Л.Гантөмөрийг АН-ын даргаас өөрчилж магадгүй болчихлоо
О.Цогтгэрэл даргатай Ардчилсан нам Онц Их хурлаа 2022 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулж, тус намын ЕНБД-аар Л.Гантөмөр сонгогдож байв. Дарга болсоныхоо дараа “2024 оны сонгууль хаяанд ирлээ. Бид хоёр дахин их хүчээр, хоёр дахин их хичээж ажиллах хэрэгтэй байна. М.Тулгат даргыг дэд дарга болооч гэж урьсан” хэмээн гал цогтойгоор мэдэгдэж байв.
Гэвч тэрээр энэхүү гал цогтой мэдэгдлээсээ хойш усанд хаясан чулуу мэт алга болсон. Онц их хурлаа хийж, намын дүрэмд оруулсан өөрчлөлтөө УДШ-д өргөн бариад ч О.Цогтгэрэл нар албан ёсны тамга, гэрчилгээгээ сэргээж чадаагүй юм. Л.Гантөмөрийн ЕНБД гэдэг сэтэр хий хоосон зүйл болоод өнгөрсөн юм.
Улмаар ҮБХ-ны сунгаагаар тэр дахин дарга болж гарч ирэв. Энэ удаад түвшин ахиж, АН-ын дарга хэмээх албан тушаалд гарч ирэх нь тэр. Монгол улсын Ерөнхий сайд түүнийг хүлээн авч уулзав. Дээр дооргүй баярлалдаж, Ардчилсан нам нэг талдаа гарлаа хэмээн хөөрцгөөв. С.Эрдэнийн уяа эзгүйрч, хамтран зүтгэгчид нь “АН-ын алан хядагч”-аар нь дуудан нүүн явцгаав. Хамгийн удаан хаяанд нь тэссэн “Бидон” Ганбаа хүртэл УИХ дахь АН-ын хэдтэйгээ бөөрөө нийлүүлчихсэн бүлгийн хуралдаа сууж байдаг болов.
Гэтэл өнгөрсөн долоо хоногт Монгол улсын Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр С.Эрдэнэд байгаа тамга албан ёсных болохыг дахин баталгаажуулав. Энэ удаад жинхэнэ намын дарга нь С.Эрдэнэ юмаа гэдгийг хуулиар тамгалав. Л.Гантөмөрийн АН-ын дарга болох хөг ийн өнгөрөв. “Ажнай” Д.Бат-Эрдэнийг хамгаалснаараа нэр хүндээ шалдаа хүртэл унагав. С.Эрдэнийг харааж байсан хүмүүс хайрын харцаар харах болов. С.Эрдэнийн уяа морьдоор дүүрч, “Бидон” Ганбаа бүлгийн хуралдаа суухаа болив. М.Тулгат дэд даргаар очоогүйдээ ханцуйдаа баярлав.
АН-д Лу.Гантөмөрийг өөр хэн нэгнээр солих томоохон хуралдаан болохыг үгүйсгэхгүй боллоо. АН-д даргаа “шийтгэх” улс төрийн үйл ажиллагаа ойрын үед явагдаж магадгүй боллоо.