Б.Эрдэнэбулган: Эрчим хүчний үнэ нэмснээр салбарт хуримтлагдсан алдагдлыг хоёр жилд нөхнө

0

Цахилгаан, дулааны үнийг хэрхэн нэмэх нь энэ долоо хоногт эцэслэн тодорхой болохоор байна. Цаг үеийн энэ нөхцөл байдалтай уялдуулан, есдүгээр сарын эхээр бэлтгэсэн ярилцлагыг сэргээн нийтэлж байна.

Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний салбарын үнийг зориглон чөлөөлөх нь зүйтэй гэж ярьсаар байна. Харин арваннэгдүгээр сарын 1-нээс дулаан, цахилгааны үнийг тодорхой хувиар нэмнэ гэж мэдэгдээд байгаа.

Нэгт, энэ удаа үнэ хэрхэн нэмэгдэж, нэмснээр ямар хэмжээний алдагдал нөхөх

Хоёрт, эрчим хүчний салбарт тулгамдсан асуудал, үнэ чөлөөлөх боломжийн тухайд Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ, тарифын газрын дарга Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-Эрчим хүчний салбар алдагдалд орсон талаар яриад удаж байна. Ер тариф нэмэх бодит шаардлага яг хэзээнээс эхэлж тулгамдсан бэ?

-Тариф нэмэх, тарифын шинэчлэл хийх гэдэг хоёр тусдаа ойлголт бий.

Шадар сайд Т.Доржханд арваннэгдүгээр сарын 1-нээс тариф нэмнэ гэж мэдэгдсэн. Үүний зэрэгцээ тарифын шинэчлэлийн судалгаа хийгдэж байна.

Тарифын шинэчлэлийг магадгүй 20-30 жилийн өмнө хийх байсан. 2001 онд Эрчим хүчний тухай хууль батлагдаж, энэ дагуу Эрчим хүчний зохицуулах хороо байгуулагдсан. Хороо тусгай зөвшөөрөл олгож, үнэ тарифыг тогтоон баталж эхэлсэн. Мөн энэ хуулийн дагуу эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийсэн.

Тодруулбал, цахилгаан станцуудыг ТӨХК болгосон. Цахилгаан, дулаан түгээх компаниудыг мөн тусдаа байгуулсан. Өөрөөр хэлбэл эрчим хүчний үйлдвэрүүдийг задалж, арилжааны хэлбэрт оруулсан нь энэ.

Харин дараагийн үйл ажиллагаа хийгдээгүй буюу хувьчлал болоогүй, зах зээлийг задлаагүй. Иймд тариф өөрөө зах зээлийн зарчмаар тогтох суурь тавигдаагүй. Улс төр болон нийгмийн шалтгаанаар тарифын шинэчлэл бодитой хийгдээгүй. Хэрэв алдагдал гарвал түүнийг нөхөх зорилгоор л тарифаа бага сага нэмж ирсэн. Иймд энэ бүх шаардлага үеийн үед байсаар ирсэн.

-Ямар шаардлага байна вэ?

Богино хугацааны ба ойрын ирээдүйн гэсэн хоёр шаардлага бий.

Богино хугацааны шаардлага: Цар тахлаас хойш гадаадын зах зээл дээр сэлбэг материалын үнэ өссөн. Дотоодод бол инфляц өслөө. Иймд цар тахлаас хойш салбар маш их алдагдал хүлээсэн.

2022 оны арваннэгдүгээр сард айлуудыг орхиод аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний тарифыг нэмсэн. Ингэж тодорхой хэмжээнд алдагдал буурах нь буурсан. Гэхдээ нийт алдагдлаа дийлээгүй, эрчим хүчний компаниуд үүнийгээ өр зээлээр санхүүжүүлэхэд хүрсэн.

Одоогийн байдлаар эрчим хүчний компаниуд 350 гаруй тэрбум төгрөгийн өртэй, 270 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байна. ЦС-ыг нүүрсээр хангадаг уурхайнуудын алдагдал 80 гаруй тэрбум.

Иймд огт төлбөрийн чадваргүй болсон. Цалингаа тавьж чадахгүй, тоног төхөөрөмжийн, засвар үйлчилгээгээ хийх мөнгөгүй, уурхайд нүүрсний төлбөрөө ч төлөх боломжгүй болчихсон. Уурхай нь өөрөө алдагдалтай учраас хөрс хуулалтын ажлыг бүрэн хийж чадахгүй байгаа. Ажилчдынхаа татвар, НДШ-ийг төлж чадахгүй байсаар дансаа ч хаалгаж эхэлсэн. Улмаар энэ салбарт ажиллагсад хүртэл нийгмийн даатгалын үйлчилгээ авч чадахгүй яваа.

Иймд өвлийг давах, адаглаад цалингаа тавихын тулд арилжааны банкнаас богино хугацаатай зээл авцгаасан. Тэгэхээр ойрын хугацаанд тариф нэмэхгүй бол цалингаа ч тавьж чадахгүй, татвар нийгмийн даатгал, нүүрс болон сэлбэг материалын төлбөрийг хийж чадахгүй ийм нөхцөлд хүрчихсэн байна.

Ойрын ирээдүйн шаардлага: Эрчим хүчний салбар давхар чадлын дутагдалд орсон. Хэрэгцээг хангах эх үүсвэр дутагдалтай байна. Иймд ноднин өвөл, оргил ачааллын цагаар цахилгаан хязгаарласан шүү дээ.

Шинэ цахилгаан станцууд баригдах хэрэгтэй байна. Бөөрөлжүүтийн ЦС-ын эхний блок өвөл ашиглалтад орох ч гэлээ хэрэглээний өсөлтийг хангаж чадахгүй. Дахин хязгаарлалт хийх төлөвтэй байгаа.

Шинэ ЦС-уудын сүлжээнд нийлүүлэх үнэ 8-аас дээш цент. Өнөөдөр манай ЦС-уудын хэрэглэгчдэд борлуулж байгаа дундаж үнэ 6.2 цент юм. Шинэ эх үүсвэрүүдийн тариф өсөж орж ирж байна.

Тухайлбал, Бөөрөлжүүтийн ЦС эхний жил 7, хоёр дахь жилээс 8.9 центээр эрчим хүчээ худалдах гэрээ байгуулсан.

Иймд шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулах, хөрөнгө оруулагчдыг татахын тулд тариф нэмэх шаардлагатай байгаа. “Ашигтай ажиллах боломжтой” гэсэн сигнал өгч байж хөрөнгө оруулалт орж ирнэ шүү дээ.

-Засгийн газар бол эрчим хүчний салбарын үнийг чөлөөлнө гэж эрчимтэй ярьж байна. Шадар сайдын удирдсан ажлын хэсэг ойрын хугацааны зорилтыг биелүүлэхийн тулд тариф нэмэх асуудалд л голчлон төвлөрч байна уу. Эсвэл ер шинэчлэл хийхээр давхар судалж байна уу?

-Үндсэндээ эрчим хүчний салбарын шинэчлэл, шилжилтийн асуудлыг хариуцаж байгаа. Мега төслүүд, хууль эрх зүйн болон үнэ тарифын шинэчлэл гээд олон асуудал яригдаж байна. Тарифын шинэчлэл хийхийн тулд хууль эрх зүйн орчин, компаниудын засаглал, зах зээлийн загварчлал гээд олон зүйл давхар хөндөгдөнө.

-Арваннэгдүгээр сарын 1-нээс ямартай ч үнэ нэмэгдэх нь гэдэг мессеж оччихлоо. Амьжиргааны зардалд огцом нөлөөлөх эсэх иргэдэд эргэлзээтэй хэвээр байна. Нэмлээ нэмлээ гээд хэдэн төгрөг болох юм бэ?

-Айл өрхөд худалдаж буй цахилгаан, дулааны үнэ бодит өртгөөс хоёр дахин буюу түүнээс бага явдаг. Иргэд бодит өртгөөс нь хамгийн багадаа хоёр дахин бага үнээр хэрэглэж байна гэсэн үг.

