2025 онд ирэх 30 жилийн хөгжлийн суурийг тавьсан томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг эхлүүлнэ
Хамтарсан Засгийн газар ирэх оныг хөгжлийн ямархан хараанд багтаан төсвөө базаах вэ гэдэг эдгээр өдрүүдийн анхаарал татсан сэдэв болж байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг инженерчлэлийн ухаанаар ажиглавал 2025 он бол ирэх 30 жилийн хөгжлийн суурийг тавьсан томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтуудын жил болох нь.Өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн түлхүүр нь иргэдийнхээ тайван амьдрах нөхцөлийг тооны ухаанаар хавсруулан шийдсэн байдгаараа онцлог. Зоригтой бүтээн байгуулалтуудын үр дүнд улсынх нь иргэд ирээдүйгээсээ айх айдасгүй хэдэн зуун жил амьдрах нөхцөл бүрдсэн байх юм. Бидэнд хөгжлийн ийм зориг хэрэгтэй. Чухам үүнчлэн сэтгэсэн төсвийн төслийг Засгийн газар боловсруулан өргөн барьж, хэлэлцүүлээд байна. Төсвийн төслийг боловсруулахын урьтад Монгол Улсын зээлжих зэрэглэл “В+, тогтвортой” зэрэглэлд орж, түвшин ахьсан нь Монгол Улсын Засгийн газрын алсын хараанд хурд нэмж, жолоо өргөсөн үйл явдал болсон биз ээ. Тиймээс ч томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх төлөвлөгөөг 2025 оны төсвийн төсөлд зоригтой тусгаж өгөөд байна. Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн суурь агуулга болгоод буй. Үүний тулд авто зам, эрчим хүчний салбарыг өргөтгөх мега төслүүдийг хөдөлгөхөөр болж байна.Таван тойрог авто замын төслийг хэрэгжүүлсэнээр Монгол Улсын авто замын сүлжээнд 4400 км замын барилгын ажил хийгдэж, 710 км авто зам шинээр баригдана. Мөн хөгжлийн бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийсэн ААН-үүдийг татварын таатай бодлогоор дэмжихээр тусгаад байна. Тухайлбал, нийгмийн хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалт хийсэн аж ахуй нэгжүүдэд борлуулалтын орлогын нэг хувь хүртэл татварын хөнгөлөлт үзүүлэх, боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортыг татвараас 100 хувь, барилгын бараа материалын импортыг гаалийн татвараас чөлөөлөх гээд уян хатан татварын бодлогыг хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Ипотекийн зээлийн санхүүжилтийг 1.3 их наяд төгрөг болгон нэмэгдүүлж, 13 мянга 343 өрхийг орон сууцны зээлийн санхүүжилтэд хамруулах тооцооллыг хийгээд байна. Хамгийн гол нь ипотекийн зээлийн санхүүжилтийн 50-иас доошгүй хувийг хөдөө орон нутгийн иргэд рүү хуваарилахаар болжээ. Энэ бол хэт төвлөрөлийг саармагжуулах, эзэнгүйдэж буй орон нутагт иргэдээ тогтвортой суурьшуулах бодлогын шийдэл юм. Хархорум хотыг шинээр зохион байгуулах, 500 мянган хүн ам оршин суух дэд бүтцийн төлөвлөлтийг 2025 оны төсөвт тусгаж өгчээ. Ингээд хөгжлийн хурдны галт тэргээ Монгол Улс хэрхэн зөв жолоодож явах вэ гэсэн суурь бодлого ирэх оны төсвийн төсөлд багтаад байна. Хэлбэрдэж бус агуулгаа босгосон төсвийн төслийг батлах хариуцлагатай үүрэг УИХ-д оногдоод байна.