Соёлын өвийн тухай мэдлэг олгох сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөөндөө баримтат өвийн бүртгэлийн нэгдсэн системийн үйл ажиллагааг шинэчилж, иргэн, сүм хийдийн өмчлөл эзэмшилд байгаа баримтат өвийг бүртгэлд хамруулах тухай зорилтыг тусгасан. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд “Нийслэлийн бүртгэл, мэдээллийн санг нийслэлийн Засаг даргын дэргэдэх соёлын асуудал хариуцсан нэгжид бүрдүүлж, хадгална” гэж заасан нь бий.
Иймд нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны анхан шатны нэгжийн 765 албан хаагчийг чадавхжуулах “Монгол Улсын баримтат өвийн бүртгэл мэдээллийн нэгдсэн жагсаалтад баримтат өвийг бүртгэх аргачлал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар “Соёлын өвийн тухай үндсэн ойлголт”, “Монгол Улсын үндэсний баримтат өвийн бүртгэлд дурсгалыг бүртгэх аргачлал”, “Монголчуудын ном судар бүтээж ирсэн түүхэн уламжлал”, “ЮНЕСКО-ийн Олон Улсын “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн үйл ажиллагаа”, “Баримтат өвийг хамгаалах бодлого ба хэрэгжилт” зэрэг сэдвээр салбар салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд илтгэл тавьж, мэдлэг олгов.
Тус сургалтыг Соёлын яам, Юнескогийн Монголын үндэсний комисс, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний төв номын сан, Нийслэлийн Соёлын төв өргөө, СУИС хамтран зохион байгуулсан юм.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР