Хүний түүх: Азид хамгийн томд тооцогддог босоо амны төслийн анхны эмэгтэй маркшейдер О.Энхмаа

0

Болзоот зочинтойгоо уулзахаар өндөр шилэн барилгын цахилгаан шатаар дээш өгсөв. Үе үе зөөлөн ганхах цахилгаан шатны хөдөлгөөнд эргэн тойрноо ажиглаж, элдвийн бодол эргэлдсээр 15 давхарт хүрлээ. Ойролцоогоор 60 орчим метр өгсөх энэ зай нь зуурдхан атлаа ихийг бодогдуулах хугацаа ажээ. Тэр үед “Хэрэв би уурхайн гүн рүү 1000 гаруй метрт уруудвал ямар байх бол” гэсэн бодол зурс хийсээр лифтнээс буусан юм.

Анир чимээгүй хурлын өрөөнд ороод болзсон хүнээ хүлээх зуур торомгор алаг нүдтэй бүсгүй “Сайн байна уу” хэмээн цээл хоолойгоор мэндэлсээр орж ирлээ. Тэр бүсгүй бол миний болзоот зочин босоо амны анхны эмэгтэй маркшейдер О.Энхмаа байсан юм.

-Та манай уншигчдад өөрийгөө  танилцуулна үү?
Намайг Энхмаа гэдэг. Би “Оюу толгой” компанийн гүнийн уурхайн олборлолтын инженерээр ажилладаг. Өмнө нь Оюу толгойн гүний уурхайн босоо ам төслийн үндсэн гүйцэтгэгч “Жи Си Ар Монголиа” компанид маркшейдерээр хоёр жил ажилласан.

Харин Оюу толгойн уурхайд ажиллахаас өмнө ТЭЗҮ -г боловсруулах ажлын гүйцэтгэгч Ди Ди Эй Жи компанид маркшейдэр мэргэжлээр ажиллаж байсан. Ингээд бодохоор уул уурхайн салбарт нийтдээ 7 жил гаруй ажиллажээ.

Та газрын гүнд тэр тусмаа босоо аманд ажиллахад ямар байдгийг ярьж өгөх үү?
Тэгье ээ. Уурхайн гүнд их сонирхолтой.

Хэрэв зурагт, сэтгүүлээс гүний уурхайг харж байсан бол тэнд урт хонгилуудаар холбогдсон бүтээн байгуулалтууд байдгийг мэдэх байх. Газрын гадаргаас 1,300 орчим метрийн гүнд урт үргэлжилсэн мөргөцгүүд (уурхайн олборлолтын үед тэсэлж буталсан уулын цулыг ачигч механизмаар мөргөцөг үүсгэхийг хэлнэ) бий. Гүний уурхайд ажиллаж байгаа хүмүүст нэн тэргүүнд агаар хэрэгтэй. Миний ажиллаж байсан босоо амны төсөл нь газрын гадаргаас газрын гүн хүртэл босоо амыг ухаж агааржуулалтыг бий болгох зорилготой юм.

-Та уншигчдад газрын гадаргаас гүний уурхайд хэрхэн буудаг талаар тайлбарлаж өгөөч?
Босоо аманд ажилд ороод анх удаа газар доошоо орох болов. Тэр үед босоо амны маань нэвтрэлт 300 метр орчим явагдсан байлаа.

Бид хамгаалалтын хувцас, багаж хэрэгслүүдээ аваад хүн тээвэрлэдэг хөнөг (гүний уурхайн цахилгаан шат) дээр очсон. Ингээд 11-үүлээ хөнөгт сууснаар доош бууж эхэлсэн. Гэрэлтэй орчноос, харанхуйд шилжиж, салхи татуулсаар доошлоод л байлаа.

Харанхуй болмогц нэг маань малгайн гэрлээ асаасан. Бетон хананы цаана цагаан, ногоон гэрлүүд зурсхийн өнгөрч, бидний сүүдэр тусахаас өөр үзэгдэх зүйлгүй. Гүний уурхай руу ойртох тусам доороос бүдэгхэн гэрэл гарч эхлэхээр буух дөхсөнийг илэрхийлдэг юм.

Газрын гүнд доошлох тусам бүгчим, чийгтэй болдог.

…Нэлээн доошилж байтал “дийд, дийд” гэсэн чимээгээр, зорьсон түвшиндээ хүрч, зогссон. Тэнд буухаар нэг тийм сонирхолтой үнэр бий. Эргэн тойронд чулуугаар бүрхсэн жижигхэн агуйд байгаа юм шиг санагдана. Ингээд бидний ажил  эхэлнэ дээ. Манай  мэргэжлийн гол үүрэг бол эгц доошоо явдаг босоо амны хэмжилтийг хийх юм. Тэсэлгээний инженерүүд тухайн хэмжилтийн дагуу тэсэлгээгээ хийдэг. Үүний дараа бид дахин орж хэдэн метр тэсэлснийг хэмжиж, тэсэлгээ бүрийн илүү болон дутуу тэсэлгээнд хяналт тавина. Тэсэлгээний араас эгц доош нь бетон цутгадаг болохоор тухайн бетоны хэмжээг мөн маркшейдерүүд захиалж өгдөг. Бетон цутгалтын хэвийг тэгш тааруулахын тулд 2 миллиметрийн ч зөрөөгүй хэмжилт хийх шаардлагатай. Уг хэмжилтийг хийхийн тулд бид агааржуулалтыг түр хаадаг.

Ингээд хэв тааруулж дууссаны дараа агааржуулалтыг эргээд нээхэд “Агаар ийм сайхан билүү” гэж л бодогддог. Хэв тааруулалтын явцад хүнд хүнд багаж ашиглаад эмэгтэй хүнд жаахан хэцүү зүйл бий. Гэхдээ л  ажлаа дууссаны дараа “маркшейдерээр эрэгтэй гэлтгүй эмэгтэй хүн ч ажиллаж чаддаг шүү” гэж бодохоор ажилдаа улам л дурладаг даа.

Ажлын талбар дээр манай уурхайчин ах нар, найз нөхөд гээд л бүгдээрээ эмэгтэй хүн гэдгээр минь их хүндэлж, дэмжиж тусалдаг. Тэр ч утгаараа хамт олон маань ажиллах урам зоригоор их тэтгэдэг.

Босоо ам 3 ба 4-ийн нэвтрэлтийн ажил маань амжилттай дуусах үед би багийнхантайгаа нийт 1200 удаа уурхайн гүн рүү орсон байсан.

О.Энхмаа бол Оюу толгойн гүний уурхайн налуу, хэвтээ, босоо ам төсөлд ажиллаж байгаа таван маркшейдер эмэгтэйн нэг юм. Тэрээр Азидаа хамгийн томд тооцогдох Оюу толгойн босоо ам 3 болон 4 төслүүд дээр гар бие оролцож буй анхны эмэгтэй маркшейдер юм.

-Ер нь яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ. Нөлөөлсөн хүчин зүйл нь юу вэ?

Би мэргэжлээ багаасаа л хүсэж сонгосон. Манай аавын талынхан ихэнх нь уул уурхайн салбарын хүмүүс л дээ. Багаасаа цэцэрлэгт явалгүй өвөө, аав ээжийнхээ ажил руу нь дагаж явсаар, ухаан орох цагаасаа л уурхайн талаар мэддэг болсон юм. Аав, ээж маань ил уурхайд тэсэлгээ үзүүлж “Маркшейдер ийм гоё ажил хийдэг. Миний охин маркшейдер болоорой” гэж хэлнэ. Ингээд нэг л мэдэхэд би маркшейдер болох юм байна” гэх бодох болсон.

Гэтэл дунд ангидаа ороод нарийн бичиг болохоор мөрөөдөж эхлэв ээ. Учир нь би их цэвэрхэн бичдэг байсан л даа. Харин тухайн үед аав ээжийн маань бодол огт өөрчлөгдөөгүй хэвээр, “Миний охин маркшейдер л  болбол гоё” гэж зөвлөсөөр л байлаа.

Төд удалгүй ээжийн найзын охин нь манай суманд дөрвөн жилдээ ганц ирдэг маркшейдер мэргэжлийг сонгон суралцахаар явсан юм. Явахдаа надад, “Яг дөрвөн жилийн дараа, чамайг сургуулиа төгсөөд шалгалт өгөх үеэр маркшейдерийн ганцхан хуваарь ирнэ. Тэрийг л чи авах ёстой юм шүү” гэж захисан. Яагаад ч юм тэр үед их урам орж, би маркшейдер л болно гэж эргэлзэлгүй шийдэж билээ.

Нүд ирмэхийн зуур 4 жил өнгөрч, элсэлтийн шалгалтаа өгөөд “Маркшейдер болохгүй бол яана аа” гээд л санаа зовнино. Шалгалтын дүн гарсан өдөр нь надтай адил маркшейдэр  мэргэжлийг сонирхож байсан багын найз Эрдэнэбат маань хоёрдугаарт, би 3-т жагссан байлаа.

Тэр үед найз минь багаасаа л энэ мэргэжлийн мөрөөдөж ирснийг минь мэдэх тул “За, тэгвэл чи энэ хуваарийг ав даа” гэж хэлээд өөрөө ШУТИС-ГУУС-ийн Газрын тос нефтийн ангийг сонгосон доо. Тэгээд л би хүссэн мэргэжлээрээ суралцах боломжтой болж, хязгааргүй их баярласан.

Бид хоёр цэцэрлэгээсээ оюутан болтлоо хамтдаа суралцсаар өнөөдрийг хүртэл бараг 26 жил нөхөрлөж байна. Энэ дашрамд найз Эрдэнэбатдаа маш их талархаж явдгаа хэлье.

