Өгзөг” Д.Одбаяр Хонконгийн консул болохоор Засгийн газрыг хормойдож байна

0

Доржийн Одбаяр бол Дорнод аймгийн Засаг даргаас эхлээд Цэцийн дарга болтлоо “томорсон”, монгол төрийн нүүрийн олон улсад “өгзөг” нэрээрээ тахалсан нэгэн

Эрх мэдэл, албан тушаалын суудал амрааж үзээгүй гэдгийг нь түүний товчхон намтраас харж болно. Тэртээ 2017 онд Цэцийн дарга болж, хоёрхон жил болоод дээврийн өрөөнөөсөө гарсан. Үндсэн хуулийг манах ёстой хүн нь гадаадын хэвлэлийн бай болж, хүний эрхэнд халдсан нэгний нэр зүүснийг бүгдээр санаж байгаа биз ээ. Онгоцны үйлчлэгчийн өгзөгт хүрсэн гэгдэж, дараа нь БНСУ-ын хууль хүчний байгууллагынханд гүтгэгдсэн гэж өөрийгөө өмөөрсөн.

Ёс зүйгүй асуудалд бүхэл бүтэн улсыг хутгачихаад албан тушаалаа өгөхгүй мөн ч их зууралдсан даа. Албан тушаалаа өгчихөөд бас амар заяа үзүүлэхгүй, Цэцийн гишүүнээр үлдсэн юм. 

Түүний Монгол Улсад ямар гавьяа байгуулсныг тов тодорхой мэдэх хүн бараг л үгүй. Энгэртээ алтан гадас гялалзуулж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зүүсэн Д.Одбаяр алдартаа багадаж, гуншиндаа дарлуулсан нэгэн биш үү. Хуулийн мөн чанарт нэвтэрсэн байх атлаа хуулиас гадуур оршиж байгаа нь гайхширмаар. Хүүхний өгзөг базсан хэрэгтээ 7 сая воны торгууль төлсөн тэрбээр “сунжирч мэдэх шүүх”-ээс зугтаад мөнгөөр бүхнийг шийдчихээд ирсэн юм билээ. Даргын албан тушаалаа бодсон уу, төрийн ажлаа бодсон уу, одоо ч гайхахаас аргагүй. Нэр төрийг нь гутааж, монголыг муухай харагдуулж, хийгээгүй хэрэгтээ насны “муу нэр” зүүж байхаар шүүх танхим руу зүглэх ёстой биз дээ. Шүүхдээд ч хамаагүй үнэнийг илчлэх ёстой байсан биз дээ. Тиймээс л түүний гүтгэгдсэн гэдэг үгэнд хэн ч итгэхгүй байгаа юм. Нэр хугарахаар яс хугар гэдэг сэн. Өөрийн байтугай төрт улсын нэрийг шороотой хутгачихаад гэмшил ч үгүй ажилласаар л байна. 

Юун гэмших. Тийм шог хаана ч байхгүй. Үүний нотолгоо нь “өгзөг” Д.Одбаяр Хонконгт консулаар сууж, ямбатны замналаа үргэлжлүүлэхээр зогсоо зайгүй Засгийн газрыг хормойдож байна. Энэ асуудлыг Засгийн газар лхагва гарагийн ээлжит хуралдаанаараа хэлэлцэх бололтой. Хүрээний балаг дуусахгүй гэгчээр хүний “улаан галзуу гэмээр шунаг зан, ширэн нүүр” ч барагддаггүй юм шиг байна.

Онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулсан гэгдэгч тэрбээр Монгол Улсаас гадаад улсад суух “Бүрэн эрх”-ийг эдэлж болох уу? Түүнд энэ албан тушаалыг хаших ёс зүй, нэр төрийн хэлтэрхий ч болтугай бий билүү? …Дипломат албаны томилгооны шалгуур, болзол зэргээс харвал томилогдож буй нэгэн нь “Ёс зүйн болон сахилгын шийтгэл гаргаж байгаагүй байх” ёстой. Гэтэл Д.Одбаяр ёс зүйн асуудалд холбогдож, албан тушаалаа өгсөн хүн. Дэлхийн орон даяар Монгол Улсын нэр нүүрийг шалаар чирч, монгол хүний ёс суртахууныг уландаа гишгэсэн түүнийг тухайн үед “цэцийн гишүүн”-ээр үлдээсэн нь байж боломгүй өгөөмөр зан. Атал дипломат албанд горилж, Засгийн газрыг тойрон боргож байгаа нь зүйд нийцэмгүй санагдах. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *