С.Одонтуяа: Сайд асан Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын хурлыг Монголд хийнэ гэж тохирсноос болж шаардагдсан 100 тэрбум төгрөгийн зардлыг салбарын бусад төсвөө хасуулж байгаад гаргуулахаар болсон
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд ЗГ-ын сайд нараас ирэх онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой асуулт асууж хариулт авсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүү, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа “Энэ жил манай салбарын төсөв нэлээд хасагдсан. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайд байхдаа НҮБ-ын Цөлжилтийн эсрэг ОУ-ын хурлыг Монголд зохион байгуулна гэж тохиролцсоноос болоод өнөөдөр ЗГ-т маш том ачаа ирж байна. Зардал нь 100 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа учраас ЗГ-ын толгойны өвчин болж хувирсан. Нэгэнт тохирчихсон учраас хийхээс өөр аргагүй. Үүнээс болж манай салбарын бүх төсөв хасагдсан. Энэ жил хурлын бэлтгэл ажилд 50 тэрбум төгрөг тавигдсан байна” гэв.