-Ажил амьдралынхаа тэнцвэрийг хэрхэн баримталдаг вэ? Мөн өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ?
Би 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг. Өдөр бүр 8 цагаар ажилладаг хүмүүс хувь хүнийхээ хөгжилд анхаарал тавих цаг бага байдаг бол уртын ээлж буюу ростерын нөхцөлөөр ажилладаг хүмүүс амралтын хоногуудад өөртөө хэрэгтэй бүхнээ хийж амжуулдаг давуу талтай.

Миний байнгын хэвшмэл зуршил болгосон нэг зүйл гэвэл амралтынхаа эхний өдрөө заавал гоо сайханд ордог. Хүмүүс Оюу толгойн усыг хатуулаг ихтэйг мэдэх байх. Тийм ч учраас арьсандаа маш их анхаардаг. Мөн дүү нартаа сайхан дурсамж үлдээхийн тулд тэднийхээ дуртай зүйлүүдийг нь хамтдаа хийж цаг зарцуулдаг даа.

Ер нь бол 14 хоногийн амралт бүрээ урьдчилан төлөвлөөд иог, англи хэлний сургалт, аялал, эрүүл мэнд, сэтгэлзүй, найзуудтайгаа уулзах гэх зэргээр аль болох олон зүйлүүд амжуулахыг хичээдэг. Өвлийн улиралд бол цанын баазад снөүбоардаар гулгах дуртай.

-Та бараг л Улаанбаатар хотод амьдарч буй хамгийн жаргалтай эмэгтэй бололтой.
-Тийм шүү. Би үнэхээр жаргалтай амьдарч байна.

-Та өөрийнхөө аз жаргалыг хэмж гэвэл 10-аас хэдэн оноо өгөх вэ?
-Ажиллаж байхдаа 13, амарч байхдаа 15 болов уу. Би ажилдаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Ажлынхан маань хүртэл намайг яаж үргэлж эрч хүчтэй, цоглог байгаад гайхдаг. “Миний инээдээр л хаана явж байгааг минь мэддэг” гэж хамт олон маань тоглоом болгож хэлнэ.

Хааяа өөрийнхөө ярианд л ядраад байдаг болохоос надад энгийн, эрч хүчтэй байдал маань тав тухтай байдаг. Хүссэн ажлаа хийхэд хэцүү зүйлгүй гэдэг ч, ямар ч ажилд хамт олон, ажлын орчин гээд маш олон зүйлүүд нөлөөлдөг. Миний хувьд таалагдсан  таалагдаагүйгээ илэрхийлдэг,  нэгнээ үргэлж хүндэлдэг, энгийн харилцаа үүсгэж чаддаг хамт олонтой тул надад ажилдаа түүртэх, дургүйцэх мэдрэмж огт төрдөггүй.

“Эмэгтэйчүүд маань эрчүүдтэй яг ижил цагийн хуваариар уурхайн талбарт ажиллаж, ахлах инженер, удирдах албыг хааж байгааг харж болно”

Уул уурхайн салбарт зөвхөн эрэгтэй гэлтгүй олон эмэгтэй хүмүүс мөр зэрэгцэн ажиллаж байна. Эмэгтэйчүүд маань эрчүүдтэй яг ижил цагийн хуваариар уурхайн талбарт ажиллаж, ахлах инженер, удирдах албыг хааж байгааг харж болно. Нэг жишээ л гэхэд, миний одоо байгаа олборлолтын инженерийн баг олон эмэгтэй ажилтантай, ахлах мэргэжилтэн маань  чадварлаг инженер бүсгүй бий.

Инженер мэргэжлээр суралцаж байгаа дүү нартаа хандаж хэлэхэд,  ямар ч хэцүү зүйл тулгарсан ард нь үргэлж сайхан зүйл хүлээж байдаг юм шүү. Тиймээс аливаа зүйлд тууштай байгаарай. Хүн бүхнийг мэддэг байх албагүй ч, суралцах боломж бүх хүнд байгаа.

Зарим мэргэжлийн салбарт эмэгтэй хүн гэхээр л уяхан туяхан, эрэгтэй хүнээс дутуу гэж үзэх хандлага бий.

Гэхдээ эмэгтэй хүмүүс ч адилхан хүн болохоор ямар ч ажлыг хийж чадна гэдгийг онцолж хэлмээр байна. Уул уурхайн талбарт ажиллаад удаагүй би “Оюу толгой” компанид ажилд орно гээд явахад минь Мөнхцэцэг гээд хуучин  удирдлага маань намайг заавал инженерээр ажиллаарай, чи чадна аа гэж хэлээд, надад итгэж хайрлаж, зааж зөвлөж үдэж өгч байсан даа.

Тэр сайхан хүний урмын үг, хүлээлгэсэн өндөр итгэл,  сайн сайхан хүссэн бүхэнд нь, “Тандаа баярлалаа” гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:gogo.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *