Намрын хоёр дахь барилдаанд улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв
Монголын үндэсний бөхийн холбооноос 2024-2025 оны улиралд зохион байгуулах барилдаан Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжиллээ.
Уг барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож үзүүрлэв.
М.Лхагвагэрэл зааны хувьд хамгийн сүүлд 2023 онд зохион байгуулсан аваргуудын нэрэмжит барилдаанд түрүүлж байлаа. Энэ нь түүний бөхийн өргөөний барилдааны гурав дахь түрүүлж болж байгаа юм. Тэгвэл Говьсүмбэрийн наадамд түрүүлж “хурц” чимэг хүртсэн аймгийн хурц арслан Д.Алтанцоожийн хувьд улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд анх удаа үзүүрлэж байгаа нь энэ.
Харин шөвгийн дөрөвт Өвөрхангай Төгрөг сумын харьяат, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа. Наймд улсын заан Б.Серик, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан М.Гантулга нар үлдэв.