Босоо хөх Монголын гишүүн Ц.Отгонбаяр: Асар их цахилгаан зарцуулж, крипто валютын үйлдвэрлэл эрхэлж буй гадаадын иргэдэд хяналт тавих хэрэгтэй
Эрчим хүчний зохистой хэрэглээний талаар Босоо хөх Монгол ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Отгонбаяр байр сууриа илэрхийллээ.
Босоо хөх Монгол ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Отгонбаяр:
-Олон хүмүүс эрчим хүчний үнэ нэмэгдэх гэж байгаад дургүйцэж байна. Эрчим хүч, дулааны үнийг 64 хувиар нэмэх юм бол айл өрх, аж ахуйн нэгжүүдэд хүнд цохилт болох учраас эрчим хүчний үнийг нэмэх нь буруу. Үе шаттайгаар нэмэх хэрэгтэй.
Яам тамгын газруудад хуваарилж байгаа мөнгө, сумуудад соёлын төв, спорт заал барих төсөв, 126 УИХ-ын гишүүний тойргийн мөнгө гээд нэг хүнд таван тэрбум төгрөг өгөх талаар яригдаж эхэлсэн. Тэгэхээр энэ нь 630 тэрбум гэсэн үг. Монголчуудын хувьд бродюр солих нь чухал байна уу, эсвэл эрчим хүчний эрсдлээс гарах нь чухал байна уу. Энэ тал дээр маш олон хүмүүс ярьж санаа тавьж байна.
Ковидын үед есөн салбарын цахилгаан ус, дулаан, хогны мөнгийг тэглээгүй. Тэр дотор крипто валютын үйлдвэрлэлийн цахилгааны төлбөр багтсан. Өөрөөр хэлбэл крипто валютын үйлдвэрлэлийн цахилгааны төлбөрийг төрөөс хөнгөлөөгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр төрийн зүгээс крипто валютын үйлдвэрлэл нь цахилгаан их хэмжээгээр зарцуулдаг гэдгийг мэддэг юм байна. Гэтэл БНХАУ болон гадаадын иргэн, аж ахуй нэгжүүд Монгол Улсад их хэмжээгээр крипто валютын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр гадаадын иргэн, аж ахуй нэгжүүд цахилгааны төлбөрөө шударгаар төлдөг эсэх нь эргэлзээтэй байна. Цахилгааны байцаагч нарт хахуул өгөх байдлаар тогны төлбөрөөс зайлсхийдэг байж ч болзошгүй. Иймд энэ асуудал дээр төрийн холбогдох байгууллага хяналт тавих шаардлагатай байна.
Манай улс цахилгааны асар их хомстолтой, ОХУ-аас цахилгаан импортолдог. Нөгөөтэйгүүр ОХУ-ын эрчим хүчний крипто валютын олборлолтын жилийн дундаж хэрэглээ 16 тэрбум квт цаг байгаа нь тус улсын нийт хэрэглээний 1.5 хувийг эзэлж байна. Иймд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ асуудалд анхаарал хандуулахыг холбогдох хүмүүстээ үүрэг болгосон байна. Бидний цахилгаан импортолж авдаг ОХУ крипто валютад зарцуулж буй эрчим хүчний хэрэглээндээ санаа зовж байхад бид онцгой анхаарах ёстой юм. Иймд энэ асуудалд шийдвэр гаргагчид анхаарал хандуулахыг хүсэж байна гэв.