Р.ЭНХТҮВШИН: Эрчим хүчний салбарт шинэчлэл хийхэд улс төрийн зориг хэрэгтэй
Үе, үеийн эрх баригчдын эрчим хүчний реформ хийх үлгэр улиг болсоор үнэгүйдэж, энэ салбар гал алдах эрмэгт тулаад байна. Эдийн засгийн тулгуур багана болсон эрчим хүчний салбарт реформ, либералчлал хийх тухай халуун сэдэв энэ өдрүүдэд өрнөж байна. Энэ талаар Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, Доктрант, Р.Энхтүвшинтэй ярилцлаа.
———————————-
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЛИБЕРАЛЧЛАЛ ТӨЛӨВЛӨЛТӨӨСӨӨ ЭХЛЭХ ЁСТОЙ
– Эрчим хүчний либералчлалыг үе шаттайгаар хийх ёстой тухай яригдаж байна. Таны хувь энэ салбарт 9 жил ажилласан туршлагатай хүний хувьд нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж харж байна?
-Би бол төлөвлөлтөөсөө эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Үнэн зөв бодит байдал нөхцөлөө үнэлсний дараа асуудал өөрөөр яригдах боломжтой гэж хардаг. Төлөвлөлт хийхийн тулд бид эрчим хүчний хэрэглээнүүдээ үнэн зөвөөр тодорхойлсон байх шаардлагатай.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ энэ салбарт ийм байна, айл өрх аж ахуйн нэгжийн хэрэглээний талаарх нарийн тооцоо байхгүй гэж хардаг. Яагаад гэвэл, эрчим хүчний хэрэглээний статистик мэдээлэл гаргах хууль эрхзүйн орчин Монгол Улсад байхгүй.
Хэрэглээний нарийвчилсан судалгаа хийе, үүн дээрээ үндэслэсэн төлөвлөлтөө гаргая гэхээр бид эрчим хүч хэрэглэгчдээсээ мэдээллээ цуглуулж чаддаггүй. Айл өрхүүдээс түүвэр байдлаар цуглууллаа гэж бодоход аж ахуйн нэгжүүд рүү орж ирэхээрээ ялангуяа том чадлын хувийн хэвшлүүд, эсвэл стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн үйлдвэрүүд рүү асуудал руу орохоороо бид албан ёсоор үнэн зөвөөр үнэлж чаддаггүй. Хэрэглээгээ бид үнэн зөв гаргаж чадахгүй байгаа учраас төлөвлөлт ямар байгаа нь харагдаад байгаа байхгүй юу
Тэгэхээр одоо хуулийн шинэчлэлт реформ гэж яригдаж байгаагийн нэн тэргүүнд хийх ёстой ажлын нэг нь эрчим хүчний хэрэглээний статистик мэдээлэл цуглуулах хууль эрхзүйн орчны эрчим хүчний тухай хуультай нэгдсэн байдлаар шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Үүнийг нэн тэргүүнд хэрэгжүүлж хэрэглээн дээр үндэслэсэн олон улсын жишгийг нэмж гаргасны дараа цаашид хөгжлийн үе шат бодлогын асуудлууд яригдана.
Дэлхий нийтэд эрчим хүчний хэрэглээг дөрвөн ангиллаар багцалж гаргадаг. Гэтэл манай статистикийн үндэсний хороон дээр гарч буй хэрэглээний судалгаа ийм биш. Олон улсын эрчим хүчний агентлаг тухайн улс орны ирээдүйн судалгаа чиг хандлага зэрэгт олон судалгаа гаргаж байгаа дээр Монгол Улс аль ч тал дээр байхгүй.
-Эрх баригчид бүсчилсэн хөгжлийн талаар сүүлийн жилүүдэд байнга ярьж ирсэн ч бодит байдал дээр Улаанбаатарт бүх аж нь үйлдвэрлэл, үйлчилгээ нь төвлөрч байна. Өнөөдөр хөгжлийн гол тээг нь зам тээврээс илүү эрчим хүчний салбар боллоо. Энэ салбарт бодлого төлөвлөлт байна уу?
-Таны хэлдэг үнэн. Эрчим хүчний салбараа төлөвлөж, 10 жилийн өмнөөс урьдчилж харснаар улс орны эдийн засаг тэлэх, аж үйлдвэрийн бодлого нь урагшлах бодлого явах ёстой. Монгол Улсад 1990 оноос хойш энэ бодлого алдагдаж эрчим хүчний тодорхой төлөвлөлтгүй зөвхөн өнөө, маргаашаа аргацаах байдлаар эрчим хүчний хэрэглээ, хангамжаа шийдэж иржээ.
Үүнээс өмнө эрчим хүчний эх үүсвэрүүдийг 5 болон 10 жилээр төлөвлөгөөтэйгээр аж үйлдвэрийн салбартай уялдуулсан бодлого хэрэгжүүлж байсан. Ийм шаардлага өнөөдөр зайлшгүй тулгарч байна.
УИХ-аас 2020 онд батлан хэрэгжиж буй “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт Монгол Улс эрчим хүчээ дотоодоосоо 100 хувь хангасан, аж үйлдвэрлэгч орон байна гэж зааж тунхагласан.
–Тэгэхээр бид өнгөрсөн хугацаан урагшлах биш ухарчээ. Өнөөдөр манай улсын хувьд дэлхийн эрчим хүчний чиг хандлагатай хөл нийлүүлэх нөөц боломж хэр байна вэ. Мэргэжлийн хүний хувьд та хэрхэн харж дүгнэж байна?
–Олон улсын туршлагаас харахад эрчим хүчний салбараа хөгжүүлэхийн тулд тодорхой төлөвлөгөөтэйгөөр эрчим хүчний хэрэглээнүүдээ нарийн тооцдог. Ингээд ойрын 5 болон 10 цаашилбал 30 жилийн урт хугацааны төлөвлөлт, судалгаануудыг хийдэг. Монгол Улсын хувьд энэ чиглэлээр тодорхой хэмжээний судалгаа шинжилгээний байгууллага байгуулж эрчим хүчээ яаж урагшлуулахаар оролдлого хийж байна. Гэвч эрчим хүчийг төлөвлөх ёстой, хэрэглээний судалгааг хийх ёстой байгууллага нь улсын төсвөөс санхүүждэггүй. Иймээс тухайн улс орны хөгжлийг тодорхойлох хэмжээний судалгааг сар бүр хийх боломжгүй. Ер нь дэлхийн улс орнууд эрчим хүчний чиглэлээ аж үйлдвэр эдийн засгийн салбартай хамааруулж авч үзээд тухайн салбартаа тохирсон байдлаар эх үүсвэрүүдийг төлөвлөж, тухайн эх үүсвэрүүд нь төлөвлөсөн хугацаандаа орох ёстойг нарийвчлан заасан хууль эрхзүйн орчноо илүү боловсронгуй болгосон байдаг. Манай улсын хувьд аль ч төрлийн эрчим хүчний нөөц ихтэй. Уламжлалт нүүрс, түлш шатаах, сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй. Сүүлийн үед яригдах болсон ураны нөөц, атомын энергийн нөөц, дэлхийн нийтээр сүүлийн үед бүр их яригдаж буй ус төрөгчийн эрчим хүчний технологийг хүртэл бид хөгжүүлэх бүрэн боломжтой улсын тоонд орсон. Манай улсын дотоодын эрчим хүчний хэрэглээ дэлхийн бусад улс оронтой харьцуулахад хүн ам, аж үйлдвэржсэн байдлаасаа шалтгаалдаг уу, харьцангуй бага. Энэ асуудлыг богино хугацаанд шийдэж болох байх.
ХОЙШЛУУЛАХ ХУГАЦАА АЛГА
– Бид одоо л эрчим хүчний реформыг зоригтой хийх тухай дуугарч эхэллээ. Ерөөсөө эрчим хүчний салбарын “реформ” бол маш олон хүчин зүйлийг оролцуулсан, өргөн хүрээг хамарсан цогц бодлого, шийдэл байх ёстой. Үнийг нэмэгдүүлэх нь реформ болж чадах уу. Иргэдийн хувьд эрчим хүчний реформ, лебералчлалаас илүү тог цахилгааны үнэ дээр л төвлөрч байх шиг?
– 2000 оноос хойш бид яг л энэ байдлаас болж, ард иргэд яах бол, дөрвөн жилийн дараа сонгогдох болов уу гэх улс төрчдийн шийдвэрээс болоод эрчим хүчний салбараа бодит өртгөөр нь үйлдвэрлэсэн эрчим хүчээ нийлүүлж чадахгүй байх хэмжээнд авчраад энэ нь цаашлаад үргэлжлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн гэж миний хувьд хардаг. Тодорхой хэмжээнд бодит өртөгтөө шингэсэн үнэ тарифтай байх нь зах зээлийн зарчмаар байх л ёстой. Үнэхээр үүнийг даваад гарах хэмжээний иргэд, аж ахуйн нэгж байгаа. Үүн дээр тухайн нөхцөл байдлаа үнэлж шийдвэр гаргагчид шийдвэрээ гаргах байх. Цахилгаан хэрэглээнд нь тохирсон байдлаар юм уу, орлогын эх үүсвэрт нь тохирсон байдлаар ч юм уу иргэд аж ахуйн нэгжийг ангилж эрчим хүчний тарифын өөрчлөлтөө шууд биш аажмаар өсгөх замаар бодит өртөгт хүргэх нь өнөөгийн нийгэмд тулгарч буй хамгийн эхний шийдвэрлэх зам болов уу гэж харж байна.
– Одоо л улс төрийн зориг гаргах хэрэгтэй байна уу?
– Хэрэгтэй. Одоо л зориг гаргах нэн шаардлагатай цаг хугацаа нь ирсэн. Засгаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, арга хэмжээ реформ гэсэн энэ үйл ажиллагаануудыг хараад байхад ерөнхий байдлаар бид зайлшгүй энэ асуудлуудаа хэрэгжүүлэх цаг нь болжээ. Хойшлуулах хугацаа алга гэдгийг өнгөрсөн аравдугаар сарын 29-нд болсон хэлэлцүүлгээс харж байлаа. Энэ байдал яах аргагүй үнэн.
– Бид эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд цахилгаан станцуудаа хөдөлгөх ёстой. Ингэж ярьсаар олон жил ярьсаар ирж байна. 2025 оны төсөвт ч бас энэ салбарт хөрөнгө оруулахад анхаарч байна. Нөгөө талд, таны хэлсэнчлэн Хятадууд нүүрсний эх үүсвэртэй цахилгаан станцын төслүүдийг санхүүжүүлэхгүй гэдгийг дурдсан нь эрсдэл үүсгэж байна гэж харлаа?
– Дэлхийн бусад улс орнууд эрчим хүчээ хэрхэн төлөвлөж буй талаар дээр би ярилаа. Манай улсад хэрэгжихээр тусгасан төсөл хөтөлбөрүүд ажил хэрэг болохгүй байгаа нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгт, улс төрийн томоохон шалтгаан байна гэж судлаачийн зүгээс хардаг.
Хоёрт, бид төлөвлөлтгүй явж ирсний гор нь гарч байгаа байхгүй юу. Үнэхээр тухайн ондоо ирээдүйд хэрэгжүүлэх эрчим хүчний эх үүсвэрийг төлөвлөхдөө нарийн тусгаж хуульчлаагүй нь гай юм уу.
Хэрэв бид тухайн ондоо зайлшгүй хэрэгжүүлэхээр нарийн төлөвлөж хуульчилж чадвал хэрэгжихээр төслүүд байгаа юм. Бидний жишээ авах дуртай Япон, Австрали зэрэг улс орны эрчим хүчний салбарын төлөвлөлт хэрхэн явдаг вэ гэвэл тухайн онд төлөвлөгдсөн ажлууд, ирээдүйд хийхээр төлөвлөгдсөн ажлууд нь зайлшгүй ажил хэрэг болох шугамаар хуульчлагдсан. Энэ хуулийг тухайн улс орны шийдвэр гаргаж буй эрх бүхий хүмүүс нь дагах үүрэгтэй. Үүнийхээ төлөө ажилладаг гэсэн үг. Гэтэл манай улс нэг ажил төлөвлөж, төсөл хөтөлбөр төлөвлөлөө гэж бодоход тухайн ажлаа хэрэгжүүлж урагшлуулах нь эхний шатандаа хөрөнгө санхүүгээс болдог. Хоёрт, улс төрийн шалтгаан. Засгийн газрынх нь насжилт богино, олон нөхцөл байдлаас үүдэн төлөвлөсөн ажлууд урагшлахгүй байгаа нь харагдаж байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГЭЭР ГАДНЫ ХАРААТ БУС БОЛСНЫ ДАРАА ЭДИЙН ЗАСАГТ ӨГӨӨЖТЭЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
– Эрчим хүчний салбарт маш олон асуудал бий. Тэгвэл ойрын хугацаанд энэ хямралаас гарах боломж хэр байна вэ?
– Улсын хэмжээнд хэрэгжиж төсөл хөтөлбөрүүд энэ бодлогууд богино хугацааны үр нөлөөгөөрөө эрчим хүчээ бид дотоодоосоо хангачих, ямар нэгэн байдлаар салбар маань алдагдалгүй ажиллах боломжтой ийм нөөц бололцоо ойрын хугацаанд харагдаж байна. Энэ боломжоо хангалаа гэхэд бид ирээдүйд эрчим хүчээ экспортлох юм уу, шаардлагатай байгаа улс орнуудад 2030 гэхэд дэлхийн эрчим хүчний чиг хандлага хаашаа байна вэ гэх судалгаа харахад Зүүн Өмнөд Ази, Энэтхэг, Хятад руу ихэвчлэн төвлөрч байна. Өмнөд хөрс Хятад 14,5 жилийн төлөвлөгөөндөө хөрш зэргэлдээ улс орнуудаасаа эрчим хүч худалдаж авах бодлого тусгасан байгаа.
Бид дотоодынхоо эрчим хүчний хэрэглээг өөрсдөө хангаж чадахгүй хэмжээнд ийм байдалтай байх нь өрөвдөлтэй асуудал. Харин дотоодоосоо эрчим хүчээ 100 хувь шийдэж гадны хараат биш болсон хойно эрчим хүчээ экспортолж үүгээрээ эдийн засагт тус нэмэр болохоор төсөл хөтөлбөр хэрэжгүүлэх бүрэн боломжтой гэж харж байна.
-Уг нь 2015 оны төрөөс эрчим хүчний бодлогын баримт бичгийн гол агуулга нь дотоодоосоо эрчим хүчээ хангах байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл манай улс эрчим хүчнийхий 20 гаруй хувийг хоёр хөршөөсөө импортолж байна шүү дээ?
-Таны ярьж байгаагаар манай эрчим хүчний салбар 2015 онд бодлогын баримт бичгээ шинэчилж гаргаад мөрдөж байсан. Дээр дурдсанчлан “Алсын хараа 2050” бодлогын бичиг баримт батлагдснаас шалтгаалж улсын хэмжээнд 18-19 хэмжээний бодлогын баримт бичиг хүчингүй болсны нэг нь 2015 оны бодлогын баримт бичиг. Улсын хэмжээнд олон салбарын бодлогын баримт бичиг хүчингүй боллоо. Үүнийг дагаад эрчим хүчний салбарын бодлогоо аж үйлдвэрийн салбарын бодлоготой уялдуулж улс орныг дараагийн түвшинд хүргэх ирэх 10, 20 жилийн төлөвлөлтийг хийгээд явах алтан үе дээрээ байна. Үүнийг боломж гэж харж байна.
–Хоёр хөршөөс импортолж буй 20 гаруй хувийг нь хоёр хөршөөсөө импортолж байна. Бид энэ хэрэгцээг хангах боломж бий юу. Та яриандаа Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг дурдсан нь анхаарал татсан. Үүн шиг нөөц боломж хэр байгаа юм ?
-Боломж нөөц байгааг Бөөрөлжүүтийн цахилгаан станц харууллаа шүү дээ. Бөөрөлжүүлийн цахилгаан станцын хөрөнгө босгох үйл ажиллагаа нь гол хөрөнгө оруулагч Хятадын тал нүүрсний станцад хөрөнгө оруулахгүй гэдгээ зарласан үед нийслэлээс хөрөнгө босгох замаар цахилгаан станцыг урагшлуулахаар ажил хэрэг болгож байна. Зөвхөн эрчим хүч биш үүнийг дагаад улс орны эдийн засаг аж үйлдвэр зэрэг эдийн засгийн асуудал байгаа учраас дээр дурьдсанаар аль аль салбарууд нь холбоотой хөгжиж байж төлөвлөлтөө хийж явах гээд байна шүү дээ. Яг л холбоотой хөгжиж буй зарчмаар мөн холбоотойгоор хөрөнгө босгох хөрөнгийн асуудлаа харилцан бие биедээ холбоотойгоор шийдэх маягаар. Хоёрт, хуульчилсан байдлаар тухайн эрчим хүчний эх үүсвэрийг төлөвлөлөө гэж бодоход зайлшгүй хэрэгжсэн байдлаар ийм маягаар явахгүй бол боломж тун бага харагдаад байгаа юм.
Эх сурвалж: Ubn.mn