Тэгэхээр бодит өртөгт нь хүргэх үү, үе шаттайгаар нэмэх үү гэдэг тооцоо судалгааны түвшинд яригдаж байна. ҮСХ-ны мэдээлэлд үндэслэж харвал, 2024 оны хоёрдугаар улирлаар өрхийн дундаж орлого 2.5 сая төгрөг юм. Улмаар 50 м.кв талбайтай, дөрвөн ам бүлтэй айл гэж тооцвол өрхийн орлогын 3 орчим хувийг эрчим хүчний төлбөр эзэлдэг судалгаатай.

2004-2005 оны үед 14-15 хувь байсан.

Иймд тариф нэмэхээр энэ 3 хувь маань өснө гэсэн үг шүү дээ. Чухам хэдэн хувьд хүргэнийг судалж байна.

-Ядаж өртөгтөө хүргэхгүй юм бол алдагдлуудаа нөхөж чадах юм уу?

-Нийт дундаж тарифаа өртөгт хүргэх бодлого барьж байна л даа. Тухайлбал, айл өрхийн хувьд өртгөөс бага. Уул уурхайн компаниуд өртгөөс өндөр тариф төлөх гэхчлэн. Ингэж улсын хэмжээнд дундаж нь өртгөө нөхдөг байх тооцооллыг хийж байгаа юм.

-2000 оны эхэн үеийг бодвол одоо эрчим хүчний төлбөр өрхийн орлогод үнэхээр бага нөлөөлдөг болсон л доо. 3 хувь юм байна.

-Тийм. Гэхдээ 2004, 2005 он шиг 15 гаруй хувь руу мэдээж аваачихгүй. Олон улсад бол 2-7 хувийг л эзэлдэг юм билээ. Бид үүнийг харгалзаж үзнэ.

-Арваннэгдүгээр сарын 1 гэдэг хуваарь хэвээрээ юу?

-Шадар сайд зарласан тул хэвээр.

-Нэмчихлээ, 350 тэрбум төгрөгийн алдагдлын аль хэсгийг эхний ээлжийн нэмэлтээр нөхөж авна гэсэн тооцоолол бий вэ?

-Арванннэгдүгээр сард тариф нэмбэл 2025, 2026 он гэхэд хуримтлагдсан алдагдлыг бүрэн нөхөх л зорилготой байна. Хоёр жилийн хугацаанд.

2026 оноос өндөр үнэтэй шинэ эх үүсвэрүүд орж ирлээ гэхэд санхүүгийн асуудал үүсэхгүй гэсэн үг.

-Алдагдал гэдэгт өр төлбөрүүд нь багтах уу?

-Багтана. Цаашид нэмж алдагдал бий болгохгүй, өмнө үүссэн хуримтлагдсан алдагдал болон түүнээс үүдсэн ор төлбөрийг барагдуулна гэж тооцсон. Тэгж байж уурхайгаас нүүрсний хангамжийг хэвийн болгоно, ажилчдын цалинг тавина, ОХУ-аас авах импортын эрчим хүчний төлбөрийг төлнө.

-Өр төлбөрүүдийн ихэнхийг ам.доллараар авсан тул ханшийн уналтаас шалтгаалж ихээхэн алдагдал хүлээсэн гэж сонссон юм байна. Энэ хэр бодитой ойлголт вэ?

-Урт хугацаат зээлийн асуудал ярьж байх шиг байна. 2010 онд УИХ-ын 72-р тогтоол гарч, 2010 он хүртэлх валютын зээлийг төгрөгт шилжүүлсэн. Энэ хүртэлх зээлүүд төгрөгөөр бий гэсэн үг. Харин 2010 оноос хойш авсан зээлүүд валютаар явж байгаа.

Хамгийн том  буюу хүндрэл учруулж буй нь Дөрөвдүгээр ЦС-ын турбинийг шинэчлэх зорилгоор авсан Хөгжлийн банкны зээл. Үүнийг 2024 он гарснаар төгрөгт шилжүүлсэн байгаа.

Валютын ханш хоёр чиглэлээр нөлөө үзүүлж буй. Эхнийх нь, манайд 10 орчим сэргээгдэх эрчим хүчний ЦС ажиллаж байгаа. Хуулийн дагуу тэд ам.доллараар тариф тогтох ёстой тул гэрээ ингэж хийгдсэн. Бөөрөлжүүтийн ЦС мөн ам.долларын гэрээтэй гэдгийг түрүүнд дурдсан. Ам.долларын ханш өссөнөөр эдгээр болон шинэ ЦС-уудын төлбөрт нөлөөлөх нь. Хоёрт, тоног төхөөрөмж, сэлбэг материалыг гадаадаас л авдаг. Иймд засвар үйлчилгээтэй холбоотой зардалд валютын ханш шууд нөлөө үзүүлнэ.

-Төрөөс татаас олгох маягаар дэмжиж ирсэн удаа байдаг юм уу. Компани мөртлөө алдагдалтай, гүрийж ажилласаар ирснийг яг юу гэж ойлгох вэ?

-Эрчим хүчний салбарт улсын төсвийн татаас өгдөг гэхэд хэцүү. Гэр хорооллын айлуудын шөнийн тарифыг төсвөөс хөнгөлдөг. Энэ бол эрчим хүчний салбарт биш айл өрхөд өгч буй дэмжлэг гэсэн үг.

Хоёрдугаарт, Баруун бүсийн, Алтай-Улиастайн гэх мэт алслагдсан, импортоор цахилгаан авдаг хэсэгт л төр татаас өгдөг. Тодорхой аймгуудын дулааны ЦС-ууд мөн орно. Харин төвийн эрчим хүчний системд хамаарч буй бүх нэгжид улсаас татаас өгдөггүй.

Тариф нэмснээр алдагдалгүй болж, өмнө нь хуримтлагдсан алдагдлыг нөхнө гэж ярьж байгаа нь ерөөс энэ төвийн бүсэд л хамаарах юм. Манай улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 90-ээс дээш хувь нь өөрөө төвийн бүсэд байна.

-Тэгэхээр компанийнх нь засаглалын онцлог юу юм бэ. Энгийн иргэн бол үүнийг ЗГ хариуцаж, үнийг хүчээр барьж ирсэн л гэж ойлгоно. Татаасгүй мөртлөө энэ хүртэл яаж болгож ирсэн байна вэ?

-ЦС-ууд нь ТӨХК гэдэг статустай. Эрчим хүчний салбарт 100 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч компани бий. Эдгээрийн 20 гаруй нь ТӨХК. ТӨХК-иуд эрчим хүчний салбарын нийт үйлдвэрлэлийн 90-ээс дээш хувийг хангадаг. Үлдсэн нь үйлдвэрлэлийн хэмжээ бага, жишээ нь орон сууцны конторын жижиг дулаан түгээх хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд гэхэд 60 орчим байгаа.

“Дөрөвдүгээр ЦС” ТӨХК-иар жишээлэхэд өөрөө орлогоо олдог, зардлаа бүрэн хариуцдаг. Эрсдэлээ өөрөө үүрдэг. Санхүүгийн дэмжлэг ЗГ-аас байхгүй. Харин Гүйцэтгэх захирлыг нь ч юм уу ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг яамаар дамжуулж томилдог.

-Удирдлагын баг нь л төрөөс хараат гэдгээрээ ялгаатай?

-Тийм. Бусдаар хуулийн этгээдийн адилаар л бие даасан үйл ажиллагаа явуулдаг.

-“Энэ өвлийг давахгүй ч байж магад” гээд л ярьдаг. Энэ бол санхүүгийн алдагдлаас гадна чадлын дутагдлын асуудал. Үйлдвэрлэлийн хүчин чадлын дээд хэмжээ, бидний хэрэглээ ямар зөрүүтэй явж байна вэ?

-2023 оны арванхоёрдугаар сард өнгөрсөн өвлийн оргил ачаалалтай өдөр таарсан. 1636 мегаватт хүрсэн. Эрчим хүчийг хадгалж болдоггүй, хэрэглээ хангалт хоёр яг зэрэг явдаг. Тийм учраас 100-аад мегаваттаар хязгаарлалт хийж байж тэр өдрийг давсан. Тодорхой хэсэгт бүр цахилгаан тасалсан гэсэн үг.

Энэ оргил цагийн хэрэглээ жилдээ 10 орчим хувиар нэмэгддэг. Энэ жил 160 мегаваттаар нэмэгдэх нь. Гэтэл өвөл ашиглалтад орох Бөөрөлжүүтийн ЦС-ын эхний блок  150 мегаваттын хүчин чадалтай. Тэгэхээр ашиглалтад орсон ч энэ өвлийн хэрэглээг дийлэхгүй байх магадлал өндөр.

Манай улс энэ чиглэлдээ баттерей хуримтлуур ашиглалтад оруулах, импортын чадлыг нэмэгдүүлэх гэх мэт арга хэмжээ авч байна л даа. Ингэлээ ч чадлын дутагдал байж болзошгүйг анхааруулах шаардлагатай юм. Дотоодын эх үүсвэр, импортын дээд хязгаар нийлээд хэрэглээг оргил цагийн үедээ хангаж дийлэхгүй л гэсэн үг.

-ОХУ-аас авч байгаа нь хэдэн хувь юм бэ?

-10 орчим хувийг эзэлдэг. 310 мегаватт, оргил цагийн үед.

-Тэгвэл эрчим хүчний салбарын хувьд ОХУ-аас хараат гэж ярьдаг нь ямар учиртай юм бэ?

-Техникийн хувьд горим тохируулга гэж зүйл бий. Хэрэглээ, үйлдвэрлэл хоёр нэг түвшинд явж байх ёстой. Гэтэл хэрэглээ өдрөөр, цагаар, улирлаар ялгаатай хэлбэлздэг, тийм үү. Үүнтэй уялдуулж, үйлдвэрлэлээ өөрчлөөд явж болдоггүй. Тийм боломжгүй. Сэргээгдэх эрчим хүчний ЦС-уудын хувьд бүр байгалийн хүчин зүйлсээс шалтгаалдаг. Энэ тохируулгыг хийж өгдөг нь ОХУ юм. ОХУ-аас цахилгаан импортлохоос гадна тохируулгын маш том үйлчилгээ авдаг.

-Салбарын шинэчлэлийн хүрээнд тохируулгыг өөрсдөө хийдэг болох асуудал яригдаж байгаа юу?

-Манай систем өөрөө томорч, олон эх үүсвэртэй болох ёстой. Мөн хуримтлуурын систем хөгжих ёстой. Гэвч баттерей хуримтлуурын өртөг өөрөө өндөр. Хамгийн багадаа 1 кВт.ц тутамд 14-17 цент юм. Бид шинэ эх үүсвэрийн тарифыг 8 центтэй харьцуулахад ч өндөр дүн гэж хэлж байна шүү дээ. Тийм учраас хуримтлуур ашиггүй тусах магадлал өндөр. ОХУ-ынх хуримтлуурын өртөгтэй харьцуулахад арай хямд л даа. Горим  тохируулагчийн хувьд хямд эх үүсвэр болдог.

-Энэ удаагийн тарифын нэмэлтээр 2026 он гэхэд алдагдлаа хаах юм байна гэж ойлголоо.

-Ингэхдээ их нарийн тооцох ёстой болж байна. Айл өрхийн хувьд хэт их хэрэглээний тарифыг өндөр тогтоох ч юм уу. Нийт айлуудын 80 орчим хувь нь 220 киловатт/цагийн эрчим хүч хэрэглэдэг. Тэгвэл хэт өндөр хэрэглээтэй айл дундаж үнээр явах нь зөв үү. 300 киловатт/цагаар босго тогтоовол ямар вэ. Түүнээс дээш бол тарифыг өсгөе ч гэдэг юм уу. Эсвэл оргил цагийн тарифыг нэвтрүүлье гэх мэт

Дулааны хувьд метр.кв буюу талбайгаар тооцож байгааг бодит хэрэглээнд суурилдаг тарифын системтэй болгох уу гэхчлэн нарийн судлах шаардлагатай байгаа.

-Дулааны үнийг мөн Эрчим хүчний зохицуулах хороо тогтоож байна уу?

-Хамт явдаг.

-Дулааны үнийг хэдэн төгрөгөөр нэмэх нь тодорхой болчихлоо гэж мэдээлсэн шүү дээ. Ингэхээр одоо цахилгааны нэмэгдэл тариф л судалгааны шатанд яваа юм байна гэж ойлгосон хэрэг?

-Дулааны эрчим хүчний тухайд бол өртгөөсөө хоёр дахин илүү хямд тарифтай явдаг л даа. Дулаан, цахилгаан аль аль нь тодорхой болоогүй байгаа шүү.

-ОХУ-аас Гуравдугаар ЦС-ыг өргөтгөнө, Бөөрөлжүүтийн ЦС ашиглалтад орно гээд хүлээлтүүд байна. ЗГ-ын 14 мега төсөлд ЦС багагүй багтсан байна лээ. Тэдгээрийг барьж байгуулахад энэ тарифын шинэчлэл ямар нөлөө үзүүлэх бол?

-Хоёр жилийн хугацаанд алдагдлаа хааж, хэвийн болчихвол цаашид тарифыг индексжүүлэх асуудал ярьж байна.

Ингэхдээ инфляц, валютын ханшийн өөрчлөлт, импортын эрчим хүчний үнийн өөрчлөлт, шинэ эх үүсвэрийн үнийн нөлөө гэдэг дөрвөн хүчин зүйлийг харгалзаж, индексжүүлэхээр судалж байна.

Дөрөв дэх нь шинэ эх үүсвэрүүдийн тарифын нөлөө байгаа биз. Нарны, салхины, нүүрсний гээд шинэ ЦС-ууд ашиглалтад орсны дараа тарифт хэрхэн өөрчлөлт орохыг уялдуулж тооцно гэсэн үг л дээ. Манай валютын ханш тогтвортой байвал, төгрөгийн ханш өсвөл тариф буурна гэж ойлгож болно.  

-Тэгэхээр өргөн утгаараа эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөх, эрэлт, нийлүүлэлтийн зарчимд шилжүүлэх асуудал биш байна, тийм үү. ЗГ-ын зорилтоос тарифын нэмэгдлийг энэ зорилтын эхлэл гэж ойлгоод байгаа?  

-Арай биш. Үнэ чөлөөлнө гэж яриад байгаа. Энэ нь яг эрэлт, нийлүүлэлтээр үнэ тогтдог байхыг хэлээд байна уу. Эсвэл тарифыг өртгөө нөхсөн, ашгийн зохих түвшинд аваачихыг хэлж байна уу гэдэг асуудал. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс хоёр дахь ойлголтоор асуудалд хандаж байгаа. Тодруулбал, өртгөө нөхсөн, ашгийн зохих түвшнийг хангасан, шинэ хөрөнгө оруулалтыг татсан тариф байна. Тарифыг хороо зохицуулсан хэвээр байна гэдэг байр суурь баримталж буй.

Баруун Европын орнууд бол өрсөлдөөнд суурилж, үнээ тогтоодог л доо. Гэхдээ зах зээлд нь оролцогчдын тоо хангалттай олон. Зах зээлийн төвлөрөл бага. Ийм улсуудад төр бол хувийн хэвшил үнийн манипуляц хийж байгаа эсэхийг л хянадаг.

Гэтэл манай улсад зах зээлийн төвлөрөл хэт өндөр, зах зээлд оролцогчдын тоо цөөн. Бүгд нийлээд 20 хүрэхгүй. Тэр дотроо Дөрөвдүгээр цахилгаан станц цахилгаан эрчим хүчний 60 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Нэгхэн компани шүү дээ. Шинэ эх үүсвэрүүдийн төсөл дандаа хатуу гэрээ байгуулж байж эхэлдэг. “Хамгийн багадаа тийм үнээр, тэдэн мегаватт эрчим хүч худалдаж авна” гэж гэрээндээ заан, улмаар эрсдэлээ багасгадаг л даа.

Ийм төвлөрөл өндөртэй буюу монополь, олигополь зах зээлд өрсөлдөөн шударга явах боломжгүй. Заавал төр зохицуулна гэсэн онолын үндэслэлтэй.

Иймд манай улсад үнэ цэвэр өрсөлдөөний зарчмаар тогтох боломжгүй.

Бидний хувьд нийт зах зээлийн 5-10 хувьд нь загварчилж, том компаниудын оролцоог багасгаж байгаад, өрсөлдөөн нэвтрүүлэх боломж бий эсэхийг судалж байна. Амжилттай болбол аажмаар нэмэгдүүлж болно. Ийм л судалгаа байгаа. Харин ойрын 2-3 жилд эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрээр үнэ тогтох боломжгүй. Онолын хувьд шударга өрсөлдөөн явагдахгүй гэсэн үг.

-Шинэ ЦС-ууд нь заавал ТӨХК байх хуультай юу, үгүй юу?

-Албагүй. Бөөрөлжүүтийн ЦС жишээ нь хувийн хэвшлийн төсөл шүү дээ.

-Бараг анхны хувийн өмчийн ЦС уу?

-Ухаа худагийн ЦС бий, гэхдээ 18 мегаватт буюу маш бага хүчин чадалтай. “Энержи ресурс”-ийг цахилгаанаар хангадаг. Өөр хувийн өмчийн, нүүрсээр ажилладаг ЦС байхгүй. Нар, салхины 10 станц бол бүгд хувийнх.

Бөөрөлжүүт нь анхны томоохон, хувийн, нүүрсний ЦС.

-Барьж дуусаад Нийслэлд шилжүүлэх гэрээтэй гэж сонссон л доо?

-Тэр ташаа ойлголт. Нийслэл ЦС-ыг хурдан ашиглалтад оруулахын тулд бондоор босгосон мөнгөөрөө зээл олгосон байх.

-Хувийнх юм чинь тарифаа бас өөрсдөө мэднэ, үүнд хороо оролдцогоороо оролцох уу?

-Барихаасаа өмнө бидэнтэй үнээ тохиролцож, гэрээлсэн. Гэрээ цаашид санхүүжилт босгох гол баримт бичиг болно л доо. Эрчим хүчний зохицуулах хороо оролцсон  гэсэн үг. Аль ч хувийн эх үүсвэр баригдсан бай бид тариф тогтооход оролцоно.

-Тарифаа ам.доллараар тогтоох нь ямар нэг баримт бичигт туссан байдаг уу. Бөөрөлжүүтийн ЦС центээр гэрээ байгуулсан гэж байна шүү дээ?

-Сэргээгдэх эрчим хүчний станцуудын хувьд хуулиар заачихсан. Ам.доллараар байна гэж. Бусад нүүрсний станцуудын тухайд хөрөнгө оруулагч нар нь ханшийн эрсдэл үүрэхгүйн тулд ам.доллараар үнэ тохирох санал тавьдаг. Бөөрөлжүүтийнн ЦС нь 150 мегаваттын дөрвөн блок төсөл. Одоо 150 мегаваттын нэг блок нь ашиглалтад орох гэж байна.

-Өөр шинэ эх үүсвэрүүдийг ойрын хугацаанд тооцож болох уу?

-Касэн пауэр грийн энержи гэж 600 мегаваттын нүүрсний, Баяас пауэр гэж 300 мегаваттын нүүрсний хийн станцын төсөл явж байгаа. Улсынх гэвэл ОХУ-аас хийх Гуравдугаар ЦС-ын өргөтгөл байна. Сая дурддаг нь манайдаа мега төсөл болно. Олон л төсөл яригддаг, яг хэрэгжиж байгаа нь Бөөрөлжүүт л байна.

-Тавдугаар ЦС-ыг оруулахгүй юу?

-Миний сонссоноор Тавдугаар ЦС-ын төсөл бүрэн зогссон.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *