“Олон улсад нэг эмчид 3-4 сувилагч ажилладаг бол Монголд нэг эмчид нэг сувилагч л оногддог. Сувилагчийн тоо маш бага байна”
Анагаахын Шинжлэх Ухаан Үндэсний Их Сургууль (АШУУИС)-ийн Сувилахуйн сургуулийн
“Сувилахуйн шинжлэх ухааны онол практикт тогтвортой хөгжлийг зорилтуудыг нэгтгэн тусгах
нь” олон улсын Yl хурал энэ сарын 24-25-нд болж байна.
Тус хурлаар сувилахуйн боловсрол ба манлайлал, нийгмийн эрүүл мэндийн сувилахуй,
сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлаар хэлэлцэн, гадаадын
бусад орны судлаачидтай санал солилцлоо.
Сувилахуйн сургууль үүсэж байгуулагдсаны болон Монгол Улсад сувилагч мэргэжилтэн бэлтгэж эхэлсний түүхт 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй тус хуралд АНУ, Их Британи, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ-ын сувилахуйн эрдэмтэн, профессор, багш, судлаачид оролцсон.
Эрдэм шинжилгээний олон улсын хуралд сувилахуй, эх барихуй, эрүүл мэндийн чиглэлээр турвисан эрдэм шинжилгээ судалгааны 100 гаруй бүтээл ирснээс 20 илтгэлийг олон нийтийн хүртээл болгожээ.
Энэ талаар АШУУИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Анагаах Ухааны доктор, профессор Б.Оюунгоо “Хоёр жил тутамд зохион байгуулдаг хурлын энэ удаагийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг чухалчилж байна. Олон улсаас хүмүүс ирж, энэ талын арга туршлагаасаа хуваалцаж байгааг онцлох хэрэгтэй. Тодруулбал АНУ-аас төлөөлөгчид ирж, сувилахуйн мэргэжил анх яаж
үүссэн, ямар зам туулсан зэрэг хэрэгтэй мэдээллийг бидэнд өгсөн.
Энэ хүмүүсийн ярьсан түүх өнөөдрийн бидний хөгжилтэй нийцэж байна гэдэг нь бид хөгжлийнхөө үе шатыг давж байгаагийн нэг илрэл юм. Ингэснээрээ энэ хүмүүсийн үзэж туулсныг заавал давтах бус туршлагаас нь суралцаж, алдаа, оноог нь дүгнээд урагшлахад
өнөөдрийн хурал зэргээр нөлөөлнө.
Бид хурлаа хоёр сэдвээр хийж байгаа. Эхнийх нь сувилахуйн боловсрол, удирдлага менежментийн чиглэлээр хийж буй бол дараагаар нь сэтгэцийн сувилахуйн сэдвээр хийж байна.
Олон улсын судалгаагаар нэг эмчид 3-4 сувилагч ажилладаг гэсэн судалгаа бий. Харин Монголд нэг эмчид нэг сувилагч оногддог. Мөн эмнэлгүүдэд ажиллаж буй нийт сувилагчийн тоо маш бага байдаг.
Хүний тоо бага байна гэдэг нь тэнд ажиллаж буй хүмүүсийнх нь ачаалал нэмэгдэнэ. Үүнээс болоод ажлаас шилжих, өөр ажилд орох зэрэг тулгамдсан асуудал их гардаг. Энэ талын судалгааг яг одоо хийж байна.
Нэг үеээ бодвол сувилахуйн чиглэлд суралцагдын тоо эрс нэмэгдсэн. Өмнө нь жилд 100 гаруй хүн л суралцдаг байсан бол одоо 300-400 хүн энэ чиглэлээр мэргэжил эзэмшиж байна. Гэвч нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхгүй бол мэргэжлээрээ удаан ажиллахад
бэрхшээлтэй байна” гэж онцоллоо.