Өнгөрсөн шөнө хотын гудамж, замуудад 425 тонн давс, 83 тонн бодис цацаад байна
Өнгөрсөн шөнө хотын гол болон туслах зам цэвэрлэгээнд 500 гаруй албан хаагч, 100 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж, 425 тонн давс, 83 тонн бодис цацаж, цэвэрлээд байна. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү болон холбогдох албаны хүмүүс тухайн байршлуудад ажилласан юм. Ийнхүү замд дагтаршсан цасыг түрэх, давс бодис цацах ажлууд үргэлжилж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү “Өнгөрсөн 2-3 жилд 3700-5400 тонн давс, 2300-4700 тонн бодис хэрэглэдэг байсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 6000 гаруй тонн давс, 4700 орчим тонн бодис нөөцөлсөн. Өнгөрсөн шөнийн байдлаар халтиргаатай газруудад 430 орчим тонн давс, 85 орчим тонн бодисыг цацсан. Одоогоор 200 гаруй машин техник, 33 байгууллагын 1500 гаруй ажилтан зам цэвэрлэгээ, үйлчилгээнд ажиллаж байна. Томоохон даваа гүвээнүүдийн халтиргаа гайгүй. Өнгөрсөн шөнө Гүнтийн давааны ар талын хэсгийн нөхцөл бага зэрэг хүндэрсэн. Бид замыг хэвийн байдалд оруулж ажилласан. Энэ жил цас цэвэрлэгээний техникүүд нэмэгдсэн. Хот тохижилтын техник хэрэгслүүдийг 40 хувьтай бүрэн шинэчилсэн. Улмаар хотын зах руу том техникүүдээ гаргаж, ачаалалтай хэсэгт иргэдэд саад учруулахгүй байлгах үүднээс төв замаар жижиг оврын машин техникийг ажиллуулж байгаа” хэмээлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС