Р.Эрдэнэбүрэн улс төрөө даахгүй унах вий!

0

Парламентын сонгуулийн дараа МАН-ын засагт ажиллах томилгоо “намаасаа” авч, давхар дээл өмссөн найман сайдын нэг нь Р.Эрдэнэбүрэн. МАН түүнд хамгийн асуудалтай, хамгийн хэл амтай салбараа хариулцуулсан агаад тэр нь  “20 минутын хот”үндэсний хорооны дарга.

Өөрөөр хэлбэл, ирэх дөрвөн жил Улаанбаатар хотын түгжрэл буурахгүй бол хариуцлагыг нь АН, тэр тусмаа Р.Эрдэнэбүрэн хүлээх нь гарцаагүй. Тэрбээр түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд гоё, ганган нэртэй концепци танилцуулах болсон.

Хамгийн анх “Өөдөө тэмүүлэх Монгол” гэх ган татлагатай 900 метр гүүр барьж, цаад тал руу нь Богд ууланд туннел барина” гэж байв.  Тэгвэл түүний өчигдрийн  /2024.10.21/ өгсөн мэдээлэл нь  буруу хүрдтэй импортын машиныг хориглох тухай байв.

Тэрбээр “Түгжрэлийг бууруулахын тулд зориг гаргах шаардлагатай. Манай үндэсний хороо ажлаа хийж байгаа. Саяхан Хятадын томоохон компанитай очиж уулзаад ирлээ. Энэ хүрээнд түгжрэлийг бууруулахын тулд 2-3 төслийг яаралтай хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Ойрын хугацаанд 10 орчим дөрвөн замын уулзварыг хоёр түвшний болгоё гэсэн яриа хэлэлцээрүүд хийж эхэлсэн.

Мөн 2028 оноос нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10 мянган ам.доллар хүрвэл буруу хүрдтэй хуучин автомашины импортыг хязгаарлана. Одоо Улаанбаатарт 800 мянган машин явж байна” гэх мэдээллийг өгсөн нь нэг хэсгийн дэмжлэг авч, нөгөө хэсгийн эсэргүүцэлтэй нүүр тулж байна.

Монгол Улс нь зүүн гар талдаа жолооны хүрдтэй авто машин унах хуультай. Тодруулбал, 1996 онд батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэж суулгаж өгсөн. Гэвч өнөөдрийн хувьд Монголд явж буй автомашины талаас илүү хувь нь буруу хүрдтэй. Жишээ нь, 2019 онд нийт тээврийн хэрэгслийн 49.8 хувь нь, 2020 онд 50.1 хувь нь, 2021 онд 51 хувь нь буруу жолооны хүрдтэй байжээ. Энэ нь нэг зам дээр хоёр өөр стандарт хэрэгжиж байна гэсэн үг.

Буруу хүрдтэй машины импортыг хориглох тухай яриа үе, үе гардаг. Гэсэн хэдий ч замын хөдөлгөөний дүрмээ өөрчилж, мөн буруу хүрдтэй машины импортыг хязгаарласан тохиодол гараагүй.

Гэхдээ Р.Эрдэнэбүрэн сайдын хэлсэнчлэн буруу талдаа хүрдтэй машины импортыг хорьсноор Улаанбаатар “зовлонгийн шалтгаан”-аасаа тийм ч амар салахгүй нь ойлгомжтой. Түгжрэлийн гол шалтгаан нь анхнаасаа хотоо буруу төлөвлөсөн, хүн амын ачаалал нь хэтийдсэндээ байгаа болохоос буруу хүрдтэй машинд байгаагүй. Нөгөө талаар иргэдийн дийлэнх нь амжиргааны түвшин, ашиг орлогоосоо хамаарч буруу хүрдтэй машин унадаг. Тэгэхээр Р.Эрдэнэбүрэн “улны” иргэдийн унадаг автомашиныг хориглох гэж байгаад улс төрөө даахгүй унаж мэдэх л юм.

Иргэдийн өмч хөрөнгөд халдаж, сав л хийвэл хорино, дээрэмдэнэ, хязгаарлана гэх болсон төрд ямар тэнэг нь хөрөнгө оруулъя гэж хүрч ирэх билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *