“Эмийн замбараагүй хэрэглээ хүүхдийн өвчлөлийг хүндрүүлж байна”
Цаг агаар сэрүүссэнээр иргэд тэр дундаа бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуугийн өвчлөл нэмэгдэж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ТҮН-ийн халдвар судлагч их эмч Ч.Уртнасангаас тодруулснаар “Дураараа эм уух, эмчилгээ хийх зэргээс шалтгаалан хүүхдүүдийн дунд эмийн тасалдал үүсэх эрсдэлтэй байна. Хүүхдүүд ганцхан эм хэрэглээд шинж тэмдэг нь дарагдахгүй, хавсарсан эм хэрэглэх шаардлагатай тохиолдол их бий. Нөгөө талаар эмийн замбараагүй хэрэглээнээс болж хүүхдийн өвчлөл хүндэрч байна. Тиймээс заавал эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэв. Түүнчлэн халдвар судлалын тандалтаар Sars cov 2, адино, рино гэсэн вирусүүд тархаад байгаа аж. Эдгээр вирусүүд нь томуу, томуу төст өвчнийг үүсгэдэг, бага насны хүүхдүүд дунд хүндрэх эрсдэл өндөртэй аж.
Тиймээс томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол өрхийн эрүүл мэндийн төвдөө хандахыг зөвлөж байна. Монгол орон даяр улирлын томуугийн вакцинжуулалт наймдугаар сарын 20-ноос хойш үргэлжилж байна. Үүнд 0-5 хүртэлх насны хүүхдүүд, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, эмнэлгийн ажилчид болон олон нийттэй харилцдаг үйлчилгээний байгууллагын ажилчдыг хамруулах юм. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тодруулснаар энэ жил нийт 300 тунгаар вакцинжуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 84 хувьтай үргэлжилж байгаа аж.
Томуугийн вакциныг харъяа өрхийн эрүүл мэндийн төвд хийх ба томуугийн улирлаас шалтгаалан ачаалал ихтэй байна.
Тодруулбал, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өдөрт дунджаар 40-50 хүн үйлчлүүлж байгаа бол үүний 70 орчим хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна. Томуугийн улирал аравдугаар сард эхэлдэг. Энэ жилийн хувьд улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэх эрсдэл өндөр байгаа. Уг өвчлөлийн хамгийн эхний шинж тэмдэг нь томуу, томуу төст өвчинтэй төстэй. Түүнчлэн томуу, томуу төст өвчин улаанбурхан өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс аливаа эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай гэдгийг албаныхан зөвлөж байна.
ТОМУУГИЙН ШИНЖ ТЭМДГИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?
Томуугийн шинж тэмдэг ханиаднаас илүү хүнд явцтай бөгөөд хурдан илэрдэг. Томуугийн халдварын үед хоолой хөндүүрлэж өвдөх, халуурах, толгой өвдөх, булчин зангирч өвдөх, хамар битүүрэх, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Томуугийн ихэнх шинж тэмдэг 2-5 хоногийн хугацаанд аажим намждаг. Гэсэн хэдий ч долоо ба түүнээс дээш хоногоор биеийн байдал сайжрахгүй байх тохиолдол элбэг. Томуугийн түгээмэл тохиолдох хүндрэл нь уушигны хатгаа бөгөөд бага насны хүүхдүүд, ахмад настан, уушиг, зүрхний өвчтэй хүмүүс илүү өртөмтгий байдаг. Амьсгаадах шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай. Хатгааны үед халуурах нь түгээмэл бөгөөд халуун буусан ч 1-2 өдрийн дараа дахин халуурна.
Ханиадны адилаар томуугийн вирус бидний хамар, нүд, амны салстаар дамжин биед нэвтэрдаг. Иймд гараа тогтмол угааж, халдваргүйжүүлж, нүд, хамар, амандаа гараараа хүрэхгүй байх нь ханиад, томуугаас сэргийлэх үр дүнтэй арга юм.
Түүнчлэн ханиад, томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд хялбар арга нь гараа тогтмол угаах юм. Гараа савандаж, бүлээн усаар 20 секундын турш угаах нь арьсан дээрх бактери, вирусээс ангижрахад тустай. Гараа тогтмол угаахаас гадна томуугийн вакцин хийлгэж, улирлын томуугаас сэргийлэх боломжтой. Вакцин хийлгэснээс хоёр долоо хоногийн хугацаанд томуугийн вирусийн эсрэг бие биед үүсч, дархлаа тогтдог. Анх удаа томуугийн вакцин хийлгэж байгаа хүүхдэд нэг сарын зайтай хоёр тун тарина.