А.Сувдаа, Н.Наранбаатар нарыг сэлгэн томилжээ
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа “ажлаас чөлөөлөгдөх хүсэлт”-ээ өгчээ. Түүний хүсэлтийг хүлээн авч, Энэрэл эмнэлгийн даргаар сэлгэн томилсон байна. Харин Энэрэл эмнэлгийн дарга Н.Наранбаатарыг ХУД-ийн ЭМТ-ийн даргаар томилжээ.
ХУД-ийн ЭМТ-ийн өмнөх удирдлага төсвийн мөнгийг үр ашиггүй, хэт давсан хэмжээгээр зарцуулсан баримтуудыг А.Сувдаа ил гаргаж, шүгэл үлээсэн.Тодруулбал, 60 сая төгрөгийн бээлий жилийнх нь хэрэгцээг хангадаг тус эмнэлэгт 860 сая төгрөгөөр бээлий худалдан авах гэрээ хийж, мөнгийг зарлагадсан, гэвч тухайн бээлий нь байхгүй нөхцөл байдалтай байгааг баримт болох гэрээг ил болгосон юм. Энэ мэтээр их хэмжээний мөнгөн зарлага бүхий баримтууд байгааг шалгуулахаар АТГ-т хандаад байсан юм.
Харин тус эмнэлгийн хэсэг ажилтнууд “бээлий зэрэг анхан шатны хэрэглэгдэхүүн хомсдолтой, нийгмийн даатгал тасарсан, цалинг цагт нь олгоогүй” гэх шалтгаанаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж, А.Сувдааг огцруулах акцыг тогтмол хийсээр ирсэн. Уг акц А.Сувдааг томилогдсоноос хоёрхон сарын дараагаас эхэлсэн бөгөөд хагас жил орчим хугацаанд үргэлжилсэн учраас тэрбээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.