З.Ган-Очир: Зэсийн үнийн өсөлт удаан үргэлжилбэл ногдол ашиг хүртэх хугацаа наашилна

0

“Оюу Толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн асан З.Ган-Очиртой ярилцлаа.

-Гүний уурхайн тасралтгүй олборлолт эхэллээ. Татварын маргаан хараахан шийдэгдээгүй байна. Төслийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд цаашид юуг анхаарах ёстой вэ?

-“Оюу толгой”-н хувьд татвараа гэрээгээр зохицуулсан. Төлөвлөгөө ёсоор 2028, 2029 онд гүний уурхай бүрэн хүчин чадалдаа ажиллах ёстой. Бүрэн хүчин чадалд төлөвлөсөн хугацаанд хүрэхэд тодорхой цаг хугацаа орно. Энэ нь крант нээгээд, хаахтай адил биш. Маш их ажлын үр дүн, олон хүний хүч хөдөлмөр орно. Хөрөнгө мөнгө ч зарна, эрсдэлүүд ч бий. Техникийн ажлаа нарийн чанд хийж байна уу,  төлөвлөгөөт ажлууд хугацаандаа хэрэгжсэн үү гэдгийг анхаарах хэрэгтэй. Гүйцэтгэл маш чухал. Төлөвлөлт, гүйцэтгэлийг харьцуулж харах, жилийн гүйцэтгэлээр үр дүн нь хэмжигдэнэ.

-Монгол Улс өөрийн эзэмшиж буй 34 хувьд ногдол ашиг хүртэх цаг хугацаа наашлах боломж харагдаж байна уу. Ер яг хэзээнээс монголчууд ногдол ашиг хүртэх вэ?

-2032 оноос эхэлж ногдол ашиг олгох тооцоо гарсан. Зэсийн үнэ энэ хэвээр өндөр, компанийн үр ашиг сайн байвал хугацаа наашлах боломж байна уу гэж харж байна. Зэсийн үнийн төлөвлөлтийг бодит үнээс арай доогуур тооцдог. Тэгэхээр үнэ сайн, урт хугацаанд өсөлттэй байвал талуудад ашигтай.

-Зэсийн үнэ нэлээд өөдрөг байх таамгууд гарч байна. Та хэрхэн харж байна вэ?

-Ойрын үед гайгүй байх магадлал байна. Зэсийн үнэ дэлхийн эдийн засгийн бодит өсөлтөөс хамаардаг. Улс орнуудын эдийн засгийн өсөлт, геополитикийн нөхцөл байдал, гадаад улс төрийн орчин гээд олон хүчин зүйлээс энэ байдал шалтгаална. Бидний хувьд үйлдвэрлэлийн хүчин чадлаа цаг хугацаанд нь нэмээд, техникийн хүчин чадлаа өсгөж чадвал төслийн үр ашиг сайжирна.

-“Оюу толгой”-н гүний уурхай бүрэн хүчин чадалдаа хүрснээр дэлхийн 4 дэх том зэсийн нийлүүлэгч, том тоглогч болно гэсэн хүлээлт байна?

-Дэлхий үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Бидэнтэй адилхан улс орнууд зэсийн зах зээлд тэргүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэгдүүлэх, байр сууриа ахиулах, үйл ажиллагаагаа сайжруулахаар зорьж буй. Шинэ төсөл эхлүүлэх, уурхай нэмж байгуулах, хүчин чадлаа өсгөхийн төлөө компаниуд хөрөнгө зарж, хүч хөдөлмөрөө зориулж байгаа. Бид нар байнгын өрсөлдөөн дунд байгаа гэдгээ л юуны өмнө ойлгож ажиллах ёстой.

-Дэлхийн уул уурхайн чуулганд та оролцсон. Тэндээс Монголд хөрөнгө оруулах сонирхол мэдрэгдэв үү, чиг хандлага хаашаа байна вэ?

-Геологи хил хязгааргүй шинжлэх ухаан. Дэлхийн геологийн тогтоц, бүтэц, эрдсийн илрэл, хайгуулыг дагаж хөрөнгө оруулалт шилжиж, хөдөлгөөн хийгддэг. Манайхтай ижил төрлийн геологийн хувьд потенциалтай Казахстан байна. Энэ бүс нутагт хөрөнгө оруулалтын хамгийн сайн татаж байгаа орон. Газрын тос, ашиг малтмалын салбарт нь хөрөнгө оруулалт ихээр хийгдэж байна. Хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж чадаж байна. Бидний хувьд Казахстантай өрсөлдөхүйц хэмжээнд л шинэчлэл, өөрчлөлт хийх, хөрөнгө оруулалт татахуйц орчныг бий болгох шаардлагатай. Монголд хөрөнгө оруулах сонирхол, хандлага бага л харагдаж байна лээ. Манай хууль эрх зүйн зохицуулалт, ялангуяа хуулиар тогтоосон татварын орчин хөрөнгө оруулалтыг хангалттай дэмжих хэмжээнд биш байна.

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга тойрсон хэлэлцүүлэг, уулзалт их болж байна. Танд хуулийн шинэчилсэн найруулга хэр болсон санагдав уу. Юу нь онож, юу нь дутсан байна вэ?

-Шинэчлэх хэрэгцээ, шаардлага байсан уу гэвэл тийм. Хэлэлцүүлгүүд ч өрнөж байна. Тэнд гарсан санаа, оноог авч тусгах байх. Илүү сайжруулах алхмууд үүгээр хийгдэх байх гэж харж байна. Нэгэнт шинэчилж байгаа бол зөв, зохистой хийх хэрэгтэй. Үр дүнд нь уул уурхай урагшлах, эдийн засаг тэлэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, улсын хөгжилд ахиц, дэвшил авчрах далайцтай өөрчлөлт үүгээр араасай гэж бодож байна. Шинэчлэл  нь хөрөнгө оруулалтыг дэмжих бодлоготой уялдах ёстой. Хуулийг хэт чангатгах нь хөрөнгө оруулалт боомилно, хэт дэлгэчихвэл замбараагүй байдал үүснэ.  Хяналт, дэмжлэг хоёр тэнцэж байвал үр дүн нь гарна. Энэ хоёрын баланс их чухал. Хуулийн зорилго, зохицуулалт ч энэ. Олон юм руу нэгэн зэрэг харах гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтыг дэмжих хөшүүрэг хаана вэ гэдгээ л ойлгож, тэндээ гол өөрчлөлт, шинэчлэлээ хийх  нь бодит үр дүнг авчирна.

-Стратегийн чухал ашигт малтмал гэсэн шинэ нэр томьёо оруулж ирсэн байсан. Та энэ талаар ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Чухал ашигт малтмалыг аж үйлдвэржсэн орнууд илүүтэй гаргаж тавьж байгаа. Өөрсдийн аж үйлдвэрлэлийн хэрэгцээнд шаардлагатай түүхий эдүүдийг хайгуулын түвшинд сайжруулах асуудал яригдаж байна. Манайх бүс нутгийн эдийн засгийн харилцаанд оролцох, боломж үүсгэхийг чухалчилсан байх. Тухайн ашигт малтмалд ач холбогдол өгч, хайгуул хийх нөөц боломжийг нь нээх үүднээс стратегийн чухал ашигт малтмал гэж тодруулсан болов уу. Буруу юм байхгүй. Гэхдээ стратегийн чухал ашигт малтмал сратегийн орд биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Стратегийн чухал ашигт малтмал бол дараагийн 10, 20 жил Монголын уул уурхайн салбарыг дэлхийд өрсөлдөхүйц, энэ салбарт хайгуул нэн даруй хийх шаардлагатай шүү гэдгийг дэмжих оролдлого гэж харах нь чухал. Үндсэн суурь нь энэ. Дэлхийн чиг хандлага, аж үйлдвэрийн эрэлт хэрэгцээ ч үүнд нөлөөлж байгаа.

-АМНАТ тойрсон санал, гомдол их гарч байна. Манай хувь хэмжээ арай л өндөр байна уу?

 -Манай АМНАТ хөрөнгө оруулалт хамгийн ихээр татаж байгаа орнуудтай өрсөлдөхүйц хэмжээнд очих ёстой. Экспортын ач холбогдол бүхий зэсийн хувьд манай АМНАТ-ийн хэмжээ дэлхий дээр байхгүй өндөр хэмжээнд байгаа. Өнөөдөр “Оюу толгой”-гоос өөр нэг ч зэсийн уурхай ашиглалтад орсонгүй. Шинээр мянга мянган ажлын байр залууст бий болгож чадсангүй. АМНАТ ийм өндөр хэвээр байвал салбарын өрсөлдөх чадварт ч сөргөөр нөлөөлнө.

Өмнө хэлсэнчлэн Казахстан хууль эрх зүйн орчноо нэлээд либералчилсан байна. Нээлттэй, тодорхой болголоо. Авч байгаа АМНАТ-ийн хэмжээ болон санал болгож буй хууль эрх зүйн орчин нь хөрөнгө оруулалтыг өөртөө хамгийн ихээр татаж, шингээж байна. Улс орноо хөгжүүлэхэд том хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүний тулд тэр хэмжээгээр өөрчлөлт, шинэчлэл хийх хэрэгтэй. Уул уурхай манай эдийн засгийн тэргүүлэх салбар. Энэ салбар маань дэлхийн хэмжээнд, бүс нутгийнхаа хэмжээнд, Төв Азийн хэмжээнд бусад улсуудтай өрсөлдөхүйц байна уу. Тэд  нартай бид өрсөлдөж байж л хөрөнгө оруулалт татна, тэднээс илүү таатай хөрөнгө оруулалтын орчин санал болгож байж л эдийн засгаа тэлнэ.

-Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *