оролцож, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ ажиглагчаар оролцох юм байна.

Дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхий сайд Шахбаз Шариф оролцож буй орнуудын төлөөлөгч нартай хоёр талын хэлэлцээ хийх юм байна.

Засгийн газрын төрийн тэргүүн нарын зөвлөл эдийн засаг, худалдаа, хүрээлэн буй орчин болон харилцаа холбооны талаар ярилцаж, өнгөрсөн хугацаанд гарсан үр дүнг үнэлэх бөгөөд ирэх онд ШХАБ-ын орнуудын хамтын ажиллагаанд зориулах төсвийг батлах юм байна.

Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн сайд Аттаулла Тарар энэ удаагийн ШХАБ-ын хурал нь Пакистаны нэр хүндийг дэлхий дахинд дээшлүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв. Тэрбээр видео мэдэгдэлдээ  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах нь нэр төрийн хэрэг гэж хэлсэн бөгөөд бүх бэлтгэл ажил хангагдсан гэжээ. Пакистан улс энэхүү хүрээнд гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ түншлэл бий болгоно гэж найдаж буй.

ЭХ СУРВАЛЖ: ANI NEWS

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *