Г.Дамдинням: МҮХАҮТ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчилснээр төрөөс бизнесийн салбарт оролцдог байдлыг хязгаарлах боломж бүрдэнэ

0

Монгол Улсын анхны 126 гишүүнтэй парламент “хүн төвтэй”, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхийн тулд “Гурван төгөлдөршил” бодлогыг гол стратеги хэмээн зарласан. Энэхүү бодлогын хүрээнд байгуулсан 54 ажлын хэсгийн нэг нь Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг юм. Уг ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням ажиллаж байгаа бөгөөд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг ямар хэлбэрээр ажиллах вэ?

– Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг шинэчлэн найруулснаар хөрөнгө оруулалтын болон бизнесийн орчныг сайжруулах, төр бизнесийн салбар болон ард иргэдтэй харилцах харилцааг зохицуулах эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Хуулийн үндсэн санаа нь төрийн зүгээс бизнестэй холбоотой аливаа шийдвэр гаргах буюу татвар хураамжийг зохицуулах, орд газруудыг ашиглах, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих талаарх хуулиудыг боловсруулах суурь шинэчлэл болох юм. Тухайлбал, бизнесийн салбарынхан төртэй хамтарч ажиллахын тулд салбар, чиглэлээрээ нэгдэхээс эхлээд оролцогч талуудын нэгдсэн байр суурийг илэрхийлэх зэрэгт эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэхэд ажлын хэсэг ажиллана. Хуулийн төслийг боловсруулахдаа олон нийт, бизнес эрхлэгчдийн саналыг авч, хэлэлцүүлэг өрнүүлэхийг чухалчилж байна. Энэ хуулийн төслийг боловсруулахдаа нийгмийн харилцаанд оролцогч талуудын хамтын шийдлийн үр дүнд, бие биедээ ээлтэй байх зохицуулалтыг тусгаж, өөрчлөхөөр зорьж байна.

– Хуулийн ач холбогдолыг Та товч дүгнэж хэлнэ үү?

– МҮХАҮТ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчилснээр төрөөс бизнесийн салбарт оролцдог байдлыг хязгаарлах боломж бүрдэнэ. Түүнээс гадна хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагааны эрх, үүрэг, хариуцлага тодорхой болох юм. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид салбар бүрээрээ эсвэл нийт бизнесийн орчны нэгдлээр нийлж, төр засагт дуу хоолойгоо илэрхийлэх, төрөөс гаргаж буй бодлого шийдвэрт оролцох, хамтарч ажиллах бололцоог бүрдүүлэхэд хуулийн шинэчлэлийн ач холбогдол оршиж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *