“АСА” цирк 11 сард нээлтээ хийнэ
Улсын циркийн барилгыг 2008 онд Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж хувьчлан авч “АСА” цирк нэртэй болсон. 2008-2020 он хүртэл циркийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан ч 2020 оны долдугаар сараас засварын ажил эхэлж, өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа юм. Өмнө нь циркийн барилгыг 2024 оны долдугаар сарын 7-нд ашиглалтад оруулна гэж мэдээлж байсан ч чадаагүй. Хамгийн сүүлд “АСА” циркийн захирал Д.Дагвадорж өөрийн сошиал хаягаараа дамжуулан циркийн барилгыг аравдугаар сард ашиглалтад оруулах тухай хуваалцаж олны талархлыг хүлээгээд байсан юм. Гэвч түүний амлалт талаар болж, циркийн засварын ажил дуусаагүй тул 2024 оны арваннэгдүгээр сарын 01-нд нээлтээ хийхээр болжээ.
Одоо ашиглалтад орох циркийн барилга 3400 суудалтай, босоогоор 6000-7000 мянган хүн үйлчлүүлэх боломжтой байх юм.
Д.Дагвадорж “АСА” циркийг хувьчилж авсан даруйдаа дотроос нь нурааж эхэлсэн байдаг. Тэртээ 1971 онд одоогийн “АСА” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг. Тухайн үед уг асуудалд иргэд болоод циркчид шүүмжлэлтэй хандаж байсан.
Тиймээс 2020 онд циркийн үндсэн хийц загварыг өөрчлөхгүйгээр иж бүрэн шинэчлэл засвар хийхээр болсон тухай мэдээлж байсан юм. “АСА” циркийг 1.5 тэрбум төгрөгөөр хувьчилсан гэх тоо бий. Циркийг худалдан авахдаа Д.Дагвадорж “Дэлхийд гайхагдах цирк болгоно” хэмээн амлаж байсан юм.